Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэгсэн. Харин энэ цагт ухаант эсэх нь үл мэдэгдэх нууц ноён урагшгүй албатаасаа сайн дураар ил болон далд хэлбэрээр салж болно гэсэн ойлголт улстөрд ноёрхох болсон бололтой. Уг нь монголчууд төр засаг түүнчлэн түшмэд ноёдоо ихэд хүндлэн цайны дээжээ өргөж өргөмжилдөг өгөөмөр улс.
 
Ямартай л алтан соёмбот төрийн сүлд минь өршөө хэмээн залбирдаг байсан байхав. Харин өдгөө ингэж залбирдаг тун цөөн үлдсэн байх. Үлдсэн хэд нь төрийн өндөр албан тушаалтнууд байх гэж бодоод байгаа юм.
 
Асуудлыг үүсгэж, ажлыг цалгардуулж, ард түмнийг маллаж товчхондоо том нүгэл үйлдэж байгаагаа эрхбиш дотроо ч болов ухааран гэмшдэг байх гэж горьдсон учраас ийн бодоод байгаа хэрэг. Шинэчлэлийн Засгийн газар эхэндээ их таалагдсан гэж байгаа иргэдэд...
 
Мэдээж одоо бүх ард түмэн буруу сонголт хийснийхээ горыг амслаа гэж толгой сэгсрэн, үсээ үгтээж байгаа юм бас биш л дээ. Хэрвээ тэгвэл хэтэрхий өрөөсгөл, чухам л хэрээг дун цагаан гэж гүрийдэгэрхүү муйхар хэрэг болно. Гэхдээ манай засгийн тэргүүн нэг л биш ээ.
 
Илтгэгч, удирдагч гэж харагдахаасаа илүү эх орон, эгэл түмэндээ ачтай тустай ажил хийх ёстойгоо мань эр гэнэ гэнэхэн мартчихдаг байх гэж хардаад байгаа юм, би. Тэргүүн ярьж байна аа, засгийн...
 
Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахад өргөн хэрэглээний барааны ханш хоёр дахин буурсан, бас эдийн засгийн байдал их эвтэйхэн, амжилт бүтээлээр пиг дүүрэн яваа гэх мэтчилэн. Юмны үнэ хоёр дахин буурч, улс орны эдийн засаг оргил өөд мацаж өгсөж яваа бол түүн шиг сайн юм гэж хаа байхав. Гэвч бодит амьдрал дээр ямар байгаа билээ. Хамгийн энгийн бас захын жишээ татъя л даа.
 
Талхны үнэ тэр үеэс 15 хувиар өссөн, махных 25 хувиар за тэгээд байрны үнэ 30-40 хувиар өссөн. Итгэхгүй байвал интернэтэд ороод өнөөдрийн үнэ ханшийг нэг харчих. Мэдээж дараа нь өнгөрсөн жилийнхийг нэг сонирхчих. Өсч үү буурч уу гэдгийг бодох ч хэрэггүй шууд л мэдэгдэнэ.
 
Яахав засгийн тэргүүн маань ажил ихтэй байдаг болохоор тор бариад түмпэн шанага эргүүлдээд гүйгээд байдаггүй байх л даа. Гэхдээ өч төчнөөн туслах зөвлөх байдаг биз дээ. Ядаж л өчнөөн олон туслахынхаа нэгийг өдөр болгон дэлгүүр гүйлгээд өргөн хэрэглээний барааны үнийг бичээд, сарын эцэст өссөн буурсан эсэхийг тэмдэглээд ав гээд хэлчихэд юу нь болохгүй байхав.
 
Тэнгэрт залардаг дээдсийн балгаар энд газрын амьдрал гажуудаад байгааг мэдрэх хамгийн хялбар боломж энэ байж ч магад. Нээрээ, байсхийгээд л байж боломгүй хариуцлагагүй үг хэлдэг болохоор чинь таныг ард түмэн чинь "задгай цагаан” гэдэг болсон байна лээ.
 
Төрийн өндөрлөгөө байг гэхэд эр хүн байж ийм хочтон болох сайхан биш л байгаа байлтай. За ямартай ч ард түмний нэрлэх болсноор "Задгай цагаан" сайд маань сүүлийн үед их лүдийн үйл сэдээд байгааг амтай болгон хэлэлцэж байна, цаана чинь...
 
Болно бүтнэ, болгоно бүтээнэ гэж хэлдгийг чинь буруутгах зүйл алга. Гэвч бодит байдлаас хол зөрсөн мэдэгдэл, хариуцлагагүй үг хэлэх эрхгүй байж задгайраад байдаг ишлэлийг чинь монгол сэтгэлгээгээр амны билгээс ашдын билэг гэж билэгшээж суух тэнхэл алга, ард түмэнд...
 
Уул уурхай, барилга... Угтаа энэ хоёр үгний цаана улс орны маань хувь заяа бий. Монголд орж ирдэг хөрөнгө оруулалтууд товчхондоо эдгээр салбар руу чиглэдэг. Улсын төсөв ч эндээс л босдог. Гэтэл эдгээр салбаруудын үйл ажиллагаа хэрхэн доголдож, хөрөнгө оруулалт ямархан хэмжээгээр багасчихаад байгаа билээ.
 
