sonin.mn

Энэ сарын эхнээс хэрэгжиж буй Хүнсний тухай хуульд хувь хүн гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон. Ингэснээр хоёр хөршөөсөө хувиараа хүнс оруулж ирж борлуулдаг худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаа нэг ёсондоо зогсож байгаа юм. Үүнд тэд сэтгэл дундуур байна.

 

Энэ талаар манай сурвалжлагч хүнсний "Барс" болон "Далай ээж" захаар орж зарим хүнээс тодруулсан юм. Зах дээр очиход үйлчлүүлэгч багатай, түрээсийн худалдаачин лангуугаа "сахин" суух бөгөөд хэд хэдэн лангуу цэлийснийг харахад Хүнсний хууль Тамхиныхаасаа дутахгүй биелж буй мэт байлаа.



-Хэрэгжиж эхэлж буй хуулийн талаар мэдээлэл хэр сайн авсан бэ?

Жимс борлуулагч О.Отгонцэцэг: -Хүнээс л сонссон. Сайн ойлголт аваагүй гэж хэлж болно. Ийм хуүль гарлаа гэж манай захаас юм дуулдаагүй.



-Танайх жимсээ хувиараа оруулж ирдэг уу? Хаанаас авдаг вэ?

-Манайх ихэнх жимсээ хувиараа урдаас оруулж ирдэг. Хойноос ч ирэх нь бий. Худалдааны "Бөмбөгөр" төв болон хүнсний зарим дэлгүүрт бөөнддөг.



-Хуулиар аж ахуйн нэгж байгууллага хүнсний бүтээгдэхүүн оруулж ирнэ гэж заасан талаар ямар саналтай байна вэ?

-Төр засгийнхан жижиг дунд бизнесийг дэмжинэ гэдэг. Хэлэх амархан. Гэтэл хуулиар бол том компаниуд биднийг шахаж зах зээл эзлэх гэсэн бодлого яваад байна. Үүн дээр анхаараад уян хатан бодлого явуулаасай гэж хэлэх байна. Гол нь хуульд хяналт шалгалтаа сайжруулахыг зааж өгөх ёстой санагдана.

 

Хил, гаалийн хяналт шалгалтыг найдвартай тувшинд аваачихгүйгээр мянган хууль гаргаад нэмэргүй, нөгөө л хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн орж ирсэн хэвээр л байх болно.



-Хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор ямар хүндрэл бэрхшээл гарч байна вэ?

Хүнсний тасгийн борлуулагч Г.Бямбаа: -Саад бэрхшээл их гарч байна. Ялангуяа тамхин дээр. Манайх тамхины лангуу ажиллуулдаг байсан. Гэтэл хууль гарснаар борлуулалт эрс муудсан. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам муудаж байна.  Тамхи зарж амьдралаа авч явдаг хүн цөөнгүй байдаг байсан. Албаны хүмүүс амьдрал ямар байгааг ямар мэдэх биш дээ...



-Хүнсэн дээр аж ахуйн нэгж байгууллага хүнсний бүтээгдэхүүн оруулж ирнэ гэж заасан байгаа?

-Компаниуд  хүнсний бүтээгдэхүүнээ их хэмжээгээр оруулж ирээд эхэндээ өндөр үнээр зарж байгаад хугацаа нь дуусаад ирэхээр янз бүрийн аргаар хямдхан шахаж борлуулдаг. Гэтэл хувийн бид нар 2-3 вагон оруулж түүнийгээ хурдан эргүүлэх гэж хамаагүй хямд үнээр борлуулдаг.



-Хувиараа хүнс оруулж ирдэг худалдаачид та нар нэгдээд нэг жижиг ч атугай аж ахуйн нэгж байгуулж болохгуй юу?

Худалдаа эрхлэгч С.Даваажаргал: -Тус тусдаа, өөрийнхөө хэмжээгээр, өөр өөр хүнс оруулж ирдэг хүмүүс нийлэх нь хаашаа юм. Сайн мэдэхгүй байна. Тэгээд ч аж ахуйн нэгж байгуулна гэдэг дахиад л зөвшөөрөл, төлбөр хураамж энэ тэр гээд явах байх. Уг нь бид өөрийн гэсэн худалдан авагч, зах зээлтэй, амьжиргаагаа залгуулж болоод л байсан юм. Одоо яая гэхэв дээ.


Ийнхүү хуулийн золиосонд бор зүрхээрээ олон жил халуунд халж, хүйтэнд хөрч явсан бидний мэтийн жижиг худалдаачдын хөлс хөдөлмөр бодитойгоор хохирч. хэсэг бүлэг нөхдийн ашиг сонирхолыг хамгаалсан түрийвч түнтийлгэх арга болж байна хэмээн бухимдсан хүмүүс цөөнгүй байлаа.


Д.Ерөөлт-Од

Эх сурвалж: "Бизнес таймс"