
ОСЛО, 2025 оны есдүгээр сарын 9 /Reuters/. Норвегийн Хөдөлмөрийн намын засгийн газар даваа гарагт улиран сонгогдож, популист барууныхан түүхэндээ хамгийн өндөр амжилт үзүүлснийг сонгуулийн албан ёсны дүн харуулжээ. Амьжиргааны өртөг нэмэгдсэн, Украин, Газын зурваст дайн дэгдсэн зэрэг асуудал сонгуулийн үеэр давамгайлж байв.
Саналын хуудасны 99 хувийг тоолсны дараах байдлаар, одоогийн Ерөнхий сайд Йонас Гар Стёрегийн Хөдөлмөрийн нам болон зүүний үзэл баримтлалтай дөрвөн жижиг нам 87 суудал авсан нь олонх болоход шаардлагатай 85 суудлаас давжээ.
Гэхдээ өдгөө 65 настай Й.Стёре төсвийн төсөл зэргийг батлахдаа жижиг намуудаас ихээхэн хамааралтай хэвээр байх юм. Тэдний дэмжлэгийг авахын тулд тэрбээр баян чинээлэг хүмүүст ногдуулах татварыг нэмэгдүүлэх, ирээдүйд газрын тосны хайгуул хийх зэрэг асуудлаар ширүүн хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна.
Тромсогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны дэд профессор Йонас Стейн Ройтерс агентлагт хэлэхдээ, Й.Стёре ерөнхий сайдын албыг үргэлжлүүлэн хаших болно, гэхдээ тэрбээр таван намаас хамаарсан илүү хүнд нөхцөл байдалтай тулгарна гэжээ.
Хэдийгээр зүүнийхэн ялалт байгуулсан боловч даваа гаргийн санал хураалтаар консерватив сонгогчдын зарим нь баруун тийш холбирч, 47 настай Сильви Листхёугийн популист, цагаачлалын эсрэг байр суурьтай Хөгжил дэвшлийн нам сонгуульд хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна. Тус нам 169 суудалтай парламентад 48 суудал авснаас үзэхэд татварыг бууруулах амлалт нь олон сонгогчид таалагдсан бололтой.
Нэгэн цагт Рональд Рейган, Маргарет Тэтчер нарыг үлгэр дуурайл хэмээн нэрлэж байсан С.Листхёуг сонгуулийн кампанит ажлынхаа үеэр олон улсын тусламж, ногоон эрчим хүчний татаас зэрэг салбарт төсвийн үрэлгэн зардал гарч байгааг шүүмжилж байжээ.
“Өнөөгийн залуучуудыг өмнөх үеийнхэнтэй харьцуулахад илүү барууны үзэлтэй болсон байна. Хөгжил дэвшлийн нам залуучуудын, ялангуяа залуу эрчүүдийн саналын ихээхэн хувийг авсан” хэмээн Осло хотод төвтэй “Civitas” судалгааны төвийн ажилтан Эйрик Лоекке хэллээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0