sonin.mn

 

Манай сонин өмнөх дугаартаа "Өрх бүрт нэг гулууз мах оногдох нь..." гэсэн гарчигтайгаар нөөцийн махны худалдааг сурвалжлан нийтэлсэн билээ. Энэ жилийн нөөцийн мах өмнөх жилийн кг нь 3400-3500 төгрөг байсан нөөцийн хямд махны үнэтэй харьцуулахад үнэ өндөр байгаа.
 
 
Гэвч үүнийг эс тооцвол амт шимт, чанар сайн, мөн хаа сайгүй өргөнөөр, түгээмэл худалдаж байгаа зэрэг давуу талууд бий. Энэ бүхэнд иргэдийн ам сайн талдаа байгаа.
 
 
Үүнийгээ улам баталгаажуулах гэж Засгийн газар (ҮХААЯ) дөрөвдүгээр сарын 6-7-ны амралтын өдрүүдэд нөөцийн гулууз махны өргөтгөсөн худалдааг Улаанбаатар хотод дөрвөн газар зохион байгуулж явуулсан юм.
 
 
Гэвч гулууз махны буюу нөөцийн махны өргөтгөсөн худалдаанд захын ченжүүд иргэдтэйгээ хамт оочерлож зогсож байсан, хүнсний "Хүчит шонхор" зах дээр өглөө идэх нөөцийн гулууз мах ачсан 2-3 чингэлэг машины мах тэр дороо дуусч байгаа зэрэг учир дутагдалтай зүйл гарсаар байна.
 
Энэ талаар бид газар дээр нь тодруулсан юм.
 
"Хүчит шонхор" захын хүнсний ногооны худалдаагч С.Оюунцэцэг:
 
-Нөөцийн гулууз мах өглөө ирэнгүүтээ тэр дороо дуусч байгаа нь үнэн. Мэдээж, хар өглөөгүүр иргэд ингэж их ирж, олноор авахгүй шүү дээ. Харсаар байхад махнысченжүүд голцуу хүмүүс худалдан авч байна.
 
 
Энэ жилийн нөөцийн мах чанар сайн байгаа нь үнэн. Ялангуяа хонины гулууз нь намрынхаараа, амт шим сайн байгаа учир ченжүүд худалдаж аваад эвдэж шулаад эргүүлээд зарж байна. Үүнд хараа хяналт сул байна.
 
 
Max бэлтгэсэн компанийн хүмүүс ("Жаст Агро"-гын хүмүүсийг хэлж байв) харж хянадаг боловч өдөр бүр тэгж зогсож чадахгүй байх шиг. Манай захын байцаагч нар уг нь хяналт тавих ёстой ч махны худалдаачид, мах нийлүүлэгч ченжүүдтэй танил болчихсон учир юм хэлдэггүй юм.
 
 
Чингэлтэй дүүргийн 12 хорооны оршин суугч Ж.Нямдаваа:
 
-Манайх "Хүчит шонхор" захтай ойр болохоор энэ хавийнхан нөөцийн махаа эндээс авчихаад байдаг юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон өргөтгөсөн худалдаан дээр захын мах нийлүүлэгч ченжүүд нөөцийн гулууз маханд оочерлоод зогсож байсныг бид харсан.
 
 
Тэгээд тэд нар эргээд иргэд бидэндээ өндөр үнээр худалдаж байна. Ингэх юм бол нөөцийн мах бэлтгэсний хэрэг алга байна шүү дээ... Үүнийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга нарт дуулгах юмсан, дамжуулж өгөөрэй гэсэн юм.
 
 
Байдал 2-3 хүний үзэж харж ярьсанаар зогссонгүй, үүнийг үргэлжлүүлээд хэлэх хүн "Хүчит шонхор" захад олон байлаа. Гэхдээ дийлэнх нь үнэн байдлыг хэлэхээс цэрвэж байсан нь нэг захад нэг дор зогсож худалдаа хийдэг учир тэр бүр хэлж зүрхлэхгүй байв.
 
 
Max нийлүүлэгчид мах бэлтгэгчдийнхээ махыг иргэдтэйгээ хамт оочерлож зогсоод худалдан авч эргүүлээд иргэддээ зарж байгаа бол төр, засаг (үнэ тогтворжуулах нэрээр) татвар төлөгчдийн мөнгөнөөс 87 тэрбум төгрөг гаргаж, хувь хувьсгалын компаниуд зун намаржингаа ажил болон мах бэлтгэхийн нэмэр, хэрэг байна уу гэсэн хардлагыг ийнхүү төрүүлж байгааг холбогдох газруудад уламжилж байна.
 
 
Б.Билгүүн 
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин