sonin.mn

НЬЮ-ЙОРК. /NHK/. Үгээгүй ядуурлын түвшнийг тал хувиар бууруулж, бусад зорилтод нэлээд ахиц гарсан ч зорилгодоо хүрэх цаашдын үйл явцад хүндрэл тулгарч магадгүй гэж НҮБ мэдэгдлээ. 2000 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан “Мянганы хөгжлийн зорилт”-ын талаарх жил тутмын тайлангаа НҮБ гаргасан байна.

Ядуурлыг бууруулж, хөгжиж буй дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий зорилтуудад хүрэх сүүлийн хугацаа 2015 оны эцсээр дуусна. Үгээгүй ядуучууд өдөрт 1,25 доллароос ихгүй мөнгөөр голоо зогсоодог юм.

НҮБ-ын тайланд дурдсанаар, вакцинжуулахаас гадна урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээг сайн авч байгаа учраас хумхаа, сүрьеэ болон бусад халдварт өвчинтэй тэмцэх зорилтуудад бараг хүрч магадгүй.

Гэхдээ эхийн эндэгдлийг дөрөвний гурваар бууруулж, бүх нийтэд анхан шатны боловсрол заавал эзэмшүүлэх зорилтод хүрэхэд хүндрэлтэй байна. Дэлхий даяар 58 сая хүүхэд сургуульд явж чадахгүй байна. Тэдний олонх нь зөрчил мөргөлдөөнтэй байгаа улсуудын хүүхдүүд аж.

“Мянганы хөгжлийн зорилт”-д хүрэхэд 1,5-хан жил үлдээд байгаатай холбогдуулан НҮБ  шинэ зорилтуудыг гаргахаар хэлэлцэж байна. Мянганы зорилтуудад хүрэх хүчин чармайлт нь 2015 оноос хойш хөгжлийн бат бэх суурийг бий болгоход чухал ач холбогдолтой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэллээ.

Бүх нийтээрээ сайн сайхан амьдрах ирээдүйн замыг засахын тулд хамтран ажиллахыг НҮБ-ын гишүүн улсуудад тэрбээр уриалсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг