sonin.mn

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өгөв.


Энэ үеэрээ тэрээр: "Монгол Улсад мөнгөний нөөц хангалтгүй байгаа энэ үед нүүрсээрээ хөрөнгө оруулалт хийж, нүүрсээрээ эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх боломжийг бид бас нэг талаас нь бодох хэрэгтэй гэж үзэж байна. Үүний ард хулгай, луйвар байж болохгүй. Тухайлбал, коксон нүүрс болон эрчим хүчний нүүрсний үнэ ялгаатай байдаг. 2022 онд би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байх хугацаандаа хагас коксон нүүрсний үйлдвэрийг Монгол Улсад байгуулах асуудлыг хөндөж байсан.


Хэрэв тухайн үйлдвэр ашиглалтад орсон байсан бол өнгөрсөн жил Х.Нямбаатар даргын ярьж байсан 200 гаруй тэрбум төгрөгийн хагас коксон нүүрсийг Хятадаас авах шаардлагагүй байх байсан.


Багануурын бүсэд энэ ажил тодорхой хэмжээнд хэрэгжиж байсан боловч тухайн үйлдвэрийг зогсоосон байдаг. Мөн 2021 онд “Даян дэлхийн метан хийн амлалт”-ын хүрээнд олон улсын Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц гарсан. Үүнтэй холбоотойгоор 2030 оноос хойш байгалийн хий, чулуун нүүрс, газрын тос зэрэг эрчим хүчний уламжлалт эх үүсвэрүүд дэлхийн эдийн засгаас аажмаар шахагдах хандлагатай байна. Тиймээс бид цаашид хэрхэн хөгжих вэ гэдэгт эдийн засагчид, Засгийн газар, Улсын Их Хурал бүгд тодорхой хариулттай байх ёстой. Энэ чиглэлийн хариултыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас өгөх шаардлагатай.


“Бодь” болон оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай асуудал одоогоор албан ёсоор шийдэгдээгүй байна. Ер нь аливаа асуудлыг заавал нууцлах шаардлага байхгүй.


Оффтейк гэрээний асуудал яригдаж буй шалтгаан нь өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд тодорхой хэмжээний зөрчил, хулгайн шинжтэй асуудал гарсан байж болзошгүй гэж үзэж байгаатай холбоотой.


Гэхдээ аливаа асуудалд туйлширч хандах нь буруу. Оффтейк гэрээг бүхэлд нь хулгай гэж үзэж болохгүй, харин Монгол Улсад ямар ашигтай байгааг нь үнэлж харах хэрэгтэй. Улс төрчид заримдаа байгаль орчны болон эдийн засгийн хангалттай мэдлэггүй атлаа асуудлыг хэт нэг талаас нь дүгнэж, “болохгүй” гэж мэдэгдэл хийх нь өөрөө асуудал дагуулж байна. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн үг, судалгаа, дүгнэлтийг илүү анхаарч сонсох шаардлагатай гэж үзэж байна." гэлээ.


Б.Төгсбаясгалан