Манай Төр зах зээлд хяналлт тавьж эхэллээ. Бизнесийн ертөнцийг татварын хатуу дарамтаар "агшаах” бодлого зарлаж, төсвийн бүрдүүлэлтээ татвар бас дахин татвар гэсэн сэрүүн аргачлал дээр суурилж зангидсан. Яг юу гээчийн гайхамшгуудыг хийх гээд байгаа нь тодорхой биш том том мөнгө тавьж орж ирээд л хүч түрээд батлуулчихсан.

 

Төсвийн хэлэлцүүлгийн амин сүнс болох төсвийн ил тод байдал энэ тэрийн тухайд сануулаад ч нэмэр байгаагүй. Дотоодын татвар төлөгчид рүүгээ жавар сэнгэнүүлсэн, гадаадын хөрөнгө оруулагч руу болохоор “Улс төрийн тогтвортой байдал” амласан түгшүүртэй амлалт илгээсэн ийм л бодлого явах нь. Ерөөс Монголын Төр үндэсний татвар төлөгчдийг шахаж дарамталж мөнгө босгоод түүгээрээ улс төр дэх байр сууриа бэхжүүдэг л аргачлалтай.

 

Ирэх дөрвөн жилд ч энэ байр байдалд онцын өөрчлөлт гаргахгүй нь тодорхой боллоо. Тунгалаг төр, сайн засаглал гэх нэр томъёонууд улам л биднээс алсарсаар. Урвалт шарвалт, увайгүй наймаа панзыг улам цэцэглүүлсэн үнэт зүйлгүй улс төр эрх баригчдын төвшинд нутагшиж байна. Энэ бол улс төрийн хүчнүүд улам л задарсаар, хүч нь сульдсаар байгаагийн илрэл.

 

Намуудын зүгээс улс орныхоо тулгуур бодлогуудыг тойрсон томоохон хэлэлцүүлэг, тодорхой байр суурь харах ч хэрэггүй болов. Тэдний амнаас зүгээр л явган хэрүүл унаж байдаг болсон. Том том улстөрчдийн зүгээс ирдэг нийгэмд цочроо өгсөн, шуугиан тарьсан, гэрэл гэгээ дагуулсан, нэгдэл нягтрал дуудсан хүчирхэг дуу хоолой сонсогдохоо болив. Намуудын дарга нар нь гэхэд нэг төвшний, дундаас дөнгөн данган дээгүүр улстөрчид ажиллаж байна.

 

Тэдний хэн нь ч хэнээсээ илүүрхэх юмгүй аж. Ийм нөхцөлд дундаж эгнээнийхэн гаарч, хоёр гуравдугаар зэрэглэлийн шалихгүй улстөрчид хувийн эрх ашгаа барьж гүйсээр таардаг юм байна. Энэ тохиолдолд доогуур газар авч байгаа ёс суртахууны уналт уруудалтуудыг тооцох бололцоо алдагддаг аж. Үнэндээ Ерөнхийлөгчийн институциэс өөр цул аппарат алга байна. Засгийн газрын төрх, тэр... парламентын царай энэ.

 

Одоо он гартал өөрсөддөө бодож олсон, өөр хоорондоо тохирч наймаалцсан баахан шагналын давалгаа давалгаална. Өөр бидний амьдралд шинэ сонин юм байхгүй. Нийгмийн амьдрал маань ийн үнэ цэнэгүй болжээ. Тэгэхээр нийгмийн амьдралаа үнэ цэнэгүй болгох бодлого дээрээс удирдлагатай болж хувирсан гэхэд хилсдэх юм алга. Ийм л байна даа.

 

Манай төр шатахуун, мах, гурилын үнийг тогтворжуулах хөтөлбөр гэж зүйл гаргалаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд гурилын үйлдвэрүүдтэй санамж бичиг зурж төв банкнаас хөнгөлттэй зээл болох 61 тэрбум төгрөг тарааж байгаа. Уулзаад асууж тодруулахаар бүгд л энэхүү санамж бичгийг таашаахгүй байгаа маягийн юм ярих. Тэгсэн атлаа эсэргүүцэхгүй. Ганцхан “Алтан тариа”-н захирал П.Цэнгүүн татгалзжээ.

 

Тэр энэхүү байр сууриа нийгэмд хандан тайлбарлалаа. Энэ бол шинэ жишиг. Шинэ жишгийг хүлээж авах байтугай, хуучин жишгээ янз бүр болоход үгүйлэхээ байж дээ бид. Бизнесийнхэн бол Төр л хөндлөнгөөс ажил руу нь орж хутгалдаад байхгүй бол баргийн юм руу ордоггүй, тэр бүр гарч ирж байр сууриа илэрхийлдэггүй улс. “Алтан тариа” компани ингэхэд ямар болзлоос татгалзчихав, юун санамж бичигт нь нэгдсэнгүй вэ гэдгийг уншигчдадаа тайлбарлая.

 

Төр тодорхой бүтээгдэхүүнүүд дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулахаар болжээ. Тодорхой бүтээгдэхүүн гэдэг нь шатахуун, гурил, мах гурав. Энэ төрлийн бизнес эрхлэгчдэд төрөөс давуу эрхтэй бага хүүтэй зээл олгох найрсаг хөтөлбөр санал болгож байна гэсэн үг. Төрийн зүгээс явуулж буй энэ бодлого гаднаасаа хэрэглэгчдийг бодсон хүмүүнлэг бодлого мэт харагдавч үнэн хэрэг дээрээ зах зээлд хяналт тавих гэсэн л хэрэг юм.

 

Мэдээж бизнес эрхлэгчид энэ хавхыг сайн ойлгож байгаа. Гэвч манайхан ядуу байна. Мөнгөөр даллаж байгаа учраас гүйгээд л орно. Харин тэрхүү 61 тэрбум төгрөгийн “халамж”-аас ганцхан гурилын үйлдвэр татгалзжээ. Тэр бол “Алтан тариа”. Ноён П.Цэнгүүн бусад компаниудаас давуу эрх эдэлж төрийн аливаа татаас,  урамшуулал, хөнгөлттэй зээл гэх мэтээр хэлбэржсэн татвар төлөгчдийн мөнгөнөөс халааслах сонирхолгүй байгаагаа илэрхийлэв.

 

Тэр бүү хэл иймэрхүү ёс зүйгүй үйлдлийн эсрэг зарчим баримталдаг гэдгээ хэлж “пээдийв”. Зах зээл дахь барааны үнийг хэн нэгэн нь тогтоодгоо болиод уг нь 20 гаруй жил болж байна. Чөлөөт зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийн голдирлыг Төр биш тухайн зах зээл өөрөө зохицуулдаг. Манайд л Төр хувийн хэвшлийнхнийг улс төрлүү чангааж, улаан ногоон гэрлийн компануудыг бий болгон ангилж ялгаварлан, энэ салбарын хөгжлийн жам ёсны урсгалд саад тотгор учруулдаг.

 

Заримыг нь энгэртээ тэврэн, бүхий л шударга бус орлогоор тэтгэж, тендер, лицензээр урамшуулж, заримыг нь хялайж байдаг. Ийм Төр ганцхан Монголд л бий. Одоо бизнесийн салбар улс төрөөс салан тусгаарлахын төлөө тэмцэж эхэлжээ. Тэд өөрсдийн завийг тунгалаг голоор урсуулахыг хүсэмжилж байна. Түүний нэгэн тод илрэл “Алтан тариа”-н П.Цэнгүүний гаргаж тавьж буй амбиц юм.

 

Тэр элдэв лоббистуудын тусламжаар төрийн халамж хүртэн давуу эрх эдлэх бус ижил нөхцөлтэй зах зээлд шударгаар өрсөлдөхийг чухалчилж байгаагаа илэрхийлж тэмцэв. Аливаа бараа үйлчилгээний үнийг төр, засгаас тогтворжуулах нэрээр барих оролдлого хийнэ гэдэг өөрөө чадан ядан алхалж ирсэн чөлөөт зах зээлийн зарчмаа эргээд сөрж байна гэсэн үг.

 

Миний бие одоогоос хэдэн сарын өмнө “Буцаж урсана” хэмээх нэгэн нийтлэл бичсэн. Одоо ер нь бид хаачих гээд байгаа юм. Буцаад урсах уу. Ертөнцөд ийм юм байдаг юм уу. Олж авсан бүх юмаа нураая. Ахиад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руу оръё. Өөрийн эрхгүй ингэж асуумаар болж байна. Урьд нь Засгийн газар нефть импортлогчидтой урьж уулзаад, харилцан зөвшилцөж тодорхой тохироо хийгээд явдаг байсан.

 

Чөлөөт зах зээлийн нийгэмд тулгалт, хатуу гараар тусгай салбаруудыг хяхаж хавчих оролдлого явуулах бололцоо өөрөө байдаггүй. Энэ нийгмийн хэл нь өөр.  Санал болгох, зөвшилцөх, ойлгоцох гэх мэт өөрийн гэсэн гоо зүйтэй “хэл” үйлчилдэг. Манайхан ерөөсөө Магнайдаад л байхаар шийджээ. Тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн зохицуулалтыг Төр гартаа аваад л эхлэх юм бол зах зээл тэр чигээрээ Төрийн хяналтад орно гэсэн үг.

 

Төр тэр чигээрээ бидний хувийн амьдралын дарга болно гэсэн үг. Одоо бараг сонгуульд саналаа өгөхгүй бол төрийн албанд ажилд авахгүй энэ тэр гээд эхлэсэн байх шүү. Мөдхөн нөхөргүй юм уу, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэй их хуралд нэр дэвшихгүй гээд хуульчилчихаж ч мэднэ. Хяналт шалгалт, үйлдвэрчний эвлэл гэх мэт хуучин нэр томъёонууд өндөлзөж эхэлсэн.

 

Нэртэйгээр нь Төрийн хянан шалгах хороо, эвлэлийн төв хороо энэ тэрээ эргээд байгуулчихвал яасан юм гэмээр зарим үед санагдана. Нийгэмд дур зорго хэтийдэж буй нь үнэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн ташуур, өргөдөл матаас, шорон орон дэлгэрүүлснээр цэгцэрдэг эд биш. Дээрээ сайн засаглал тогтож байж дороо зөв хөрс суурь батжина. Төр бол зүгээр л менежер.

 

Гэхдээ тийм ч сайн менежер биш гэдэг нь батлагдсан. Тийм болохоор хорин хэдэн жил шударга өрсөлдөөнөөр амьдралаа тодорхойлуулж явж ирсэн миний амьдралд хөндлөнгөөс хутгалдаж, зарах хуушуурын маань үнийг Төр заагаад эхлэвэл би тэсвэрлэхгүй. Төр ингэж алгуурхнаар амьдралыг минь хяналтандаа авахыг зөвшөөрөхгүй. Бид ийм хэмжээний эрх чөлөөлөг иргэн болжээ.

 

Бас миний энэхүү эрх чөлөө Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө юм. Төр бусдын хувийн өмч руу халдаад, зах зээлийн жам ёсны амьдрал руу ороод эхлэвэл юм буруудаж уруудахын л эхлэл. НИК-ийг торгочихжээ, ахиад алаад өг гэж байгаа нэг ч бизнесмен тааралдахгүй байна. Тэрэн шиг П.Цэнгүүн юу гэж сагсуураад байгаа юм.

 

Тэр авахгүй л биз, бид авна гэж шууд хашгирч байгаа бизнесмен алга. Энэ юуг хэлж байна вэ. Энэ чинь эрхбиш бид өөр нийгэмд амьдарч байна шүү дээ гэдгийг л хэлж байна бус уу.

Өөр нийгэмд....


Сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг

Эх сурвалж:  "Бизнес таймс"