Ам.доллар, юанийн ханш тэнгэрт одож, ай даа яадаг юм бол доо гэж санааширсан шигээ харуулдаж харзнаж суух цаг даанч үлдсэнгүй. Дэлдэн бас сониуч чихний сонорт сүүлийн үед өртөөд байх болсон ховоос хуваалцахад манай улсын засгийн тэргүүн Засгийн газраа өөрийн гараар эвдэлж нураахаар шийдсэн гэх юм.
 
Эвдэрч нураах ч юу байхав нэгэнт үүссэн эвгүй байдлаас өөрөө цэвэрхэн мултрахын тулд кабинетийнхаа хоёр сайдаар туг тахихаар аль эртээ шийдчихсэн гэж учир мэдэх хүмүүс яриад байна, гадуур. Тодруулбал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга хот байгуулалтын сайд Н.Батбаяр...
 
Эл хоёр нөхөр эрхэм засгийн тэргүүний сор залах тахилаар тодорчихоод байгаагаа мэдсэн эсэхийг мэдэхгүй юм. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг эдийн засаг зүв зүгээр гээд байвал зүгээр болчих юм шиг гүрийгээд байгаад чинь итгэж чадахгүй нь...
 
Эцэст нь тэмдэглэхэд соён гэгээрсэн ард түмнийг удирдахад хялбар, соён гэгээрээгүй ард түмнийг дарлахад хялбар гэж нэг хэлц бий. Ингэхэд биднийг Н.Алтанхуяг удирдаад байна уу, дарлаад байна уу? Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямралын  тухайд хэн юу хэлснийг эргэн сануулах нь илүүц биз.
 
Угаас асуудлыг хардлагын харцаар хардаг нь бидний зан хойно. Өрсөлдөгчид шинэчилсэн Засгийн газрыг муутгах гэж байгаа ёр нь энэ гэх мэдэгдлийг ханатлаа хийсэн нь худлаа юм биш. Тиймээс энд УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарын байр суурийг онцлох нь зөв байх.
 
Тэрбээр, "Монголын эдийн засаг сайн биш байгаа нь хэнд ч тодорхой байна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон нь хамгийн ихээр нөлөөллөө. Мөн Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил тэр бүр амжилттай биш байна.
 
Тухайлбал, Оюутолгой, Тавантолгойн үйлдвэрлэл ямар шатанд буй эсэх, төмөр замын бодлого хэрхэн хэрэгжиж байна вэ гэдгийг бодоод үз. Барилгын материалын үйлдвэрүүд, Хөтөл, IV, V цахилгаан станцын ажлын явцыг харахад бүх зүйл нүднээ ил байна.
 
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт уржигдар албан ёсоор зогслоо. Энэ бүхэн сайн үзүүлэлт биш. Гаднаас орж ирэх валютын гол эх үүсвэр хаагдаж байна. Оюутолгойн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суусан Засгийн газрын сайд нараас бүрдсэн ажлын хэсэг муу ажилласныг энэ үйл явдал харууллаа.
 
Тэд Оюутолгойтой хамтарч ажиллах, гарцыг олох гэж байгуулагдсан болохоос биш хаалгах гээгүй биз дээ. Тавантолгой, V цахилгаан станцын газрын маргаан өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Төмөр замын далангийн ажил 30 гаруйхан хувьтай явж буй. Энэ бүхэн эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харуулахгүй байна.
 
Нөгөөтэйгүүр Оюутолгойн бүтээн байгуулалт зогсоход Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тэр чигээрээ хүндэрч буй нь бид нэг л зүйлээс хараат байдалд байгааг илтгэж байна. Энэ байддаас гарахын тулд бид хамгийн түрүүнд Хөрөнгө оруулалтын тухай байдлыг хангасан хуулийг УИХ-аар яаралтай оруулах ёстой.
 
Хөрөнгө оруулалтын тогтвортой хуулийг гаргаж, олон нийт болон гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад зарлаж, уг хуулиа удаан хугацаагаар хэрэгжүүлнэ гэдгээ ч сайн тайлбарлах ёстой." гэсэн. Тэгэхээр дээрх хуулийг хэлэлцэх ээлжит бус чуулганыг хуралдуулах саналаа та хойшлуулахгүй байх, тийм үү.
 
Арай ч "шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад нэг жил болохдоо ажилаа дунд зэрэг. Хийсэн ажлуудаас хамгийн дээд тал нь 30 гаруй хувьтай байна. Харин ч сайнаар төсөөлж хэлээд дунд зэрэг гэж байгаа юм. Бондын зарцуулалт ямар байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй.
 
"Чингис" бондыг цаг үеэ олж оруулж ирсэн нь зөв. Хэрэв оруулж ирээгүй бол үүнээс ч хүнд байдалд орох байсан. Гэхдээ хүнд байдалд байлгахгүйн тулд Засгийн газар ажлаа хийх ёстой байв. Энэ ажлыг хийх гэж тэд сайд болсон биз дээ. Үүнд УИХ-ын буруу байхгүй. УИХ хууль тогтоомж, шийдвэрээ Гаргаад өгсөн.
 
Харин Засгийн газарт үүнийг хийж чадна, энэ салбарыг толгойлж, ард иргэд, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллана гээд сайд болсон хүмүүс нь байгаа биз дээ. Тэдний аппаратын ажиллагаанаас болоод нөхцөл байдал ийм боллоо." гэж хэлсэн Б.Гарамгайбаатар гишүүнийг сайд болгоогүй болохоор л новширч байгаа юм гэхгүй байлгүй дээ, тийм үү?
 
Сэтгүүлч Э.Хүслэн
 
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин