sonin.mn

Үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Харин  аймаг, сумын 90 жилийн ойн баяраа хэзээ тэмдэглэх талаарх товыг хүргэе.

 Архангай

Тус аймгийн Чулуут, Жаргалант, Хайрхан, Батцэнгэл, Өлзийт зэрэг таван сумын 90 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болох юм.

Баянхонгор

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, Говийн бүсийн хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу энэ сарын 25-26-нд болно. Түүнчлэн тус аймгийн Өлзийт, Жинст, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Гурванбулаг, Заг зэрэг найман сум түүхт 90 жилийн ойгоо долдугаар сарын 16-25-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Булган

Тус аймгийн Дашинчилэн, Хутаг-Өндөр, Хангал, Бугат зэрэг дөрвөн сумын 90, Рашаант сумын 30 жилийн ой долдугаар сарын 25-26-нд болно. Түүнчлэн Хан уулын тахилга буюу манлай уяач Дамбын Хишигжаргалын цолны мялаалга наадам наймдугаар сарын 1-2-нд болох юм байна. Дашрамд дурдахад тус мялаалга наадамд Булган аймгийн шигшмэл хурдан морьдыг тодруулах уралдаан болох юм.

Говь-Алтай

Тус аймгийн 18 сумаас 14 сум 90 жилийн ойгоо наймдугаар сарын 1-3-нд тэмдэглэнэ.

Дархан-Уул

Тус аймгийн Шарын гол сумын 20 жилийн тэгш ойн наадам долдугаар сарын 19-20-нд болно.

Дорноговь

Тэгш ойгоо тэмдэглэх сумдынхаа тоогоор Дорноговь аймаг уг жагсаалтын хоёрт бичигдэж байна. Энэ жил тус аймгийн Сайншанд, Улаанбадрахаас бусад 12 сум түүхт ойгоо тэмдэглэх бөгөөд долдугаар сарын 10-27-нд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Дорнод

Дорнод аймгийн баяр наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Булган, Матад, сумын 90 жилийн ой энэ сарын 20-21-нд, Баян-Уул сумын 90 жилийн ой энэ сарын 14-16-нд, Халхгол, Дангийн Цагаан уулын тахилга наадам наймдугаар сарын 16-17-нд болох ажээ.

Дундговь

Аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд харин Луус, Гурван сайхан, Өлзийт, Говь-Угтаал, Цагаандэлгэр сумдын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болно

Завхан

Завхан аймгийн Отгон, Дөрвөлжин, Сантмаргаз, Яруу, Сонгино, Баянхайрхан, Баянтэс, Шилүүстэй, Ургамал, зэрэг сумын 90, Асгат сумын 30 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 17-18-нд болно.

Орхон

Тус аймгаас хамгийн олон хүн амтай Баян-Өндөр сумын 20 жилийн ойн энэ сарын 28-29-нд болно.

Өвөрхангай

Тус аймгийн Баян-Өндөр, Баянгол, Богд, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан, Төгрөг, Тарагт, Хужирт, Гучин-Ус зэрэг сумд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа долдугаар сарын 18-19-нд зохион байгуулах аж.

Өмнөговь

Өмнөговьчууд Батмөнх даян хааны мэндэлсний 550 жилийн ойг бүтэн жилийн турш нижгэр тэмдэглэж байгаа билээ. Аймгийнх нь наадам их хааны мэлмий гийсний баярт зориулагдах бөгөөд тус наадам долдугаар сарын 25-26-нд болно. Харин Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо, Номгон, Ханхонгор, Манлай зэрэг сумын 90, Гурвантэс сумын 60 жилийн ойн баяр наадам ирэх сарын 8-нд ганцхан өдөр болох билээ.

Сүхбаатар

Уулбаян, Эрдэнэцаган, Сүхбаатар, сумын 90, Түмэнцогт сумын 60 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 23-24-нд зохион байгуулах юм.

Сэлэнгэ

Зүүнбүрэн 14-15-нд, Цагааннуур 15-16-нд, Түшиг болон Ерөө сум 14-15-нд, Баруунбүрэн сум 24-25-нд, Мандал сум ирэх сарын 1-2-нд тус тус түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Төв

Бүрэн сумын 90 жилийн баяр наадам долдугаар сарын 15-16-нд, Сэргэлэн, Баян, Баянцагаан сумын 90 жилийн наадам долдугаар сарын 18-19-нд тус тус болно.

Увс

Зүүнхангай, Завхан, Өмнөговь, Бөхмөрөн, Тэс зэрэг сумын 90 жилийн ойн наадам долдугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-ний хооронд болох аж.

Ховд

Ховд аймгийн баяр наадам, баруун бүсийн хурдан морьдын уралдаан энэ сарын 25-26-нд болно. Тэгвэл олон ястны өлгий нутгийн Дарви, Алтай сумын 90 жилийн ойн наадам энэ сарын 19-20-нд, Цэцэг сумын 90 жилийн ойн наадам ирэх сарын 3-4-нд болно

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн баяр наадам энэ сарын 25-26-нд буюу Хотгойдын хурд хангай бүсийн даншиг наадам болно. Тус аймгаас Тосонцэнгэл, Галт, Шинэ-Идэр сумын 90 жилийн ой долдугаар сарын 17-18-нд болох юм байна.

Хэнтий

 Галшар сумын 90 жил энэ сарын 19-21-нд, Норовлин сумын 90 жилийн ой 14-15-нд болно. Түүнчлэн Мөрөн суманд энэ сарын 25-26-нд Түмэн адууны баяр болох бол Дадал суманд зохион байгуулагдах юм.

Э.Сүрэн