sonin.mn

  Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Агаарын бохирдлоос шалтгаалж хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Гишүүний асуулгад Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал хариулт өгсөн юм.

  Манай улсад 1976 оноос хойш гадаад орчны агаарт азотын давхар исэл, хүхрийн хоёрч исэл, нийт тоосны хэмжээг шинжилж, хянаж ирсэн бөгөөд хотжил, үйлдвэржилт, бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж улмаар хүн амын шилжилт хөдөлгөөн, хотын гэр хорооллын оршин суугчдын тоо нэмэгдсэнтэй уялдуулан хүрээлэн буй орчны агаарын чанарын асуудал нь орчны эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж ирсэн. Үүнтэй уялдуулан

  Судалгаагаар хүүхдийн өвчлөлийн ерөнхий бүтцэд амьсгалын эрхтний өвчлөл нэгдүгээр байр эзэлдэг бөгөөд агаарын бохирдол ихтэй газар түүний эзлэх хувь нэмэгдэж байгаа. Манай улсын томоохон хотуудад хийгдсэн судалгаагаар амьсгалын замын өвчлөл нь цаг агаарын үзүүлэлтүүд болон агаарын бохирдолтоос хамааралтай болох нь тогтоогдсон. Улаанбаатар хотын агаар дахь тоос, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн агууламж нь хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөл, ялангуяа хүүхдийн гуурсан хоолойн цочмог болон архаг үрэвсэл, уушгины үрэвслийн нэг шалтгаан болж буйг судлан тогтоосон.

Судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүд амьсгалын эрхтний өвчнөөр агаарын бохирдол багатай хот, суурингийн хүүхдүүдтэй харьцуулахд 7-8 дахин илүү өвчилж, арьс, салстын микрофлорын төрөл, нянгийн бүрэлдэхүүний (арьсны аутофлор, хамрын салстын нянгийн ургалт, кандид) үзүүлэлт Улаанбаатар хотод илүү байна. Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдолт, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судлахад Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөлийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна гэдгийг сайд дурдав.

  Агаарын бохирдол урагт хэрхэн нөлөөлж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгааны ажил байгаа эсэх талаар сайд хариулахдаа, гадаадын улс орнуудад хийгдсэн судалгаагаар агаарын бохирдол нь ургийн өсөлт саарахад нөлөөлдөг болох нь батлагдсан байдаг. Манай оронд энэ судалгаа эхлэл төдий байгаа.

ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Канад улсын Саймон Фрейзерийн их сургуультай хамтран "Агаарын бохирдлын ургийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг судлах-УГААР” судалгааг 2013-2015 онуудад хэрэгжүүлж эхлэхээр бэлтгэл ажпыг хангуулаад байна.



Энэхүү судалгааны зорилго нь жирэмсний хугацаанд дотоод орчны агаар цэвэршүүлэгч фильтрийг хэрэглэснээр ургийн жинд болон тээлтийн хугацаанд сөргөөр нөлөөлөх эрсдлийг бууруулж буй эсэхийг, гэр доторх агаарын тоосонцор РМ 2.5-ын агууламжтай нярай төрөх үеийн жин, жирэмсний тээлтийн хугацаа хамаарч байгааг, жирэмсэн эхийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөлөх хүчин зүйл болж буйг тус тус судлах юм. Судалгаанд 450 жирэмсэн эх хамрагдах бөгөөд асуумж судалгаа, хяналтын хуудас, гэр доторх агаарын чанарын хэмжилт, биосорьц (үс, өндөгний болон судасны цус) авч мэдээлэл цуглуулах юм гэсэн хариулт өгөв.

 Харин агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөлийг эмчлэхэд иргэдээс зарцуулж байгаа зардлын хэмжээ, эдийн засгийн хор хохирлыг тогтоох, түүнийг нөхөн олгох зохицуулалтын талаар одоогоор ажил хийгдээгүй байгааг сайд хэллээ.

  Гишүүний асуулгатай холбогдуулан асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар, Су.Батболд, С.Дэмбэрэл, Л.Эрдэнэчимэг, О.Содбилэг, А.Бакей нарын асуултад салбарын сайд болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

  Эцэст нь асуулга тавьсан гишүүн Д.Сумъяабазар үг хэлэв. Агаарын бохирдол их байна, хорт бодисын хэмжээ хэвийн байдлаас хэтэрсэн талаар байнга ярьдаг боловч хэмжилт хийхээс цаашгүй явж ирлээ. Гол нь энэ бодит нөхцөл байдлаас дүгнэлт хийж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, хойшид гарч болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэхэд анхаарах учиртай. Гэтэл энэ асуудлыг орхигдуулж ирсэнд салбарын яам дүгнэлт хийх ёстой. Түүнчлэн сүүлийн жилүүдэд эхийн хэвлий дэх ургийн асуудал хурцаар яригдаж байгаа. Энэ талаар салбарын яам, мэргэжлийн байгууллагуудын зүгээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй байгаад анхаарах хэрэгтэй байна гэдгийг эрхэм гишүүн хэллээ.

  Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.