sonin.mn

- Аляскад Украиныг хуваагаад дараа нь Европыг, Дэлхийг...


Би Лондонд олон жил аж төрж, уран бүтээлээ туурвиж суудаг зураач хүн. Тухайн үед ах дүү Польшид зураачийн мэргэжил эзэмшсэн. Их Британи бол яалт ч үгүй ардчилсан улс. Ардчиллынх нь үр шимийг амсаад би гэр бүлээрээ энд аж төрж болоод байна, хууль дүрмийг нь сахиад болж л байна. 


Харин Ардчилсан Монголынхоо зарим иргэд, анд нөхөд, ахмад дайчид, дүү нарыг ойлгох ухаан дутаад цөхрөлөө барах дөхөх юм. “Ояа”, тролл гэдэгчүүдээс биечлэн таних хүн над байхгүй ч, тэд бол монгол ахан дүүүс маань. Ардчиллын үр шимийг амсагч МОНГОЛ-чууд учраас амны зоргоор намайг харааж зүхэж барьж идэх нь тэдний эрх. Би хотойхгүйгээр дахин бичье.


Трамп, Путин хоёр уулзах боллоо гэмэгц л Орос ялж байна, Украин сөнөж байна, ялагдлаа, хохь нь, Америк суларлаа, сүйрлээ, Путины ялалт гээд манайхан баахан хийрхлээ.  


Ардчилал эрх чөлөөний зам сонголоо, хөгжлийнхөө гэрэлт цамхагийг Европын Холбоо гэж харлаа гэснийхээ төлөө л Украин Оросын эзлэн түрэмгийллийн хохирогч болчихсон шүү дээ. Одоо ч цус урссаар байна. Европ даяар, энэ Британи улсад Орост хайртайчууд гэж нэг ч байхгүй болтлоо Путины яргалал, цуст түрэмгийллийг эсэргүүцэж байна. Би өдөр бүр харж байна. Британид засгийн эрх солигдож, эрх баригч хоёр том нам ээлжлэн төр барихад хоёулаа л Украины ард түмний талд бат зогсож байна. 


Нөгөө талаас Орост суртал нэвтрүүлгийн заналхийлэл тасрахгүй байна. Украин гэж ард түмэн угаасаа байгаагүй, тэд бол орос, тиймээс тусдаа оршин тогтнох эрхгүй, устгавал таарна, зэвсгийг нь хураана, нацистуудыг нь шийтгэнэ, хөнөөнө, Европ Украинд туслаж болохгүй, Путин эзэлсэн нутгаа хэзээ ч буцааж өгөхгүй, үүрд Оросынх... 


Хүний нутгийг цэргийн хүчээр үхэл зовлон (нэг сая орос цэргийн шарил) тарин байж булааж аваад ОХУ-ын Үндсэн хуульдаа оруулаад баталгаажуулчихвал үүрд Оросынх болчихдог–XXI зуунд арай л хэтрүүлж байна уу? Оростой хил залгаа бүх улс орон нутаг дэвсгэрээ алдахад хэзээд бэлэн байх ёстой юу?


Гурван жил хагасын өмнө түрэмгийлэл эхэлж байх үед оросуудын (хэрэг дээрээ Путины) тавьж байсан буулган авах шаардлага яг хэвээрээ. Бууж өгөхгүй бол устгана! Оросууд ингэтлээ газар нутгийн шуналын тулам болчихсон юм уу гэж би гайхшаа бараад одоо бичиж байна. 1991 онд Зөвлөлт гүрнийг булшлахад оройлсон Орос чинь өөрөө хамтран хуйвалдсан Украин, Беларусийнхаа хил хязгаар, Зөвлөлтөөс өвлөсөн бүхнийг нь хүлээн зөвшөөрсөн биз дээ. 1994 онд Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ОХУ өөрөө оройлоод АНУ, Британитай хамтраад аюулгүй байдлын баталгаа гаргаж өгснийг монголчууд минь эрхбиш мартаагүй байлтай. Мартсан бол би сануулъя.


Оросын төлөө үхэхээс бусдыг хийхэд бэлхэн монголчууд минь Оросын ТВ-ийн суртал нэвтрүүлэгт тархиа нэвт угаалгаад, Украин руу нялж нааж байгаа бүх хар хорыг зөвшөөрөөд дагаж дууриаж хараал урсгаад байвал Орос ялчихна гэж боддог бол хий горьдлого шүү. Энэ цаг үедээ Зеленский бол олон улсын шилдэг лидер. Түүхнээ эх орноо хамгаалагч, тусгаар тогтнолоо наймаалцаагүй гэж мандана. Харин Путин бол цуст яргачин, эзлэн түрэмгийлэгч гэсэн хоч-цолтой хорвоогоос явна. Би Та нартаа ахмад хүний хувьд, уран бүтээлчийн хувьд жирийн нэгэн асуултыг газрын зургаар тавья. 




ОХУ-тай хил залгаа баруун, баруун хойд аймгуудаас Орост хайртайчуудыг элсүүлээд Улаанбаатарынх нь эсрэг цэнэглээд босгочихож гээд төсөөлөөд үз дээ. Эхлээд референдум явуулаад, дараа нь ОХУ-д аймгаараа нэгдэж орох хүсэлт Москва руу өгүүлээд, сүүлдээ Москва нь ОХУ-ын Үндсэн хуулинд нөгөө аймгуудыг чинь ОХУ-ын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гээд батлачихвал (зүгээр төсөөлөл шүү!) энэ “ОЯА” нар яах болж байна вэ гэж би айх боллоо. Тэгээд Улаанбаатарт нь зөвшөөрөхгүй бол дайн хийчихээд манай нутагт байлдаад салахгүй, урвагчид ба 5-р цувааг монголчуудынх нь эсрэг ашиглаад, цус урсгаад байж байвал ямар байх вэ? Миний монтажилсан газрын зургийг хар даа. Би ёрлож байгаа юм биш. Зүгээр л Та нарт энгийнээр ойлгуулах гэж байна. Харьцуулалт хийлгэх гэж байна. Энэ зургийг сайтар хар, Таны сэтгэлд юу буух вэ? 


Украин гэдэг улс, Украины ард түмэн яг л ийм зүйлтэй тулгарчихаад эх орноо хамгаалан байлдаж байна. Ганц Украин гэлтгүй, эх орноо гурван хэсэгт хуваалгасан Гүрж, хоёр хэсэгт хуваалгасан Молдав, мөн цуст түүх дагуулсан Нагорно-Карабах (Армен-Азербайжан хоёрыг хэн байлдуулж, дээр нь арбитр хийгээд тавлаад сууж байлаа?), одоо бараг дайны байдал руу шилжих гэж байгаа Орос-Азербайжан, Казахстаны эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулахыг Оросын ТВ-ээр байнга уриалдагуудыг орхиё.


Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньски 17 жилийн өмнө Тбилисид цуглаан дээр индрээс дэлхийд хандан “Өнөөдөр Гүрж, маргааш Украин...” –анхааруулж байв. Түүний үг зөгнөл мэт сонсогдож байсан ч 2014, 2022 онуудад гарцаагүй нотлогдсон доо. Качиньски ингэж анхааруулж байсныхаа төлөөсийг амь насаараа Оросын нутагт төлсөн дөө.


Эх орноо хуваалгасан бусдын гашуун түүхүүдийг давтахгүй гэснийхээ төлөө Украин эх орноо хамгаалах шударга дайн 2014 оноос хийж байна. 2022 оноос дайн шинэ шатандаа гарсан. Үргэлжлэн цус урсаж байна. Өнөөдөр биш ч хэзээ нэгэн цагт Украин зөвтөхийн цагт харин бид Монгол-Зөвлөлтийн улирч баларсан найрамдлаар ам таглаад оросыг зөвтгөөд дуусна гэж байхгүй шүү, эрхэм дүү нар аа, анд нар аа! 


                                                

Тодын Отгонбаяр (Лондон зураач)