sonin.mn

Монголд нэн гайхалтай юм их байгаагийн нэг нь хаа сайгүй асар их алт олборлож байгаа мөртлөө Монголын алт эрдэнэсийн санд орж байгаа нь хэд вэ? Энэ тухай сэдвээр болон сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн, Хамуг Монголын Хөдөлмөрийн Намын Цэцийн дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-2012 он гараад Монголын улс төрийн нөхцөл байдал эрс өөрчлөгдлөө. Ардчилсан Нам хамтарсан Засгийн газраас гарч, МАН шинэ сайдуудаа томиллоо. Та нэг хэсэг чимээгүй байсан, хөндлөнгөөс ажиглаж байсны хувьд энэ үйл явцыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Би өнгөрсөн жил улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулсныг уншигчид маань мэдэж байгаа. Ингэхдээ миний хоолой сөөнгө яваад байсныг хүмүүс гадарлаж байгаа байх. Тэгээд саяхан Германд очиж хоолойндоо хагалгаа хийлгээд ирлээ. Одоо ажилдаа ороод явж байна.

Хамтарсан Засгийн газар салж байгаа энэ үйл явцын бодит үнэнг ард түмэнд хүргэх нь зайлшгүй шаардлагатай гэж бодлоо. Асуудлын гол нь юунд байна вэ гэхлээр 2008 онд С.Баяр гэдэг нөхөр стандарт бус Засгийн газрыг байгуулсан. Тэгээд болоогүй дээрээс нь стандарт бус Засгийн газрыг мэргэжлийн бус сайдуудаас бүрдүүлж эхэлсэн.

Одоогийн Хамтарсан Засгийн газар бол мөн л хоёр намын урьдаас төлөвлөсөн ээлжит жүжиг. Өмнө нь ч ийм жүжгүүд байсан. 2004-2008 оны хооронд хоёр нам хамтарч хэд хэдэн жүжиг тоголсон. Үүнээс өмнө дан дангаараа жүжиг тоглож байсан. Энэ удаа бол аргагүй эрхэнд үнэнд гүйцэгдээд жүжиг нь юу ч биш болоод баригдлаа.

2008-2012 онд энэ хоёр нам Хамтарсан Засгийн газар гэдэг ээлжит жүжгээ дэгэлж, улмаар тэргүүн шадар сайд, дэд сайдууд гээд баахан орон тоо бий болгож төрийн захиргааны албыг маш их томруулсан. Төрийн албан хаагчид 150000 байснаа 210000 болж 60 мянган хүнээр өссөн.

Одоо энэ хоёр нам яаж байна вэ гэхээр Монголын ард түмний эрх ашгийг хохироосон Оюутолгойн гэрээгээ дүгнүүлэхээс бултахын тулд хоорондоо салж нийлж жүжиг тавьж байна. Энэ бүхнийг ойрын өдрүүдэд болсон Засгийн газрыг бүрдүүлэх үйл явцаас ил тодоор харж болохоор байна. Яагаад гэвэл “хамтарсан” болж харагдахын тулд зөвхөн нэг хүнд зориулж Тэргүүн шадар сайдын орон тоог бий болгосон байжээ.

Одоо энэ жүжиг дууссан учраас энэ орон тоог авч хаяж байна. Уг нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн бол ямар ажил хийх ёстой тэр ажлаал чухалчлах хэрэгтэй. Гэтэл тэр ажил нь нэг хүнд зориулсан учраас аваад хаячихаж байна. Ингэснээрээ энэ бол жинхэнэ жүжиг байсан гэдгийг баталж өглөө.

 

-АН түрүүлж Засгийн газраас гарахаа мэдэгдсэн шүү дээ? Энэ бас л жүжиг байсан уу?

-Одоо бол АН хуучин аргаараа явах гээд байна. Нэг л их ардчил-сан улсууд болж харагдах гээд л. Аргаа барахдаа аавынхаа толгойг маажих гэгчээр АН удахгүй дотроо бужигнана, даргаа солиод л, жигүүр фракци болоод л. Гэхдээ энэ бүхэн мөн л ээлжит тэдний жүжиг байх болно.

 

-МАН шинэ Засгийн газраа бүрдүүлж байгаа талаар та юу гэж дүгнэхээр байна?

-Энэ хоёр нам бол аль аль нь хорин жил Монголын ард түмний амьдралыг баллаж хаясан намууд шүү дээ. Дан дангаараа жүжиг тоглоод, дараа нь хамтарч тоглоод, одоо энэ нь илчлэгдсэн учраас Засгийн газрыг бүрдүүлэхэд бие биендээ саад тээг тавьсан болж ийм ээлжит жүжиг үргэлжилж байна.

Хүрэлсүхийн хувьд мөн адил, намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалаасаа татгалзаж, тэгээд шадар сайдын суудлаа болиулж байгаа нь бүгдээрээ л урьдаас найруулсан жүжиг. 3 жил дөрвөн сарын хугацаанд юу ч хийгээгүй байж, одоо үлдсэн хугацаанд юм хийнэ гэж байхгүй л дээ. Юм хийх гэж байгаа горьдлого төрүүлж олон нийтийн сэтгэл санаагаар тоглох ийм л нэг арга. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Дорнод аймгийн чиглэлд нэг 4 метр хатуу хучилттай зам ахиулаагүй мертлөө одоо үлдсэн 5 сард юу хийж чадна гэж найдахав дээ.

 

-Хоёр нам хоорондоо тохиролцож ийм жүжиг тавьж байна гэж үү? Ингэж тохиролцох болсны шалтгаан юунд байна вэ?

-Ажлын эцсийн үр дүн байхгүй учраас үүнээс бултах арга нь иймэрхүү жүжиг тоглох явдал болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дүгнүүлэх юмгүй учраас л жүжиг тавихаас өөр аргагүй болж байна. Ер нь хоёр нам аль аль нь ажлаа хэзээ ч дүгнэдэггүй. Хамтарсан Засгийн газар байгуулахдаа хоёр нам хамтарсан гэрээ байгуулсан, гэтэл сая салахдаа мөн л ажлаа дүгнэцгээсэнгүй.

-Ерөнхийлөгч Ханбогд сумын иргэдтэй уулзах үеэр бараг хөөгдөх шахам буцлаа. Учир нь Оюутолгойн Монголыг гийгүүлэх гээд байгаа гайхамшигт төсөл Өмнөговь байтугай, Ханбогд сумыг гийгүүлж чадсангүй. Юун хөгжил, харин цөлжилт, ядуурал, хоосрол, үгүйрлийг авчирлаа.

-Ерөнхийлөгчийн эрх мэдэл бол маш өндөр. Ямар ч асуудлыг шийдэх бололцоотой. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг үнэхээр үнэн бодитоор харж ойлговол намуудыг тарааж зөвшилцлийг хийх зайлшгүй шаардлагатай болчихсон. Үүнээс өөр гарц байхгүй. Хэрэв энэ боломжийг ашиглаж чадахгүй бол дараа нь юу болохыг урьдчилж хэлэхэд хэцүү шүү дээ.

 

-Сонгуулийн хуулийг батлахын өмнөхөн “Бид цаашдаа энэ маягаар явна, тохирсон 76 дахин сонгогдоно” гэх эрх баригчдын улс төрийн явган яриаг зарим сонин хэвлэл илчилж бичиж байсан санагдаж байна. Энэ үнэн үү?

-2008 оны сонгуулийн дүн бол өмнө нь тохирсоны дагуу л гарсан үр дүн. Тохирсноо нуун далдлахын тулд 7-р сарын 1-нийг зориуд өдөөн хатгасан. Улмаар эвлэрч байгаагаа харуулахын тулд хамтарсан. Ердөө ийм л жүжиг. Хууль бус энэ бүх үйл ажиллагааг ард түмэн бүгд мэддэг болчихсон учраас энэ хоёр нам ямар ч явуургүй, гарцгүй болчихлоо.

Одоогийн нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнэж хэлбэл бид 1990 оны нөхцөл байдалдаа эргээд оччихжээ гэж хэлж болохоор байна. Тэр үед Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон, одоо бол яг тийм байдлаар явах ёстой. Хэрэв тэгэж чадахгүй бол нөхцөл байдал хурцдана.

-Та сая 1990 оны нөхцөл байдал гэж ярьлаа?

-Гэхдээ 1990 он, одоогийн нехцөл байдал хоёр тэс ондоо болсон. Монгол хүмүүс мэдлэгтэй болсон, гадаад дотоодод явж аливаа асуудлын мөн чанарыг таньдаг болчихсон. Эргээд дүгнэхэд 1990 оны үйл явдал хувьсгал гэхээсээ гадны захиалгатай үйл ажиллагаа байсан нь тодорхой байгаа шүү дээ. Өнгөрсөн хорин жилд 1990 онд байсан нөхдүүд л хоёр намд ээлжлэн тоглоод Монгол орныг сүйтгэлээ. Тиймээс бүх юм тоглоом болсон гэдгийг ойлгох цаг болсон.

 

-Сонгуулийн шинэ хуулийн талаар?

-Сонгуулийн шинэ хууль бол ерөнхий зарчмаараа системийн хувьд нэг ахисан. Мажоритар хувилбар дээр пропорциональ хувилбарыг оруулж ирж холимог системийг сонгосон. Хэдий систем талаасаа нэг ахисан ч пропорционал хувилбарыг дөнгөж амсуулах төдий л оруулж ирсэн нь учир дутагдалтай. Мөн эрх баригч намууд УИХ-д байгаа давуу талаа ашиглаж мөн өөрсөддөө сурталчилгаа хийх хугацааг гаргаж өгч, асар үнэтэй сэтгүүл, гадаадад хийлгэсэн бурхан тарааж байна.

 

-Дараагийн асуултыг Алтны сэдвээр үргэлжлүүлье. Монголд энэ олон компани алт олборлодог мөртлөө энэ их алт хааччихдаг хэрэг вэ?

-Одоогийн байдлаар Монгол Улсад 464 компани алтны олборлолтын лицензтэй байгаа. Үүнээс 76 компани нь алт олборлож байгаа. Монгол оронд алт олборлож байгаа компани жилээс жилд нэмэгдэж байгаа боловч Монгол банкинд тушааж байгаа алт жилээс жилд буурч байгаа. Өмнө нь бол жилд 15 тонн алт тушаадаг байсан бол өнгөрсөн жил 2 тонн алт л тушаагдсан.

Бараг 7-8 дахин буурсан гэсэн үг. Монгол Улс хамгийн багадаа жилд 20-50 тонн алт олборлож байгаа тооцоо бий. Үүний ихэнхийг хууль бусаар хил давуулан гаргаж байгаа. Гэтэл Монгол Улс төртэй, цагдаатай, хилтэй, тагнуултай шүү дээ.

Өнөөдөр стратегийн ач холбогдол бүхий 15 орд байгаа. Үүнээс Бороогийн орд бараг дуусчихлаа. Одоо дээр нь Тавантолгойг тав хуваагаад хаячихсан. Нарийн сухайтыг гурав хуваагаад цөлмөж байна. Засгийн газар ашигт малтмалын хуулийн 5.5-ыг санаатайгаар зөрчиж байна. Нэг хэсэг олигархиуд шууд ард түмний баялгийг дээрэмдчихээд шилдэг бизнесмен шагнал хүртэж байна.

Одоогийн байдлаар Монголд өдөрт хамгийн багадаа нэг саяаас дээш долларын нүүрс гаргадаг 5 компани байна. Монголын ард түмэнд наалдаж байгаа нь өчүүхэн ч алга. “SouthGobiSands” компани ажилчдаа халаад гадаадад ордоо өндөр үнээр зарах санал тавиад явж байна. Үндсэн хуулиар баталгаажсан ард түмний баялгийг ингэж дураараа зарж болдог юм уу?

 

-Алт олборлож байгаа том компанийн талаар ярилаа. Нинжа нарын талаар?

-Мэргэжлийн ажиллагсадтай, тоног төхөөрөмжтэй, төхник эдийн засгийн үндэслэлээ гаргасан ийм компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл хүрзтэй, жоотуутай хүн уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа нь манай төрийн алдаатай бодлого. Эдгээр хүмүүст байгаль орчныг нөхөн сэргээх ойлголт oгт байхгүй.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ойлголт огт байхгүй. Одоо бүр 100 мянган нинжатай болчихсон байна. Нинжа нар бий болсноос хойш жил бүр хүмүүс амиа алдаж байна. Үүнийг тоолж байгаа нэг ч хүн алга. Социализмын үед уул уурхай, эрчим хүчний салбарт үйлдвэрлэлийн ослоор жилдээ 2-3 хүн л амь насаа алдаж байсан.

Одоо нинжа нарын дунд жилдээ 50-60 хүн амь насаа алдаж байна. Мөн Налайхын уурхайд жилд 20 гаруй хүн амь насаа алдаж байна.

 

-Заамар их алтаа олборлуулаад Заамар сум өртэй үлдсэн. Оюутолгой Ханбогд сумыг усгүй болгоод хоослох гэж байна гэж нутгийн иргэд дургүйцлээ илэрхийлж эхэллээ. Энэ талаар?

-Энэ хэсэгхэн хүн байгалийн баялгийг цөлмөн дээрэмдэхийн тулд төрийн бодлогыг алдагдуулж байна. Ямар ч төрийн бодлого алга байна. Эхлээд хотоо байгуулаад, дэд бүтцээ байгуулаад, тэгээд мэргэжлийн ажилчдаа сургаад, ямар төлөвлөгөөтэй явуулах юм, экспортлоод үлдсэн нүүрсийг яаж дотооддоо зөв ашиглах юм, байгапь экологио яаж хамгаалах юм зэргийг ерөөсөө тооцсон юм алга. Дэд бүтэцгүй үйлдвэрээ эхэлчихэж байна.

Үндсэндээ Монгол Улс төргүй болчихоод байна. Хуучин бол Багануурыг, Эрдэнэтийг, Бор-Өндөрийг, Хажуу Улааныг, Хөтөлийг ч тэр бүгдийг нь дэд бүтцээ байгуулж, хотоо барьсны дараа үйлдвэрээ эхэлсэн. Оюутолгой шиг майхан платка, эсгий гэртэй дэд бүтэцгүй үйлдвэр эхлээгүй.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин