Дэлхийн банк Олон улсын валютын сан (ОУВС) ингэж үзэж байна. Дээрх хоёр байгууллага хамтарч улс орнуудын өрийн тогтвортой байдлыг шинжилж үздэг. Саяхан манай улсын Засгийн газрын өрийн судалгааг гаргажээ. Түүгээр манай улсын гадаад өр ДНБ-ний 51 хувьтай тэнцжээ.

 

Дэлхийн банк болон ОУВС өрийн шинжилгээг гаргахдаа манай Засгийн газар болон Хөгжлийн банкны олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалсан бондыг оруулж тооцсон байна. Учир нь Хөгжлийн банкнаас гаргасан 600 сая ам.долларын бонд Засгийн газрын баталгаатайгаар олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдсан тул манай улсын Засгийн газрын төлөх ёстой өрийн тоонд орж байгаа юм байна.

 

Энэ болзошгүй өрийг оруулж тооцсон болохоор манай улсын гадаад өрийн хэмжээ ийнхүү ДНБ-нийхээ тал хувьтай тэнцэжээ. Засгийн газар улс орны эдийн засагт түлхэц өгөх томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр олон улсын хөрөнгийн зах зээлд таван тэрбум ам.долларын бонд гаргана гэж төлөвлөсөн.

 

Үүний эхний ээлжийн 1.5 тэрбум ам.долларын бондыг Засгийн газар өнгөрсөн оны сүүлийн хоёр дахь сард олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжаалсан. Энэхүү 1.5 тэрбум ам.долларыг Засгийн газрын төлөх ёстой гадаад өрөн дээр нэмж тооцвол манай улсын гадаад өр ДНБ-ний 70 хувьд хүрнэ.

 

Харин үлдсэн 3,5 тэрбум ам.долларын "Чингис" бондыг ирэх жилүүдэд амжилттай арилжаалбал манай улсын гадаад өр ДНБ-ний 100 хувь давах тооцоог АХБ-ны эдийн засагчид хэлж байна. Аливаа нэг улсын өр ДНБ-ний 40 хувиас давбал эрсдэлтэй бүлэгт тооцогдож ордог. Тэгвэл манай улсын өрийн хэмжээг олон улсын санхүүгийн байгууллагууд юу гэж дүгнэж байна вэ. Энэ талаар АХБ-ны ахлах эдийн засагч Яан Хайсэнаас тодруулахад:



-Монгол Улсын хувьд гадаадаас зээлсэн өрөө төлж чадахгүйд хүрэх санхүүгийн эрсдэл одоохондоо алга байна. Ингэж илтгэлтэй хэлэх шалтгаан гэвэл Монгол Улсын эдийн засаг ирээдүйд өсөх хандлагатай байгаа. Уул уурхайн салбар ч тэр. Тийм болохоор эдийн засгийн өсөлтийг тооцдог ДНБ-ний праметр нь өсч байгаа. Ийм тул эрсдэл бага байна.

 

Мөн үүн дээр энэ оноос Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхэлж байгаа болохоор бас хяналттай байна гэсэн үг. Үүнээс гадна бас Хөгжлийн банкны бонд гаргах дээд хязгаарыг тогтоож өгсөн. Дээд хязгаараар тус банк жилдээ 500 сая ам.доллараас хэтрэхгүй байна гэсэн бодлого байгаа. Тэгэхээр байдал хурцдаж хүндрэхээргүй байхаар харагдаж байна.

 

Өнөөдрийн байдлаас дордохгүй гэсэн төсөөлөлтэй байна гэжээ. Евро бүсэд үүсээд байгаа эдийн засгийн хямрал гадаад улсаас авсан их хэмжээний өр, түүнийгээ зөв зарцуулаагүйгээс үүдэлтэй Тэгвэл Монгол Улсын хувьд эдийн засгаасаа давсан өр тавиагүй болохоор харьцангуй эрсдэл бага байгааг бусад эдийн засагчид мөн хэлж байна.


Б. Долгор

Эх сурвалж: “Бизнес таймс”