sonin.mn

 

Монгол орон сүүлийн гурван хоног ардчиллаар амьсгалж байгаа. Гэтэл үүний хажуугаар  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороололд газрын маргааны асуудал дэгдээд байна. Асуудал дэгдэж буй эл газар 2005 онд “Суруга монгол” компанийн мэдэлд байсан юм.  
 
 
Анх 2004-2008 онд  Нийс­лэлийн   удирд­лагууд “Суруга Мон­гол” гэх Японы 100 хувийн хөрөнгө оруу­лалттай  компанид   цэ­вэр усны  нөөцтэй зайсан­гийн онгон дагшин газрыг ихээхэн хэмжээний мөнгөөр өгсөн байдаг. 
 
 
Тэнд Монголд байх­гүй,  орчин сайтай С1,С2, С3 хорооллууд бариг­даж байсан юм.  Үүний дараа “Суруга Монгол” компани гоёмсог хийцтэй “Гарден” гэх рестораныг барьж өөрс­дийн оффис болгон ашиглаж байсан. 
 
 
Улмаар дээрх ресторан ашиглалтад орсны дараахан  Япон   захирлыг  нь  хар   тамхи­­ны  хилс  хэрэгт  гүтгэ­сэн ч “Хар тамхи хэрэг­лээгүй” хэмээн суллаж бай­сан юм.  Япон захир­лыг суллагдсаны да­раа тун удал­гүй “Моннис” группийн ерөнхийлөгч  Б.Чулуунбаатар  уг барилгыг худалдан авч байсныг олон хүн гэрчилдэг.
 
 
Ингээд улстөр бизнесийн бүлэглэлийн  дарамт шахал­тад орсон  Япон захирал аргагүй эрхэнд уг барилгаа худалдаж ялгүй мултарсныг олон хүн гэрчилнэ гэдгийг оршин суугчид ч нотлоод байгаа юм. 
 
 
Түүнчлэн одоо асуудал дэгдээд буй уг газрыг манай нөлөө бүхий улстөрч болон төрийн өндөр албан тушаал хашдаг байсан эрхэм өөрийн хүргэн дүүдээ онгон дагшин зэлүүд байсан газрыг өгч байсан юм билээ.   
 
 
Ингээд  хадам ахаасаа авсан эл газраа “Хурд” компанид өндөр  үнээр зарсны хүчинд тус компани 15-22 давхар орон сууц барихаар барилгын ажлаа эхлүүлээд байхад нь оршин суугчид хүчтэй тэмцсэний улмаас өдгөө барилгын ажил түр зогсоод байгаа юм.  
 
 
Анхнаасаа   эрх мэдэлт­нүү­дийн арааны шүлсийг асга­руулсан уг газрыг авсан дээрх нэр бүхий эрхмүүдийг тус байрны иргэд тун удахгүй нэр устайгаар нь олон нийтэд ил болгоно гэж байсан юм.
 
 
Тиймээс улстөрчдийн  хор­­хой­той араанд зуугдсан “Су­руга Монгол” компани олон мянган гэмгүй оршин суугч­дыг хохирооход хүрээд байна.  Хамгийн гол нь  эрх мэдэл­тэнүү­дэд шахагдсан тус компани иргэдийг хохироож анхны зураг төлөвлөлтөө зөрч­сөнд иргэд Хотын захирагч Э.Бат-Үүлд хандснаар барилгын ажлыг зогсоож чадсан юм.
 
 
Оршин суугчдын  хүсч буй ганцхан зүйл нь анх  орон сууц зарахдаа үзүүлж байсан зураг төлөвлөлтийн дагуу намхан байр байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Харин “Суруга Монгол”, “Хурд” компаниуд албан ёсны зөвшөөрөлтэй ба­рилгын ажил эхэлсэн хэмээн мэдэгдээд байна.
 
 
Гэтэл бодит байдал дээр тэдний хэлж буй зүйл нь үнэнд нийцэхгүй байсан тул ор­шин суугчид холбогдох албан тушаалтнуудад хандсанаар ба­рилгын  ажлын зөрчил ду­тагд­лыг илрүүлсэн байна. 
 
 
Тодруулбал МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч цаашид барилга барихыг зогсоох тухай албан шаардлагыг “Хурд” компанид хүргүүлжээ. Тухайлбал барилгын ажил явагдаж байх хугацаанд маш олон зөрчил дутагдал илэрсэн аж.
 
 
Үүнд “Дөрвөн улирлын цэцэрлэг” хорооллын анхны төлөвлөлтийн 2-3 давхар хаусуу­дыг өөрчлөн, өндөр ба­рилга барихаар төлөвлөжээ. Мөн шинээр боловсруулсан хэсэг­чилсэн ерөнхий төлөв­лөгөөг Нийслэлийн ерөнхий төлөв­лө­гөөний газраар бат­луулаагүй, барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг гүйцэтгэж бай­гаа зэрэг нь Барилгын  тухай хуулийн 16.2 ба 16.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэлт нь гарчээ.
 
 
Тиймээс дээрх байдлыг үндэслэн албан ёсоор барилга угсралтын ажлыг зогсооно гэж дурдсан байна. Ямартай ч албаныхан оршин суугчдын саналыг  дэмжиж анх­­наасаа  зураг төлөвлөлтийн да­гуу барилгын ажил явагдаагүй байна гэдгийг батлаад өгч байгаа юм.
 
 
Өчигдөр оршин суугчид хүсэлт тавьсны дагуу барилгын компанийн удирдлагууд ирж уулзсан юм. “Суруга Монгол” компанийн хуульч “Бид энэ барил­гын ажилд ямар ч хамаагүй.  
 
 
Би­дэн­­тэй хамтарч ажилладаг “Монголкорпорэйшн” ХХК   ир­гэ­­дийн асуудал үүсгээд байгаа урд талбайд 4000 айлын орон сууц төслийг хэрэгжүүлэхээр болсон. Учир нь Япон хорооллыг барих явцад дээрх компани манайтай хувь эзэмшигч гэсэн зарчмаар хамтран ажиллаж, төслийг дуусгасан.
 
 
Бид энэ газрыг ямар ч компанид за­раагүй. Барилга барих явцыг та бүхэн  “Монголкорпорэйшн” ХХК-тай ярьж, зөвшилцөлд хүрэх хэрэгтэй” гэж  хэлж байсан юм. Хамтран хувь эзэмшигч “Монголкорпорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Буянцогт хэлэхдээ “Бид эл газарт хууль бусаар хүч түрж барилгын ажил явуулаагүй.
 
 
100 мянган айлын орон сууцыг дэмжих зорилгоор нийслэлийн удирдлагууд бидэнд хүсэлт тавьсан.  Эл хүсэлтдээ “Та бүхэн дундаж амьдралтай иргэдэд зо­риулж  4000 айлын орон сууц бариач” гэсэн. Харин бид энэ саналыг хүлээж авснаар та бүхэнд анх мэдэгдэж байсан зу­раг төсөл өөрчлөгдсөн.
 
 
Тиймээс анхны зураг төсөл өөрчлөгдсөн гэдгийг албан ёсоор мэдэгдье. Мөн та бүхний хэлж байгаачлан барилгын ажил албан ёсоор эхлээгүй байна. Зөвхөн бэлтгэл ажлын хүрээнд явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 
 
 
Бид  эл  ажлыг  дангаараа хийж дуу­сахгүй учраас тендер зарлаж “Хурд” компанийг шалгаруулж, туслан гүй­цэтгэгчээр оруулсан. Тэгээд ч төлөвлөгөөний дагуу 15-22 давхар орон сууц барихаар болсон. Хэрэв та нар бидний шаардлагыг эсэргүүцэж байвал холбогдох газруудад хандаж болно” гэлээ.  
 
 
Ямартай ч  оршин суугчдын саналыг хүлээж авахгүй байгаа дээрх компанийн газрын зөв­шөөрөлгүй, барилгын зу­раг батлуулаагүй гэх олон “но-той” баримтыг иргэд дэл­гэж байсан.  Хамгийн гол нь дээрх хоёр компанийн удирд­­­­лагуудын зүгээс “Бид та бүхэнд орон сууцаа зарсан.
 
 
Анхны зураг төсөл өөрчлөгдсөн учраас дахин өөрчлөх ямар ч боломжгүй” хэмээн оршин суугч­дыг даапаалж, олон хүний зэвүүцлийг төрүүлж байс­ныг онцлох  нь зүйтэй байх.  Түүнчлэн компанийн удирд­лагууд “Орон сууцны зургийг 10 сая ам.доллар төлж зуруулсан болохоор та бүхэн битгий олон юм яриад бай” гэж хэлсэн юм. 
 
 
Шаардлага гарвал өлсгөлөн зарлана
 
Харин   Япон хорооллын  С2-ын оршин суугч Т.Сувдаа “Асуудал үүсгээд буй урд талын газрыг “Хурд”-аас гадна нөлөө бүхий маш олон улстөрч худалдаж авсан. Анх тэд амралтын өдрийг таа­руулж байгаад  барилгын аж­лаа эхэл­сэн.
 
 
Би энэ дагуу Нийс­лэлийн ерөнхий архитектур Нацагдорж гуайд  утсаар  мэдэгдэхэд “Би анх 2009 онд  танай хороолын зураг төслийг  баталж байсан. Тиймээс тийм өндөр барилга байгууламж барих ёсгүй” гэж хэлж байсан.
 
 
Тэгээд ч дээрх компаниудыг хууль бус ажиллагаа явуулсныг холбогдох газрууд нь нотлоод өгсөн шүү дээ.  Одоо “Суруга Монгол” компани анхны гэ­рээгээ зөрчиж, биднийг хохи­роож байгаа нь хуульд хэр нийцэх бол. Дээр нь “Суруга Монгол”-ын удирдлагууд газар эзэмших эрх нь бидэнд байгаа гэж хэлж байсан.
 
 
Гэтэл газар эзэмших эрх нь байгаа  хэрнээ яагаад “Монголкорпорэйшн” ХХК-д эрхийг нь олгоод байгаа юм бэ гэдэг нь хачирхалтай. Тэд хамтарсан компани гэж хэлж байгаа ч цаанаа уг компанид зарсан байх магадлалтай. Мөн бидний олж авсан мэдээллээр дээрх хоёр компани “Хурд”-ад эл газрыг зарсан гэж ч ярьдаг.
 
 
Тэгэхээр эдгээр компаниуд нэг нэг рүүгээ буруугаа чихээд байна. Хэлж ярьж байгаа зүйл нь ямар ч ор үндэслэлгүй. Нэг нэгнийхээ амыг харж яриад байгаа нь  нөлөө бүхий улстөрчдийн гар оролцсон гэдгийг нотолж байна.
 
 
Хэрвээ “Суруга Монгол” компани үнэхээр хөрөнгийн чадваргүй болсон бол улсын газрыг улсад нь эргүүлээд өгөх хэрэгтэй шүү дээ. Энэ бүхний ард ар тал ихтэй “Хурд” компани байгаа гэдгийг оршин суугчид батална. Тэгээд ч МХЕГ-аас “Хурд”-ыг барилгын ажлаа зогсоо гэсэн шаардлага хүргүүлсэн.
 
 
Бидний тавьж буй шаардлага бол анх хэзээ энэ газрыг ямар журмаар дээрх компаниудад олгож, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг хэн гэдэг эрх дархтан олгосон юм бэ гэдгийг л мэдмээр байна.
 
 
Эцэст нь бид уг газартаа ямар ч өндөр орон сууц бариулахгүй. Харин анхны ярьж байсан хаусуудыг баривал зөвшөөрнө. Учир нь бид эдгээр орон сууцыг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан шүү дээ. 
 
 
Иймээс бид ирээдүйд үр хүүхдүүддээ үл хөдлөх хөрөнгө үлдээх үүднээс ийм өндөр барилга бариулахыг эсэргүүцээд байгаа юм. Мөнгөтэй болгон  хүч түрэн ажил хийж болохгүй гэдгийг Монголын олгархиудад хэлмээр байна.
 
 
Бид эцсээ хүртэл  тэмцэж, шаардлагатай бол өлсгөлөн зарлахад ч бэлэн байгаа шүү” гэлээ.  Оршин суугчдын хэлж буйгаар дээрх компаниуд хоо­­рондоо жүжиг тавьж, иргэ­дийн зоригийг мохоож байгаа гэнэ.
 
 
Үнэхээр холбогдох хү­мүүсийн мэдэгдэж буйгаар нийс­лэлийн удирдлагууд өндөр орон сууц барих санал тавьсан бол яагаад иргэдтэй хийсэн компанийн гэрээг зөрчүүлэхэд хүргэв гэж асуумаар байна. Компанийн удирдлагууд ч энэ тухай их л бардам  дуугарч  байсан.
 
 
Өнгөрсөн жил “Суруга Монгол”-ын япон захирлыг хар тамхины хэрэгт хилсээр гүтгэж тохиролцоонд хүрсний үр дүнд эл том газрыг авах хэмжээнд хүрсэн гэдгийг оршин суугчид онцолсоор байгаа юм. 
 
 
Хэрэв  тохиролцоонд хү­рээ­гүй байсан  бол “Суруга Монгол” ком­­­пани анхны зураг төслийн дагуу ажлаа хийх ёстой байсан аж.  Бид дараагийн дугаарт “Хурд” компани, “Суруга Монгол” хоёрын хооронд газар зуу­­чилсан улстөрчид хэн бэ гэдгийг эрэн  сурвалжилж хүр­гэх болно.
 
 
Р.Саруул
 
Эх сурвалж: