Түрээсийн бизнес, түрээслэгчдийн эрх ашгийн асуудлыг хүчтэй ярьж, энэ талаар хууль гаргана гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үздэг. Манай сурвалжлага түүнтэй уулзаж, энэ сэдвээр ярилжэээ.
 
 
-Нийгэмд тулгарч байгаа олон асуудлаас Та чухам яагаад түрээсийн бизнес, түрээслэгчдийн эрх ашгийн тухай асуудлыг барьж авах болов оо?
 
-Хэнд ч анзаарагдахгүй 20 гаран жил явсаар нэг мэдэхэд түрээс нийгмийн хамгийн чухал суурь асуудал болжээ. Түрээслүүлэгчдийн дарамт түрээслэгчдийн тэвчиж чадах хэмжээнээс хэтрэхэд энэ асуудлаа босгож ирсэн байх.
 
 
Тэд түрээсийн хязгааргүй, дураараа, хуульгүй нэмдэг энэ өсөлтийг тэвчсээр л байсан бол энэ асуудал босч ирэхгүй байсан. "Хүчит шонхор" захын түрээслэгчдээс үүдэн түрээсийн асуудлыг жаахан тогтож ажиглавал эдийн засгийн төдийгүй нийгмийн маш том асуудлууд олон жил хуримтлагдсан, хуулийн зохицуулалт сул маш том салбар байна.
 
 
90-ээд онд нийгэм солигдоход үйлдвэрүүд хаагдаж, олон ажилчид ажилгүй болсон, Тэд шууд л ганзагын наймаа, худалдаа, жижиг бизнесийн салбар руу орж түрээсийн харилцааг эхлүүлсэн.
 
 
Зах, дэлгүүр, такси, орон сууц, цайны газар ресторан, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний салбарууд, ер түрээсгүй зүйл, түрээсийн харилцаанд ямар нэг байдлаар өртөөгүй хүн гэж Монголд алга. Гэтэл зохицуулах хууль нь бараг л байхгүйтэй адил юм. Ялангуяа худалдаа үйлчилгээний салбарт.
 
 
Зөвхөн хувийн салбарт ч биш төрд ч бас түрээс томоохон орон зай эзэлж байна. Төрийн өмчөөс хувьд очоогүй маш олон объектыг төр өөрөө түрээсэлж байдаг. Түүний ашиглалт, орлого, зарлагын талаар хэн ч сурагладаггүй, хяналт тавьдаггүй. Энэ бүхнийг цэгцлэх шаардлага зайлшгүй байгаа. 
 
 
-Үйлдвэрлэл бага, урд хойд хөршөөс бараа нийлүүлж амьжиргаагаа залгуулдаг олон зуун хүний хувьд түрээсийн асуудал эмзэг сэдэв нь байсан, одоо ч байсаар байна. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийн хэдэн хувь нь түрээслэгч, тэд жилдээ хэдэн төгрөг түрээсэнд өгдөг, түүний хэдэн хувь нь бодит өртөг гэсэн судалгаа Танд бий юу?
 
-Түрээсийн салбар дахь нөхцөл байдлыг иж бүрнээр нь гарган гэвэл нүсэр том судалгаа хэрэгтэй, төр өөрөө хөрөнгө санхүү, хүн хүчээ гаргаж хийх ажил. Миний бардаг ажил биш л дээ. Хувь түрээслэгчид өөрсдөө эрхэлдэг бизнесийнхээ хүрээнд судалгаа хийсэн байдаг.
 
 
Түүнээс харах юм бол тэдний борлуулдаг бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 50-аас дээш, бүр 80 хувь нь түрээсийн үнэ болж байгаа юм. Түрээсийн үнэ шууд бараа бүтээгдэхүүний үнэд шингэж байгаа.
 
 
Хэрэв бид хуулийн зохицуулалт хийж түрээсийн үнийн хяналт, түрээсийн бодит үнийг бий болгож чадах юм бол бараа бүтээгдэхүүний үнийг төдий хэмжээгээр бууруулах бололцоо гарна гэж үзэж байна.
 
 
-Энэ удаагийн парламент олон эмэгтэй гишүүнтэйгээрээ онцлогтой. Та бүхэн нэгдэж олон ажлуудыг эхлүүлсэн. Таны болон нийт эмэгтэй гишүүдийн тавьж байгаа асуудлууд хэр шийдэгдэж байна. Ер нь эрчүүд тэр бүр олж хараад байдаггүй нийгмийн олон асуудлыг та бүхэн харж гаргаж байгааг дурдах ёстой. Гол нь эдгээрийн шийдэгдэх явц хэр байгаа вэ?
 
-Эмэгтэй гишүүдийн санаачлан хийж байгаа ажлууд нийгмийн талархлыг хүлээж байгаад баяртай, урамтай байгаа. "Тамхины түхай" хууль олон хүнийг амьдралын зөв хэвшилд ороход нь томоохон түлхэц болсон гэж хүмүүс ярьж байна. Тамхи ширхэглэн зардаг, эмэгтэйчүүд голдуу хүмүүс нэлээд эсэргүүцсэн.
 
 
Тэдний гол худалдан авагчид нь сурагчид, насанд хүрээгүй хүүхдүүд байдаг юм билээ. Тэднийг тамхи зарж л болохгүй гэж байгаа, өөр бараа зарж болно шүү дээ. Өсвөр үеэ, хүүхдүүдээ амьдралын хорт зуршлаас салгах чиглэлд томоохон алсын хараатай хууль болсон болов уу гэж бодож байна.
 
 
Одоо "Архины тухай" хуульд анхаарлаа хандуулж байна, хурдны морь маш хямд үнээр унаж эрүүл мэнд амь насаа эрсдэлд оруулаад ямар ч хамгаалалтгүй үлддэг хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг байгуулж хуулийн төсөл боловсруулж байна.
 
 
Мөн Яармагийн 300 ортой Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилга дэд бүтцээсээ шалтгаалаад гацаанд ороод байсан. Засгийн газартай ярьж түүнийг шийдвэрлүүлсэн. Удахгүй нийслэлээс тендерийг нь зарлах байх.
 
 
Ер нь бидний онилсон асуудлууд гайгүй явж байгаа. Ажлынхаа цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд бид саяхнаас нийслэлийн иргэдийн хуралд сонгогдсон эмэгтэй гишүүдтэй хамтарч ажиллахаар болж байгаа.
 
 
-Та бүхний дараагийн онилсон бай, барьж авах гэж байгаа асуудлууд юу байна? Нийтийн тээвэр, такси, эмнэлэг, боловсролын хүртээмжгүй байдал гээд үй олон асуудал байсаар байна. Асуудал байгаа хэрнээ байхгүй юм шиг яваад байгаа салбаруудад эмэгтэй гишүүд Та бүхнийг анхаарал хандуулаасай, тамхины хууль шигээр баталж, өөрчлөөсэй гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна л даа?
 
-Тиймээ, үй олон асуудал өнгөрсөн 20 гаруй жилд хуримтлагдсан. Тэр нь хэтэрхий их болсон л доо. Гэвч бид шантрахгүй захаас нь аваад л хийж эхэлнэ. Энэ 4 жилд эмэгтэйчүүд ямар ажил хийж чадах вэ гэж ажлын хүрээгээ гаргаад ажиллаж байгаа.
 
 
Ямар ч байсан хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулах бол бидний нэг том зорилго. Энэ хүрээнд Яармагийн 300 ортой эмнэлгийн ажлыг нэлээд урагшлуулсан. Ээжүүдийн нийгэмд ямар ч болзолгүйгээр хүлээдэг нэг TOM үүрэг бол Монголын ирээдүйг эрүүл өсгөж зөв хүмүүжүүлэх.
 
 
Үүнийг нь дэмжих бодлогыг улам хүчтэй болгох шаардлага байгаа. Энэ хүрээнд хүүхэдтэй эхчүүдийг дэмжих чиглэлээр бодож санаж байгаа олон зүйл бий.
 
 
-Талх 300, мах 1200 гэх мэтээр ард түмний амьдралыг "дээрээс" дүгнэх явдал шийдвэр гаргагчдын дунд байсаар байна? Эмэгтэй хүний хувьд магадгүй тэдэнтэй харьцуулахад өдөр тутмын үнэ ханшаа мэдэх нь дамжиггүй. Гэхдээ ард түмэн гишүүн Г.Уянгаас илүүтэй ард түмний охиноо үгүйлж байх шиг... Та гишүүн болсноосоо хойш ард түмэн, амьдралын дунд байдаг хэвээрээ юу?
 
-Хувь хүн талаасаа юу ч өөрчлөгдөөгүй, амьдрал маань өмнөхийн адил үргэлжилсээр л байна. Өглөө хүүхдүүдээсээ арайхийн салж санд мэнд гэрээсээ гардаг, өдөржин хүмүүстэй уулздаг, оройдоо гэр рүүгээ утасдаж захиалга аваад зах, дэлгүүр орж хүнс хоолоо цуглуулдаг Уянгаа хэвээрээ л байна.
 
 
Харин хэтэрхий ахуйн асуудал, хүсэлтээ тавих хүмүүс олон юм. Тогны мөнгөө төлүүлэх, замын зардал шийдүүлэх, шалгалтандаа унасан хүүхдээ захиралтай ярьж өг, хүүхдээ ажилд оруулах гээд гуйлт хэт их юмаа. Уянгаагаа яах гэж их хуралд оруулснаа иргэд маань байнга санаж байгаасай гэж уулзахдаа хэлдэг.
 
 
Ядарсан олон түмэндээ хэрэг болох хууль санаачлаасай, батлаасай гэж. Хэт бохирдсон төрийг дотроос нь цэвэрлэж шударга ёсыг тогтоох зарчмаасаа хазайлгүй үнэн үгээ хэлж байгаасай гэж л хамгийн түрүүнд сонголтоо хийсэн байх.
 
 
Энэ ажлаа хийх зав өгөлгүй байнга л тог, хогны мөнгөө төлүүлэх гээд, ахуйн асуудлаа ярьж уулзах гээд байвал хэн хэний маань зорилго хангагдахгүй шүү дээ. Яг ийм асуудалд сонгогчид байнга тавьдаг болохоор л тэрбум төгрөг гишүүдэд өгдөг болсон юм байна, түүний дийлэнхийг нь гишүүд өөрсдөө авчихдаг болчихсон байж.
 
 
Харин одоо түүнийг болиулсан. Энэ бол шударга ёсны төлөө хийсэн ажил гэж бодож байгаа. Түрээсийн асуудал нийт ядарсан иргэдэд маань л хамаатай шүү дээ. Түрээсийн үнийн нэмэгдлийг хазаарлах хуультай болбол нийт бараа бүтээгдэхүүний үнэ буурах бололцоо бүрдэнэ.
 
 
Цалин нэмэгдэхгүй, нэмэгдсэн ч инфляц нь хамаад авчихдаг энэ үед түрээсийн хууль батлагдвал инфляц ч хязгаарлагдана, иргэдийн худалдан авдаг барааны үнэ ч буурна. Энэ бол ард түмний охин нь ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил гэж ойлгож байгаа.
 
 
Одоо бас цагийн хөдөлмөрийн хуулийг санаачлахаар судалгаа хийлгэж, Хөдөлмөрийн яамтай хамтран ажлын хэсэг байгуулахаар сайдтай ярилцаад байна. Энэ мэтээр түмэндээ хэрэгтэй ажил хийнээ.
 
 
-Тантай уулзсаных бид "Амлалт нэхэх ард түмний холбоо"-ны үйл ажиллагааг асуухгүй өнгөрч болохгүй. Нөгөө хувьцаа, үлдсэн сая төгрөгөө авч чадаагүй хүмүүсийн асуудал юу болж байна вэ? Жишээ нь би тэр үед сураад төлбөрөө хийлгэдэг байж гэж харамсаад байгаа шүү.
 
-2008-2012 оны УИХ, эрх барьж байсан МАН болон АН, МАНАН засгийн газрын амласан амлалтыг АНАТХ тэмцэн байж олгуулсан, үүнийг монголчууд мэдэж байгаа, тэгээд ч биднийг сонгосон. УИХ-д ороод хамгийн эхний асуулгыг яг энэ асуудлаар асуусан.
 
 
Эрдэнэс таван толгойн дампуурсан шалтгаан яг энэ юм билээ. Хятад руу Тавантолгойн нүүрсийг маш хямдаар өгнө гэж гэрээ хийгээд урьдчилж мөнгөө аваад тараачихсан. Тэгээд төсөл нь дампуураад одоо нүүрсээ гаргаж чадахаа больчихоод байгаа.
 
 
Өөрөөр хэлбэл, газар нутгаа зарж байгаад л бидэнд мөнгө тараагаад өгсөн. АНАТХ ч анхнаасаа хэлж байсан, бид хоёр зорилготой гэж. Мэдээж амласан мөнгийг өгүүлэх, ингэснээрээ эрх баригчдын бэлэн мөнгө амлаж газар нутгаа, улсаа зардаг зуршлыг арилгах.
 
 
Бид ерөнхийдөө аль аль зорилгоо биелүүлсэн. Одоо гагцхүү зарим нэг энэ амлалтыг нь аваагүй хүмүүс үлдээд байгаа. Энэ талаар Засгийн газрыг маш тодорхой байр сууриа илэрхийл гэж шахна. Ерөнхий сайд өөрөө мэдэгдэл хийх ёстой байх.
 
 
Өгөх юм уу, өгөхгүй юм уу, өгвөл яаж өгөх, өгөхгүй бол яагаад өгөхгүй, хувьцааны асуудлыг яаж цэгцлэх талаар ил тод мэдэгдэл хийж тайлбарла гэж шахалт үзүүлье. Олон хүн энэ мөнгийг яаж өгснийг мэдэж байгаа болохоор авах хэрэггүй гэдэг, бас түүнээс дутуугүй олон хүн иргэдээ ялгаварлалаа, авах ёстой гэдэг.
 
 
Зарим нь бүр авсан мөнгөө буцааж өгье ч гэх юм билээ. Аль нь ч бай, энэ дутуу орхисон ажлаа иргэддээ бүрэн тайлбарлаж ойлгуулах үүргийг Засгийн газар, эрх баригч намын дарга хүлээх ёстой. Би, манай холбоо ийм шахалт үзүүлнэ ээ.
 
 
Эх сурвалж: “Бизнес таймс”