sonin.mn
Монголчууд баяжих тухай бодохоороо "бэлэнчлэх" аргыг л сонгох юм уу эсвэл "гэнэт" баяжих санаархалаар дүүрэн байх юм. "Гэнэт баяжих аминд халтай, гэнэт цадах гэдсэнд халтай" гэсэн эцэг дээдсийнхээ сургаал, амьдралын аман хуулийг мэдэхээ больсон, мартчихсан бололтой.
 
"Бэлэн юманд ухас хийнэ 
 
Бэрх юманд ухрас хийнэ"
 
гэдэг аман сургамжийг бол бараг л хүн бүр "хэрэгжүүлэх" санаатай болжээ. Тэрхүү "бэлэнчлэх" юм нь бүтэхгүй болохоор "хулгай", "дээрэм" гэдэг нүгэлтэй гэмтэй хэрэг тарьж айлын болон албан газрын, амь хүний хөрөнгө хогшилд гар дүрээд баригдаж "хар гэрийн хаалга" татдаг. Хэргэм тушаалтай түшмэдүүд болохоор "хуйвалдаж", "үгсэж", "мэхлэж" байгаад улсын мөнгө, төсвийн санхүүжилт, гаднын тусламжнаас сэмхэн халааслаж "гэнэт баяждаг" болоод байна. Тийм түшмэдүүд өөрөө, өрөөл бусдыг тэр ч байтугай эхнэр хүүхдээ хомроголуулахад хүрдэг нь сүүлийн жилүүдэд үргэлж сонсогддог боллоо.
 
Гэтэл манай эх орон "үнэ төлбөргүй баяжих" боломжоор хосгүй билээ. Эх болсон байгалынхаа тэр хшигийг хүртэж "шингээх" амны хишиг л дутсаар байгаагаас хөдөлмөрийн чадвартай хүн амын гуравны нэг нь ядуу, гуравны хоёроос илүү нь дундчууд гэгдээд өлөн зэлмүүн амьдарцгааж байгаа нь гайхалтай үзэгдэл. Зах зээлийн харилцааны нийгэм сонгож авсан л бол тэрхүү 200 гаруй жил өрнөдийн онуудад янз бүрийн улс үндэстнүүдийн хуримтлуулсан туршлага, туулсан бэрхшээл, хямрал, баяжсан арга хэлбэр нь цөм тодорхой байхад тэрнээс суралцах ухаан дутсан юмуу тэрнийг мэдэхгүй хүмүүс маань амь зуух сэтгэлгээний хомсдолд орж сүйрэх байдал гарч эхэлсэн юм.
 
Гэтэл "Баяжих" гол арга бол мэдлэг шаардахааргүй ганцхан сонгодог юм байсаар ирсэн. Тэр бол "хөдөлмөр" Хөрөнгөт нийгмийг нэвт судлаад "Хөрөнгө" /капитал/ гэдэг суут сонгодог бүтээлээ хийсэн Маркс "Хөдөлмөр хүнийг буй болгожээ" гэж тунхагласан. Тэгэхээр хөдөлмөр бол "баяжих" хэрэгсэл төдийгүй хүнийг өөрийг нь буй болгож, адгууснаас ялгаруулан дэвшүүлсэн ганц ид шид, баяжих "алтан түлхүүр" юм, Үүнийг монголчууд хэдэн түмэн жилийн турш баримтлаж таван төрлийн мал сүрэг өсгөн үржүүлж "малчны хөдөлмөрөөр" баян цатгалан аж төрж, бас дайчин хүчирхэг чанараа тэтгэн дэлхийд байгуулж ирсэн түүхтэй билээ.
 
Малчин монгол хүн өдөр бүр зогсоо зайгүй хөдөлмөрлөж "өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч" байсаар ирсэн. Хэрэгцээнийхээ 1500 гаруй бүтээгдэхүүнийг /2000 үйлдэл шаардагддаг/ гэр бүл болж айл өрх тусгаарласан эр, эм хоёр хүн, үр хүүхэд, ам бүлийнхээ туслалцаатайгаар өөрсдөө хийдэг уламжлалтай байлаа. Монгол хүн өөрөө өөртөө үйлдвэрлэгч байх үедээ хэний ч хараат бус биеэ даасан чөлөөт хувь хүн өөрөө бүтээгч /self-made people/ ард зон байлаа.
 
Гэвч хорьдугаар зууны дунд үеэс эхлээд бусдаар юмаа хийлгэж түүнээ дэлгүүрээс авах европын суурьшсан хүмүүсийн "муу занг" сурч эхэлснээс хойш "бэлэнчлэх" сэтгэлгээнд автагдаж явсаар сүүл сүүлдээ эхнэр дээлээ оёж чадахгүй, дэлгүүрдэх, эр нь гэрээ барьж чадахгүй "тагздахад" хүрсэн гэхэд болно" Шавар тагзанд шавааралдан сууваас монгол монголоо алдана" гэсэн өвөг дээдсийн сургаалиас тийнхүү "урвасан" билээ.
 
Үр хүүхдээ 25 нас хүртэл нь цэцэрлэг, бага Дунд сургууль, их дээд сургууль, аспирантурт сургана гэж ширээний ард суулгаж, багшийн үгийг цээжлэж байсаар аль л сортоотой цагаа "биеийн хөдөлмөрөөс" чөлөөлж суусаар сул биетэй, гарын дүйгүй хүмүүсийн бүхэл бүтэн "хамтлагийг" хоёр гурван үе дамжуулан бэлтгэсэн учир "гар нь хөдөлгөөн муутай", ам нь байнгын хөдөлгөөнтэй" хүмүүсээр дүүрээд байсан үед гэнэт "зах зээлийн тогтолцоонд орно" гэж амаараа чанга дуугарцгаав.
 
Гэтэл тэр бэлэн амны чанга дууг нь хэрэгжүүлэхэд гар нь бэлэнгүй байлаа. Тэр байдал хямралд хүргэх аюултай тул "өрх бүр үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч" гэдэг урлаг миний бие дэвшүүлж, улмаар Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхэд нь "хөтөлбөрөө" болгож билээ. Гэхдээ тэрнээс өмнөх жилүүдэд, дараах жилүүдэд нь ч мөнхүү санаагаа зүйл бүрээр тайлбарлан засгийн газрын хөтөлбөр болгоосой гэсэн сэтгэлээр:
 
"Огторгуйгаас мөнгө саацгаая" гэдэг нэрийн дор, нар салхины хүчийг ашиглан
 
Нэг: "Нарны илч солбицон барих бодлого" боловсруулая 
 
/Үүнд: а/Наран тулга яаж хийх вэ?, б/ наран пийшин яаж хийх вэ? в/ Наран "хэт" яаж хийх вэ?, г/ Наран тэрэг яаж хийх вэ?
 
Хоёр: "Салхи хураан эзэгнэх бодлого боловсруулая"
 
/Үүнд: а/салхиар жин тээлгэе, б/ салхиар гурил тээрэмдүүлж, ховоо татуулья, в/ салхиар гал асаалгая.
 
Гурав: "Цэнхэр зул" барих бодлого боловсруулая"
 
/Үүнд: а/Үнээн зэл, хонины хотонд хэвтэх эрдэнэ, б/ цэнхэр дөл илчтэй /метан хий/, в/шингэн аргалаар био хий үйлдвэрлэе/
 
Ийм санаануудыг дэвшүүлэн бараг л аргачлан бичиж үүнд хэрэглэгдэх гол "шатахуун" нь мөнх тэнгэрээс үнэ төлбөргүй хишиг болон бууж буйг /нарны илч, гэрэл, салхины хүч, борооны ус/ ашиглан "үнэ төлбөргүй өмчлөх ухаан" гаргацгаая хэмээн асуудал дэвшүүлсэн түүнийгээ байнга нийтлэлийн төрөл бүрийн хэлбэрээр сурталчилсаар /"Дал" сонинд голдож/ ирсэн боловч хорин жилийн турш дөрөв таван засгийн газар /түүний дотор 4 жилийг нь Ардчилсан нам, 16 жилийг нь МАХН /МАН/ эрх барьж байсан боловч тийм зүйлд биш улс төрийн маргаан, албан тушаалын өрсөлдөөн, авилга, хуйвалдааны торонд орооцолдсоор байгаад маш их цаг, хүч, хөрөнгө алдсан юм.
 
Хэдийгээр нар, салхины хүчээр эрчим хүч үйлдвэрлэхэд огт хоосон бус, зарим нэг ахиц гарсан боловч төр засгийн дэмжлэг, анхаарал туслалцаа, тэр ч байтугай ухаан дутаж дэлхийн бусад орнуудад ихэд дэлгэрч буй энэхүү арга хэрэглүүрийг сайн ашиглаж чадсангүй. Харин Цонжин болдог орчимд салхины хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх ажиллагаа л цорын ганц далайцтай ололт болох хандлагатай байгааг тал бүрээр дэмжүүштэй юм.
 
Нарны эрчим хүч ашиглах тухайд ч гэсэн цаашдаа онцгой анхаарч "Нарлаг монгол" гэдэг нэрэндээ тэнцэхүйц ажил өрнүүлж малчин өрх бүрийг, сум, суурин газруудыг, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг тэнхээжүүлэх төр, засгийн бодлогыг боловсронгуй далайцтай болгууштайг хэлэлтгүй болой.
 
Нар салхины эрчим хүч бол нөхөн сэргээгдэж байдаг мөнхийн хөдөлгүүр. Гэтэл монголын улс төрчид, эдийн засагчид ийм мөнхийн эх булгийг биш мөнх бусын шинжтэй, ёроол нь харагдах буюу нэн удахгүй дуусах тавилантай юманд "толгойгоо өгч" Оюу-толгой, Таван толгой, Да Чин тамсаг, Хөшөөтийн хөндий гэхчилэн нүүрс, нефть, зэс мэтийг гадаадынхнаар голчлон "төнхүүлж" бөөн мөнгө олох, нэг ёсондоо өнөөх л "бэлэнчлэх" сэтгэлгээний өвчиндөө баригдсан бас "бага хийж их мөнгө" олох шуналдаа автагдан хэдэн мянган жил эх орны хэвлийд хадгалагдсаар ирсэн баялаг руу "өөрийн биш" хүний гарыг "дүрүүлэх" бодлого /бодлого биш ов/ гаргацгааж бараг л хорин жил толхилдоцгоолоо.
 
Газрын дор байгаа юмыг авахын тулд газрын дээрх хөрс шороог  сүйтгэж хөнөөх давхар хохирол үзэж эхэлснээр Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатар гэхчилэн аймгуудын малын бэлчээр, хөрс ус сүйдэж аажимдаа тэр бүс нутагт мал аж ахуй эрхлэх бололцоогүй болох хандлага гарч эхэллээ. Тэр ч байтугай Дорноговийн Улаанбадрах сумын зарим малчдын мал нь цацрагт хордож олноороо үхэж байгаа ажээ.
 
Малын үхлийн дараагаар хүн амынх эхлэхэд ч тун магадлалтай аюул ялангуяа "уран" олборлох явдлаас үүдэгдэх нь ойлгож ядах зүйл биш билээ. Дотор санаатай том гүрнүүд юуны урьд нутгийнхаа зах, хил хязгаартаа байгаа ашигт малтмалыг эхлээд ухаж ашиглахаас бус дотогшоо, төв хэсэг рүүгийнхийгээ нөөцлөөд үлдээгээд байдаг бодлоготой бас улстайгаа хил залгаа улс орны өөртэйгээ хиллэж буй бүс нутгийн баялгийг ихэд олзуурхдаг /хилд ойрхон, зөөхөд хямд/ төдийгүй зарим том гүрэн өөрсийн бус харь орны нутаг дээр дайн гаргаж, зэр, зэвсгээ борлуулж, бас бус ашиг олдог бодлого барьдаг бол манай зарим улс төрч болж л өгвөл нийслэлийнхээ захын хороолол, эсвэл төвийн аймгуудын нутгийн газар дорхи болон дээрх баялгийг гадныханд найр тавих санаатай байдаг нь гайхмаар ажээ.
 
Төв аймаг, дархан цаазат Богд уулын цаад хормой, энгэрээс "уран" хайхаар барахгүй ашиглуулахыг их мөнгөнд нь шунаад гадныханд зөвшөөрчихөөр түшмэдүүд манайд байхгүй гэж нотлоход бэрх ажээ. Газрын гүний баялаг бол "ёроолтой саванд" байдаг болохоор нэг л мэдэхэд дуусч хоосон хар нүх нь үлддэгээр барахгүй тэр нүх зэрэг сүйтгэлийг нь "илааршуулахад" ахиад мөнгө хэрэгтэй болдог учраас түр зуур л "баяжина уу" гэхээс биш байнгын түрийвч түнтгэр явахын нэр биш юм гэдгийг хамаг баялагаа харийнхан /өрнөдийн орнуудад/ соруулаад өөрснөө дэлхийн хоцрогдсон улсуудын тив болж байгаа Африк бэлхэнээ харуулсан гашуун сургамжийг хэн бүхэн сонсож мэдэж л байгаа шүү дээ.
 
"Баяжих мөнхийн баялаг-хөдөлмөр".
 
Хөдөлмөрийн ид шидээр хүн төрлөхтөн адгууснаас ялгаран цойлсон бол монголчууд бид хөдөлмөрийн ачаар дэлхийн талаас илүүг эзэгнэж байлаа. Гэтэл одоо, хорин нэгдүгээр зуунд хөдөлмөрлөхгүйгээр үндэстнээ аварч, мандуулж чадахгүй. Учир нь бид "зах зээлийн харилцааны" тогтолцоог сонгосон. Энэ тогтолцоонд хэн хөдөлмөрлөхгүй бол тэр "ам тосдохгүй". Гэхдээ "хөдөлмөр" хэмээхийг нэг их сүр бадруулан сүрдэх ойлголтоор хол явахгүйг ч бас хүн бүр ойлгууштай.
 
Үүнийг нотлохын тулд ердөө л нэг жирийн "Багваахай цэцэг" /одуванчик/ гэдэг хөдөөд ч хотод ч саравгар шар дэлбээгээ дэрвийлгээд хөл дор ургаж, шүхэр шиг цагаан болсон үрээ салхинд хийсгэж "садаа болж" байдаг ургамлаар л хага баяжих боломжтой юм гэвэл лав л нийслэлийнхэн үнэмших нь юу л бол?
 
Гэтэл тэрхүү "Багваахай" цэцэгнээс багагүй олз олдог байна. Гэхдээ хөдөлмөрөөр шүү дээ. Багваахай цэцэг, нэгдүгээрт хүнс тэжээл болдог, хоёрдугаарт бал өгдөг, гуравдугаарт ундаа болдог, дөрөвдүгээрт залуужуулах эм болдог, тавдугаарт сэргээш цай /кофе/ болдог байна. Ганц цэцэгнээс таван янзын бүтээгдэхүүн гаргаж авдаг ажээ.
 
Германы агуу их сонгодог зохиолч эрдэмтэн Вольфаганг Гёте 83 наслахдаа ажиллах, бүтээх чадавхиа насан эцэс хүртэл өндөр байлгаж чадсаны нууц нь багваахай цэцгийн, дэлбээгээр хавар болгон салат /шанцай/ хийж иддэг байсных гэж тогтоосон байна. Хавар эрт багваахай цэцэг дэлбээгээ дөнгөж дэлгэж байхад нь залуу навчаар нь хигдэс болгон хоолондоо хэрэглэхэд тун их сайн зүйл юм байна.
 
Багваахайн цэцэг нь бундуу болж эхэлбэл хатуурч амт нь мууддаг боловч бундуу /бутон/ нь бас хоолны хольц болдог байна. Тэрчлэн багваахайн цэцэгнээс ундаа гаргаж ууна. Бал ялгаруулж авна. Залуужуулдаг. Есдүгээр сард үндсээр нь кофе хийж ууна. Шараад хуураад сэргээш цай болгон хэрэглэдэг байна.
 
Баяжих жорыг нь олж чадвал багваахай цэцэг шиг үнэ төлбөргүй зам дагуу ургаж байдаг юмнаас ч мөнгө сааж, эрүүл мэндээ тэтгэж болдог юм байна гэдгийг хэлэх гэж л энэ багваахай цэцгийн тухай ярилаа. Харин нар салхины хүчийг ашиглах, био хий, аргал хөрзөнгөөр эрчим хүч үйлдвэрлэх тухайд бол бүүр 1989 оноос эхлээд бичиж хожим бүтээлийн чуулганы минь 15 дугаар ботид орсон нийтлэлүүддээ олон тооны санаа дэвшүүлсэн боловч өлгөж авсан хүн тун ч ховор байгаа нь "цатгалан" яваагийнх биз.
 
Гэхдээ зах зээлийн нийгэмд, бас мэдээллийн гэх энэ ХХI зуунд "баяжих жор" мэдээллийн хэрэгслүүдээр маш олноороо тарж буй тул түүнийг олж аваад хөдөлмөрлөх хэрэгтэй юм даа.
 
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, доктор, сэтгүүлч  Л.Түдэв