sonin.mn
1937 оны наймдугаар сарын дундуур П.Гэндэн, эрдэмтэн Н.Цэвээн, С.Гомбожав, Ц.Өлзий нарыг ЗХУ-д баривчилж "Бид Лхүмбийн хэргийг Г.Дэмидийн хамт үргэлжлүүлсэн" хэмээх мэдүүлгийг тэднээс шахан гаргуулсан байв.
 
Наймдугаар сарын сүүлчээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд М.Фриновский нар Улаанбаатарт ирж "Японоос Монголыг эзлэх төлөвлөгөө" гэгчийг Монголын эрх баригчдад танилцуулж "Хуйвалдаан" гэгчид холбогдуулсан 115 хүний нэрсийн жагсаалтыг Х.Чойбалсанд гардуулсан байна.
 
Зөвлөлтөд баригдсан Монгол хүмүүсээс НКВД ба КГБ-ын хэлүүлж авсан, мөн тэдгээрийн Монгол дахь төлөөлөгчдөөр гаргуулсан тэр нэрсийн жагсаалтын дагуу "ардын дайсан", "хувьсгалын эсэргүү" нарыг дайчлан баривчлах ажиллагаа 1937 оны есдүгээр сарын аравны шөнө эхэлж 69 хүнийг нэгэн зэрэг баривчилжээ.
 
Үүнээс 14-ийг нь олон нийтийн өмнө таслан шийтгэж цаазаар аваачих ял оноожээ. Гэвч энэхүү хэлмэгдүүлэлтийг зогсоох анхны алхам хийгдэж эхэлсэн үед Ерөнхий сайд А.Амар, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, НамынТөв хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Б.Баасанжав, Ерөнхий сайдын орлогч Доржпүрэв,
 
Дотоод явдлын яамны орлогч сайд Н.Насантогтох болон бусад ахлах дарга нар, МАХЦ-ийн орлогч жанжин П.Дамба, Цэргийн улс төрийн газрын дарга Г.Найдан гэх мэт нам, төр, цэргийн нэрт зүтгэлтнүүдийг бараг нэгэн зэрэг баривчилсан байна.
 
 
А.Амарыг буруутгах эхний довтолгоо
 
Эдгээр хүмүүсийн хамгийн эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар өртсөн юм. Иймд түүнтэй холбогдох цөөн хэдэн баримтыг уншигч олондоо хүргэе.
 
МАХН-ын 1936 оны II бүгд хурлаар хөндөгдсөн асуудлын дагуу "Лхүмбийн хэрэг"-т холбогдон ял эдэлж байсан хэсэг хүмүүсийг ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан сулласны улмаас Ерөнхий сайд А.Амар, Х.Чойбалсан нарын хооронд зарчмын шинжтэй маргаан үүсч эсэргүү нарыг дур мэдэн суллалаа гэсэн яриа гаргажээ.
 
1936 оны наймдугаар сарын нэгэнд болсон Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурал дээр Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав дээрх асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Тус хурал дээр А.Амар хэлсэн үгэндээ, "II бүгд хурлын дараа эл хэргийн ялтан хэрэгтнийг суллахыг ярьж ирсэн.
 
Гэтэл хоёр нөхдөөс (Чойбалсан, Лувсаншарав нарыг хэлж байна.) ямар ч зүйлийг ярихгүй байгаад энэ өдөр бүгсэнд үлдэж цохих гэснийг нь ер мэдээгүй явсан" хэмээн цочиж гайхаж байгаагаа илэрхийлжээ.
 
Гэвч тус Тэргүүлэгчдийн хурал Х.Чойбалсан, Д.Лувсаншарав нарын саналыг дэмжин хэрэгт шийтгэгсдийг Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн зөвшөөрөлгүйгээр сулласан хэмээн Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Ерөнхий сайд А.Амар нарыг буруушаасан тогтоол гаргасан байна.
 
 
Улс төрийн “алтан хошуу” буюу матаас
 
Х.Чойбалсан 1936 онд К.Ворошиловт захидал бичихдээ "Нөхөр А.Амар бол дотоод бодлого дээр түүний бие одоо урьдаасаа нэлээд дээрдсэн хэдий боловч бас л явцуу үндсээ бодсон хүн бөгөөд дан ганд Монголын төлөөнөө үнэхээр санаа сэтгэлээ зовоож байдаг боловч түүний бие дээр нэгэн зүйлийн үл зохилдох явдал байна хэмээн хувьд санагдана.
 
Түүний бодол нь Монгол юугаан хэзээ ямагт энэ нэгэн хэвээр байлгаж, урагш ахих, давшихыг хэзээ ямагт бодохгүй байхаар үл барам, хөгжиж дэвших ажлаас зайлж, аливаа нэгэн ажил дээр ямагт хуучин хэвээр байлгахыг дурлаж зүтгэхийг оролддог амуй.
 
Түүний хэлэх нь, Монгол хэзээнээс эхлэн тарган махаа идэж, айраг тарагаа ууж, айл саахалтаа хэсч, найрлаж наргиж болсоор ирсэн тул одоо ч болов мөн хэвээр, хойшид ч болов нэгэн адил сууваас барах бөгөөд бурхандаа мөргөж, ламаа тахиж шүтсээр ирсэн нь мөн тэр хэвээр явбал гүйцэх нь тэр болой.
 
Иймд илүү дутуу санаж, энэ дассан, сурсан байдлаа халж өөрчлөх хэмээх буюу эсвэл эрс хатуу арга хэмжээ авч тэр байдлыг эсэргүүцэх хэмээх нь огт тохирохгүй, үл болох хэрэг хэмээн үздэг байна.
 
Иймд түүний энэ бодсон санаснаар удаан байх аваас манай улсын давшиж хөгжихөд ихээхэн саад тотгортой болох хэмээх байтугай, манай ажил хэрэгт ийм бодол нь ямар ч тус нэмэр болохгүй болов уу хэмээн би санана...
 
Тэр нь өөртөө эдгээр дутагдал бий гэгчийг мэддэг амуй. Миний бие түүн лүгээ харилцаа сайтай. Амар нь намайг түүн лүгээ лам нарын тухай, Дотоод яам гэх зэрэг дотоод асуудал дээр санал нийлдэггүй гэдгийг мэдэх боловч би хувьдаа түүнд ихэд сайн байдаг бөлгөө" гэжээ.
 
Х.Чойбалсангийн энэхүү улс төрийн "алтан хошуу" буюу матаас нь хожим нь түүнийг эсэргүүд татагдахад нь хэргийн материал болсон байхыг үгүйсгэх аргагүй.
 
 
Ерөнхий сайдаас зайлуулж, баривчилсан нь
 
1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгчдийн хурлаар "Амарын нам бус явдлын тухай" Лувсаншаравын илтгэлийг хэлэлцэж түүнийг ангийн дайсны ашиг тусыг өмгөөлөн хамгаалагч, Японы тагнуул төлөөлөгчөөс дор этгээд гэж тодорхойлсон байна.
 
Тус хурал дээр Х.Чойбалсан хэлсэн үгэндээ "... Ийм өнгөө нуусан, дотор нь харласан, идээ бээрээр гүйцсэн этгээдийг намын хүрээнд, түүнчлэн тэргүүлэгчээр нэг цаг, минут ч байлгахгүй хөөвөл зохино. Ерөнхий сайдын тушаалаас нь шууд зайлуулбал таарна" гэжээ.
 
Дараа нь үг хэлсэн хүмүүс Д.Лувсаншарав, Х.Чойбалсан нарыг дэмжиж ам өрсөн муучилж гарчээ. Эл хурлаар Амарыг Намын Төв Хорооны тэргүүлэгч ба намын гишүүнээс хөөж, Улсын Бага Хурлын гишүүн, Засгийн газрын Ерөнхий сайдын албан тушаалаас зайлуулах шийдвэр гаргасан байна.
 
Ингээд А.Амарыг шууд баривчилжээ. Ерөнхий сайд А.Амарын асуудлыг Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхэд хурлын танхимын арын хөшигний цаана ЗХУ-аас Монголд суугаа Элчин Иванов, Дотоод явдлын яамны зөвлөх Скоков, Х.Чойбалсангийн зөвлөх Мальков,
 
17 дугаар армийн тагнуулын газрын дарга Панин нар нуугдан сууж хэн юу ярьсныг нь Н.Лхамсүрэнгээр орчуулуулан сонсож, бас олигтой нарийн сайн дамжуулсангүй гэж анхааруулж байсан гэдэг.
 
МАХН-ын X их хурлын дундуур Х.Чойбалсан Б.Баасанжавыг шоронгоос Дотоод явдлын яаман дээр аваачиж Д.Дамбатай нүүрэлдүүлэхэд хажуу өрөөнд Иванов болон сургагч нар чагнаж суусан гэдэг.
 
Энэ талаар түүхийн ухааны доктор Л.Бат-Очир "Энэ бүхэн нь эсэргүү гэж хилс баригдсан нам, төрийн зүтгэлтнүүдэд Х.Чойбалсангийн хэрхэн хандаж байгааг тагнаж хянаж байсан баримт мөн.
 
Дэргэдээ тагнуултай, хажуудаа харгалзагчтайг мэдээд ч Х.Чойбалсан А.Амарын асуудал гэгчийг хэлэлцэхэд "өнгөө нуусан, дотор нь харласан, идээ бээрээр дүүрсэн" хэмээн муу муухайгаар хэлсэн ба шоронд тамлуулж хүнээр түшүүлэн амьдын төдий оруулж ирсэн Баасанжавыг үнэнээ хэлэхэд "аваад гар" гэж зандран догширч ширүүлсэн дүр үзүүлсэн байж болох талтай" хэмээжээ.
 
 
Түүнийг засгийн газрын тэргүүнээр хоёр удаа томилжээ
 
Цэргийн яамны хуягт танкийн газрын дарга агсан Цоож хожим ярихдаа "1939 онд Улаанбаатар хотоос ЗХУ-д Чита хотоор дамжуулан Москвад аваачиж... байцааж байхад нэгэн өдөр намайг оруулж байцаасан газрын үүдэнд монгол хүмүүс нөмгөн сууцгааж, нэг домбон чихэр гаргаж хуваан идэж байхыг харсан.
 
Тэдний дунд танихаас А.Амар. Д.Лувсаншарав нар сууж байсан." гэжээ. Мөн тэнд Зөвлөлтөд хүргэгдсэн Лосол, Догсом нар байсан нь гарцаагүй. Ерөнхий сайд асан А.Амар Москвагийн Лубянкийн гянданд хоригдож байв. Түүнийг 1941 оны долоодугаар сарын арванд ардын хувьсгалын баяр наадмын өмнөхөн цаазалжээ.
 
А.Амарын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт 1886 онд мэндэлжээ. А.Амар бага наснаасаа бичиг үсэг тайлагдан манж, хятад хэл бичгийг ч муугүй мэддэг байжээ.
 
Харин Богд хаант Монгол Улсын үед 1913 оноос эхлэн Гадаад явдлын яаманд дэс түшмэл хүртэл албан тушаал хашиж явсаар 1917 онд Монголын хойд хил хязгаарыг сахин хамгаалж байсан 50 цэргийг захирч явжээ.
 
1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирэхэд арга буюу нутагтаа эргэн ирж хэсэг зуур мал маллаж байгаад 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхийлэн оролцож эхэлжээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажиллаж байв.
 
Улсын БагаХурал 1928 онд А.Амарыг Ерөнхий сайдаар томилжээ. Мөн тэрбээр Шинжпэх ухааны хүрээлэнгийн даргаар гурван жил ажилласан байна. Түүний бичсэн "Монголын товч түүх" ном нь тухайн үедээ Монголын түүхийг хураангуйлсан анхны томоохон бүтээл байв.
 
А.Амар нь 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байхдаа Сталины бодлогыг тууштай эсэргүүцэж, үндэсний үзэл бодолдоо үнэнч хэвээр явжээ. Тухайлбал 1933 оны Лхүмбийн гэх зохиомол хэргээр ямар ч үндэслэлгүйгээр хоригдсон хүмүүсийн ихэнхийг суллуулж дөнгөсөн байна.
 
А.Амар 1936 онд Ерөнхий сайдаар дахин томилогдож гурван жил ажиллажээ. Гэвч Москва, Сталины шууд заавраар түүнийг 1939 оны гуравдугаар сарын долоонд болсон МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар огцруулжээ. Энэ нь ердөө л Сталины бодлогыг дэмжигч Х.Чойбалсанг Ерөнхий сайд болгох зорилготой байв.
 
 
Ш.Батцогт 
 
Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин