sonin.mn

Нийслэлийн хэмжээнд 2025 онд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад орууллаа.


Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна. Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден” хотхоны хажуугаар Туул голтой холбогдох хэсэгт 2 км урт хөрсний усны шугамыг шинэчилж дууслаа.


Сэлбэ гол орчимд хойд зуслангийн бүсийг үерийн эрсдэлээс сэргийлэх, хуурайшилт, тоосжилтыг багасгах байгаль орчинд чухал нөлөөтэй 1.3 сая шоо метр ус хуримтлуулах таван шатлалт усан сангийн ажлыг өнгөрсөн онд эхлүүлж, ухлагийн ажил өвлийн улиралд хийсэн. Энэ онд 16 байршилд 19 км урт борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Түүнчлэн 2023 онд үер болсон Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үерийн далан барих ажлыг ирэх онд эхлүүлнэ. Улаанбаатар хотын 1260 гаруй км хатуу хучилттай авто замын ердөө 23.6 хувь нь буюу 300 км авто зам борооны ус зайлуулах шугамтай. Тиймээс борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсрах, засварлах, лаг хагшаасыг цэвэрлэхэд анхаарч ажиллаж байна.