Монгол Улс гадаад далайд гарцгүй боловч 1996 онд Олон улсын далайн байгууллагын гишүунээр элсч байжээ. 2003-2013 оны хооронд Сингапур улсад 2500 гаруй компани Монгол Улсын далбааг хөлөг онгоцондоо мандуулахаар бүртгэгдэж байсан бол одоогийн байдлаар 400 орчим хөлөг онгоц аялж байна гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Эдгээр хөлөг онгоцонд Монгол Улсын өмчлөл байхгүй боловч олон улсын далайн байгууллагын гишүүн 164 улсын дотор Монгол Улс далайд тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний даацаараа 62 дугаарт бичигджээ.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт далайн тээврийн салбарт тэргүүлэгч орнуудтай хамтран далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлж, үндэсний мэргэжилтэн бэлтгэх зорилтыг дэвшүүлсэн байгаа юм.

Энэ хүрээнд БНСУ-ын "Саммок "Шиппинг" компанитай хамтарсан далайн тээврийн компани байгуулаад байна. Мөн Монгол Улсаас БНСУ-ын загас агнуур, технологийн дээд сургуулийг төгссөн дөрвөн оюутан хоёр хөлөг онгоц дээр дадлага хийж байгаа аж.

Харин дотоодын усан замын тээврийн үйл ажиллагааг харахад Өгий, Тэрхийн цагаан, Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсэд зорчигч тээвэрлэж байна. 2013 оны эцсийн байдлаар дотоодын усан замаар 10.6 мянган хүн тээвэрлэснээс дийлэнхийг нь  буюу 9.7 мянга нь өнгөрсөн оны сүүлийн гурван сарын хугацаанд зорчжээ.

2013 оны туршид усан замаар зорчигчдын тоо 2012 онтой харьцуулахад 2.8 хувиар буурсан байна. Ингэснээр усан замын тээврийн салбарын орлого 145 сая төгрөг болж буурсан талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Эх сурвалж: “Санхүүгийн мэдээ” сонин