sonin.mn

ТОКИО. /nippon.com/. Японы радарт 25 жилийн өмнө бүртгэгдсэн Монгол Улс сүмогийн гурван их аваргаараа /одоо барилдаж буй/ төдийгүй Япон-Умард Солонгосын харилцааг сайжруулахад зуучийн үүрэг гүйцэтгэж буйгаараа сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна. Түүхийн үүднээс Япон болон бүс нутгийн улсуудтай Монгол Улс харилцаагаа хэрхэн бэхжүүлж ирснийг түүхч Ока Хироки хөндлөө.

Зарим нэг учир шалтгааны үүднээс харвал, монголчууд япончуудыг гэнэдүүлж байгаад барих гэж байгаа юм шиг санагддаг. Японы талаас авч үзвэл, 13 дугаар зууны үеийн Монголын довтолгоо замхарсан ч авьяаслаг сүмо бөхчүүд нь сүүлийн үед илүү “довтолж байна”.

1970-1980-аад онд Умард Солонгосын тагнуулуудад хулгайлагдсан япончуудын хэргээр Токио болон Пхеньяны хооронд Монгол Улс зуучилж буйд ч гайхах хүн олон байна. Зүүн Азид боломжит зуучлагчаар Монгол Улс гарч ирсэн шалтгаануудын нэг нь тус улстай хийж буй харилцаагаа Японы Засгийн газар илүү чухалчилж эхэлсэнтэй холбоотой.

Гэхдээ харилцаа ийм хурдацтай хөгжиж буйн цаад гол хүчин зүйл нь Монголыг үнэлэх Японы үнэлэмжээс илүүтэйгээр Японыг үнэлэх Монголын үнэлэмж биш байж болох юм.

Улс бүрийн хувьд эн тэргүүнд анхаарлаа хандуулах асуудал, оршин тогтнохын баталгаа нь үндэсний аюулгүй байдал юм. ОХУ, БНХАУ гэсэн хоёр хүчирхэг гүрний хооронд хавчуулагдан оршдог жижиг, ашигт малтмал ихтэй ч буурай Монгол Улсын (одоогоор 2,7 сая хүн амтай) хувьд цаашид оршин тогтнох нь өнөөг хүртэл үндсэн асуудал хэвээр байсаар ирсэн.

100 гаруй жилийн өмнө ар Монгол Хятадаас тусгаар тогтносноос хойш монголчууд томоохон гүрнүүд хоорондын бүс нутгийн өрсөлдөөнийг зохицуулах бараг ганц үндсэн стратегийг баримталсаар байна. Нэгэн үед, орчин үеийн Монголыг хамарсан бүс нутгийн хяналтын төлөө ОХУ болон БНХАУ-тай Япон улс шууд өрсөлдөн, энэ бүс нутгийн жүжгийн гол дүрүүдийн нэг байсан.

Дараа нь дэлхийн хоёрдугаар дайн, хүйтэн дайн болж, ЗХУ задарсан. Монгол Улс эдгээр үйл явдалд хэрхэн дасан зохицсон бэ?, Тус улсын аюулгүй байдлын стратегид Япон хэрхэн багтдаг вэ?

Хоёр их гүрний хооронд орших Монгол

Монголчуудын оршин тогтнох үндсэн стратеги 1911 оны эхээр буюу Хятадын Синьхайн хувьсгалыг өөртөө ашигтайгаар эргүүлэн улсынхаа бурхны шашны тэргүүн Богд хааны удирдлага дор тусгаар тогтнолоо зарласан тэр үеэс үүдэлтэй.

1917 оны Оросын хувьсгалын дараа, алдсан газар нутгаа буцааж авах гэсэн Хятадын хүчнийхэнд болон большевикуудтай тулалдаж байсан цагаантнуудад Монгол эзлэгдсэн байв. Шинээр байгуулагдсан МАН-ыг ЗХУ-ын Засгийн газар бүрэн дэмжиж байсан бөгөөд 1921 онд Монголын ардын арми болон Зөвлөлтийн улаан арми Хятад, цагаан Оросын хүчнийхнийг ялсан билээ.

1921 оны долдугаар сард социалист улс байгуулагдаж, Богдыг төрийн тэргүүн буюу хэмжээт эрхт хаанаар өргөмжилсөн. 1924 онд Богд хаан таалал төгссөний дараа улсын нэрийг Их хурлаас БНМАУ болгон өөрчилж, тус улс ЗХУ-ын дагуул улс болсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1946 онд БНМАУ-ын тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрсөн. 1949 онд Гоминьданы нам ялагдаж, БНХАУ байгуулагдсаны дараа Бээжин болон Москвагийн харилцаа түр сайжирснаар 1950-аад оны үед БНХАУ-тай Монгол найрсаг харилцаатай болсон.

Гэсэн ч хоёр коммунист гүрэн хоорондын хурцадмал байдлын улмаас Монгол болон Хятадын харилцаа муудсан юм. Тусгаар тогтносон улсын хувиар БНМАУ 1961 онд НҮБ-д элссэн ч 1990 он хүртэл ЗХУ-ын дагуул улс хэвээр байсан билээ.

Оросын өндөр өртөгтэй хамгаалалт

Тусгаар тогтнолынхоо төлөө монголчууд их эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнүүдийг ашиглах оролдлогууддаа багагүй амжилт олсон ч энэ стратегийн зардал хямд байгаагүй юм. 1907-1917 онд Зүүн Ази дахь хоёр талын нөлөөллийн хүрээг тусгасан дөрвөн нууц конвенцид ОХУ болон Япон улс гарын үсэг зурсан юм.

Энэ үйл явцын хүрээнд ар Монгол дахь Оросын ашиг сонирхлыг хүндэтгэхээ Токио амласны хариуд Өвөр Монгол дахь Японы тусгай ашиг сонирхлыг Орос хүлээн зөвшөөрчээ. Хятад болон Японтой зөрчилдөхөөс зайсхийх үүднээс ар Монголд ашиг сонирхлоо бэхжүүлэхийн тулд Ар, Өвөр Монголыг нэгтгэхийг дэмжихээс Орос татгалзаж, Өвөр Монголоор Хятадыг хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн юм.

Энэ бодлогоо Зөвлөлтийн Засгийн газар эхэн үедээ баримталсаар байсан билээ. Дараа нь хятадуудаас ангижрахад Монголд ЗХУ туслан коммунист хувьсгалаа дамжуулахын тулд МАХН-ыг /1924 онд нэрээ ингэж өөрчилсөн/ ашигласан. 1930-аад онд Москвагийн хяналттай, Монголын нэг намын дарангуйллын дор Сталины хэлмэгдүүлэлтэд олон мянган хүн өртсөний олонхыг “Японы тагнуул”-ын хэргээр цаазаар авсан байдаг.

Японы дэмжлэгийн үнэ

Хятадад бүрэн нэгдэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, тус улсын хилийн бүс Өвөр Монгол дахь салан тусгаарлах үзэлтнүүд мөн адил бодолтой байсан юм. Эцэст нь тэд ч  том гүрний хамгаалалт дор “өчүүхэн” тусгаар тогтнолоо багагүй үнээр олж авчээ.

1915 онд Хиагтын гэрээгээр ар, өвөр Монголыг нэгтгэхээс Орос, Хятад болон Монголын засгийн газрууд татгалзсаны дараа Өвөр Монголын бие даасан байдлын төлөө Богд хааны дэглэмийн үед цэргийн командлагч байсан, Өвөр Монголын зүүн нутгийн уугуул Бавуужав Японтой хамтран тэмцсэн. Энэ нь Монголын тусгаар тогтнолын хоёр дахь хөдөлгөөний эхлэл байсан юм.

1925 онд Гоминьданы нэгдүгээр нэгдсэн фронт, Хятадын Коммунист намын дор Өвөр Монголын салан тусгаарлах үзэлтнүүд Коминтерн болон БНМАУ-ын дэмжлэгтэйгээр боссон билээ. Хувьсгалын шинжтэй ч энэ бослого нийгмийн өөрчлөлтөөс илүүтэйгээр угсаатны бие даасан байдал руу илүү чиглэсэн байсан юм.

“Манжуурын хэрэг” гэдгээр нь сайн мэдэх цуврал хэргийн улмаас 1931 онд Хятадын зүүн хойд нутаг руу Японы Квантуны арми халдан довтлоход Хятадын армийн эсрэг Өвөр Монголын зарим босогч япончуудтай нэгджээ. Ингэж дахин нэг удаа Монголын тусгаар тогтнолыг олж авахад Японы хүчийг ашигласан байна.

Япончуудтай хамтрах замаар бие даасан байдлын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргасан өвөр монгол бол Ван Дэмчигдонров юм. Түүхчидийн олонх нь түүнийг Японы хаант улсын “утсан хүүхэлдэй“ гэж үздэг. 1932 онд Японы эзэнт гүрний дэмжлэгтэйгээр Манжуурт байгуулагдсан Манж-Го улс нь Өвөр Монголын зуун нутгийг хамарч байсан юм.

Харин 1936 онд Манж-Го улс болон Японы дэмжлэгтэйгээр Ван Дэмчигдонров баруун тийш Монголын үлдсэн нутаг дэвсгэрийг тусгаар тогтносныг тунхаглаж, Мэнзяны нэгдсэн автономит засгийн газрыг удирдаж эхэлсэн билээ. Харамсалтай нь, Мэнзян үнэндээ хэзээ ч хараат бус байгаагүй бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдсанаар тус улс ч дуусгавар болсон.

Энэ дайны дараахан удирдагчид нь ар Монголтой нэгдэхийг оролдсон ч тэдний найдлага төд удалгүй замхарсан. Ингээд Өвөр Монголыг өөртөө засах эрхтэй улс болгохыг хүссэн салан тусгаарлах үзэлтнүүдийн хөдөлгөөний удирдагчдыг Хятадын Засгийн газар харгис хэрцгийгээр нухчин дарж эхэлсэн юм.

Орос болон Япон шиг томоохон гүрнүүдийн хямд үнээр олдоогүй тусламж эцэстээ жинхэнэ тусгаар тогтносон өнөөгийн Монголыг /1992 онд ингэж нэрлэсэн/  бий болгоход монголчуудад үр өгөөжөө өгсөн гэж болно. Ингэснээр тус улс Зөвлөлтийн дагуул байхаа больж, олон намын тогтолцоот ерөнхийлөгчийн системтэй болсон юм.

Монголын үндэсний баатрууд гэгддэг салан тусгаарлах хөдөлгөөний анхны удирдагчид тус улсын түүхийг үргэлжлүүлсэн. Өдгөө ч монголчуудын хүндэлдэг тэр хүмүүсийн дунд 1930-1940 оны хэлмэгдүүлэлтээр Монголын хэдэн мянган иргэнийг хөнөөх ажиллагааг хариуцаж байсан, Сталины үзлийг баримтлагч Хорлоогийн Чойбалсан байна.

1990 он хүртэл Сталины хөшөө байсан төв номын сангаас холгүй орших МУИС-ийн үүдэнд өдгөө ч Х.Чойбалсаны хөшөө байдаг. Монголын оршин тогтнох геополитикийн үндсэн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Монгол нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний хооронд хавчуулагдан оршдог жижиг улс хэвээр байна.

Өдгөө тус улс ОХУ болон Хятадтай найрсаг харилцаатай, бүх чиглэлээр дипломат бодлого баримталж байна. Гэхдээ тус улс аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд өөр хүчирхэг түншүүдийг хайж байгаа юм. Энэ үүргийг гүйцэтгэх тэргүүн эгнээнд АНУ болон Япон улс байна. АНУ-аар цэргийн аюулгүй байдлаа, Японоор эдийн засгийн аюулгүй байдлаа хангуулахыг Монгол Улс хүсч байна.

Мэдээж хэрэг, өнөөгийн пост-империалист дэлхий ертөнцөд Монгол Улс хамтын ажиллагааны шинэ хөшүүргүүдийг санал болгох ёстой. ОХУ болон орос зан чанарыг эртнээс мэдэх Монголыг Япон болон Оросын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж чадах ганц улс гэсэн ойлголттой монгол эрдэмтэдтэй нэг бус удаа уулзаж байлаа.

Хэрвээ бид Умард Солонгост үүнтэй адил ойлголтыг төрүүлж чадвал хулгайлагдсан иргэдийн асуудлыг хөндсөн сүүлийн хэлэлцээнүүдэд Токио болон Пхеньяны хооронд Монгол Улсыг хэрхэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буйг ойлгох болно.

Өнгөрсөн үед, тодруулбал, монголчууд тусгаар тогтнол, бие даасан байдлаа хүлээн зөвшөөрүүлэхээр Японд хандаж байх үед хоёр улс хоорондын хүлээлт нийцдэггүй байсан.

Тодруулбал, Монголыг бие даан оршин тогтнох боломжгүй улс, Монголын тусгаар тогтнол гэж нэрлээд байгаа зүйл нь Орос/Зөвлөлтийн башир арга залийн нэг хэсэг гэж япончууд үздэг байсан юм. Харин дараа нь Монголыг Япон өөрийн ашиг сонирхлоо урагшлуулах хэрэгсэл гэж харах болсон.

Хайхрамжгүй хандсан хэсэг хугацааны дараа, Умард Солонгос болон бүс нутгийн бусад улстай маргааныг шийдэхэд туслах Монголын хосгүй бололцоог япончууд олж харлаа. Байгалийн хий болон бусад ашигт малтмалын нийлүүлэгч болох Монголын боломжийг энд дурдсангүй.

Түр зуурын хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр харилцан ашигтай хамтран ажиллах боломжоо илүү өргөжүүлэх бололцоогоо хоёр улс олж харан, үнэлэх эсэхийг асуулт хэвээр үлдээе гэж “nippon.com” цахим хуудаст гаргасан нийтлэлдээ Японы түүхч Ока Хироки бичжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг