sonin.mn
Ардчилсан улс байхын үндсэн шалгуур бол төр засаг нь ард иргэддээ нээлттэй, ил тод байх явдал юм. Харин үүнийг тунхаглах төдий уриа үг биш жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө сүүлийн жилүүдэд төр засгийн түвшинд анхаарч эхлээд байна.
 
Аливаа шийдэл, гарц зөвхөн хуулиар баталгаажиж, түүнийгээ баримталж, бас хэрэглэж сурснаар үр дүнд хүрэх юм, Тиймээс ч сайн засаглалын үндсэн шинж гээд байгаа ил тод байх асуудлыг хуулиар зохицуулаад өгчихлөө.
 
Харин "Монголын хууль гурав хоног" болгочихгүйн тулд бидэнд хамтын хүчээр хэрэгжүүлэх л үлдээд байгаа юм. Харьцангуй шинэ хууль болох Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль,
 
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төсвийн тухай хуулиуд нь төр засагт нээлттэй, ил тод байх, иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй үйлчлэх үүргийг хүлээлгэж, иргэд мэдээлэлтэй байх, төрийн үйлчилгээг шуурхай хүртэх эрх, боломжоор хангагдсан эрх зүйн чухал баримт бичгүүд болсон юм.
 
Цаасан дээр үлдэх хууль бус амьдралд хэрэглэгдэх хууль байлгахад төр засаг шат шатандаа анхаарч, ил тод байх, хүнд сурталгүй болгох хуулиа иргэддээ сурталчлахад хүч тавих хэрэгтэй байна. Захын иргэнээс "та ийм хууль мэдэх үү" гээд асуухад "мэдэхгүй" гэж хариулах нь дийлэнх. Тэгвэл иргэдийг хуулиа судал гээд явуулах уу?
 
Нүүдлийн соёлтой манайх шиг улсад, ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд хуулийг хэрэглэх мэдлэгийг эзэмшүүлэхэд бэрхшээл бий хэдий ч иргэд ядаж л "хуулинд юу гэсэн байдаг юм бол" гэж асуудаг болтол нь ажиллах шаардлага төр засагт тулгарч байгаа юм.
 
Түүнээс биш баахан хуулийг олшруулан тараах, эсвэл нэг хоёр өдрийн сургалт хийснээр хууль амьдралд биелж, нэгж иргэнд хүрнэ гэж үгүй л болов уу. Нэг үеэ бодвол төрийн байгууллагууд хууль сурталчлах, иргэдэд мэдээллээ хүргэх ажилд хүч анхаарал тавьдаг болжээ.
 
Магадгүй "дээрээс" нь шахаж шаардаад, төр засгийн бодлогод суулгаад, албан тоот явуулаад, ажил дүгнэх үзүүлэлт болгоод ирэхээр үндсэн ажил үүргийнх нь нэг хэсэг болж байгаа биз ээ. Гэвч энэ ажлыг ямар нэг мэдээ тайланд зориулан оромдох, эсвэл "Нээлттэй хаалганы өдөр" гэгчээр аргацаах юм бол цаасан дээр үлдэх хуультайгаа л хоцорно.
 
Тэгэхээр олон талт арга хэмжээг санаачлан, бодитоор хэрэгжүүлж байж л нээлттэй, ил тод байдлыг хангах юм. Төрийн ихэнх байгууллагууд иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, мэдээллээ ил тод байлгахад анхаарч байна гээд бие биентэйгээ уралдах мэт ийм ч танхим, тийм ч төв гэсэн хаягтай өрөө тасалгаа нээж, иргэдийг хүлээж авах өдөр товлож, нээлттэй хаалганы өдрөө шил даран хийцгээж байна.
 
Гаднаа тууз дарцаг болоод, хөгжим хангинуулаад, элдэв цаас тараагаад байхаар мэдээж иргэд сониучирхан очно. Бас хэвлэл мэдээллийнхэн гүйлдэж, ярилцлага, сурвалжилга авна. Энэ нь нээлттэй хаалганы өдөр. Харин маргааш тэнд нам гүм. Иргэдийн хөл хөдөлгөөн тасарна.
 
Тэгэж байтал ямар нэг танхим, төвийн нээлт болж, мөн л тууз хайчлан иргэдийн хөлд дарагдана. Харин шинэ тавилга, ном товхимлын үнэр ханхалсан өрөө цоожтой голдуу, нам гүмхэн үлдэнэ. Бас тэнд нэг байгууллага иргэдийг хүлээж авах өдөртэй болжээ. Нэг хэсэгтээ телевизээр зар явуулж, иргэдийг урьж байна аа.
 
Эхэндээ тав арван иргэн ирсэн ч бас л удаан үргэлжилсэнгүй. Иймэрхүү л үр дүнтэй ажлууд төрийн байгууллагууд дээр хийгдээд, төсөв хөрөнгө зарцуулсны үр дүн маруухан болоод байна. Эхлүүлсэн ажлаа тэгэсгээд орхиж, эрч хүчийг нь сулруулаад байх уу, аль эсвэл өөр арга замыг хайх уу?
 
Зарим нэг байгууллага санаачилга сааруулахгүй яваад байна аа. Хамгийн чухал гарцаа тэд олжээ. Энэ бол мэдээллийн сувгуудыг ашиглан зохион байгуулалттай, тасралтгүй үйл ажиллагаа явуулж хэвшсэн явдал. Тухайлбал: мэдээллийн хэрэгслүүдэд өөрийн гэсэн нийтлэл, нэвтрүүлгийн булантай болж, түүнийгээ төлөвлөгөө гарган хөтөлдөг.
 
Улмаар хэвлэл мэдээллийн шүүмжлэлийн мөрөөр ажил зохион байгуулдаг. Хуулийг хэрэгжүүлэх үр дүнтэй алхмуудыг хийж байгаа зэрэг сайн жишээнүүд бишгүй байна. Энд ердөө сайн харилцаа, менежментын оновчтой шийдэл л явагдсан нь лавтай. Энэ асуудалд аль нэг байгууллагыг цохон дурьдахыг урьтал болгосонгүй.
 
Бид /сэтгүүлчид/ төрийнбайгууллагуудын нээлттэй ил тод байдлыг өдөр тутам "хянаж", иргэдийн өмнөөс гүйж байдаг хүмүүс. Ингэх явцад төрийн байгууллагын зүгээс саад тотгор учруулах, хүнд суртал гаргах, чирэгдүүлэх нь ч бий.
 
Энэ болгонтой тэмцэж, сайн засаглал, хариуцлагатай байдлыг бий болгохыг иргэдийн өмнөөс шаардаж, бас төр засагтай хамтарч, нээлттэй байдлыг нэг өдрөөр хязгаарлахгүй байлгахын төлөө ажилласны үр дүн гарч л таараа. Төр засаг маань шат шатандаа нээлттэй, ил тод байхад дөрөв дэх засаглалын үүрэг их. Басхүү хамтын хүч юу юунаас чухал... 
 
/Энэхүү нийтлэлд дурьдагдсан шүүмжлэл, мөн хөхиүлэн дэмжсэн агуулга нь бүгд баримт дээр тулгуурласан болно/
 
 
Г.Жавзандулам
 
Эх сурвалж: “Архангайн мэдээ” сонин