sonin.mn
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 
 
 
-Сүүлийн үед МАХН-ын дотоод зөрчил улам бүр нэмэгдэж байх шиг. Нэг хэсэг нь уриалга гаргахаар нөгөө хэсэг нь мэдэгдэл гаргаад л. Чухам юу болоод өрнөөд байна вэ?
-МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцэн, улстөр, нийгмийн нөхцөл байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч, үүнтэй хол­бог­дуулан мэдэгдэл гар­га­­сан. Өөрөөр хэлбэл энэ мэ­дэгдэл цөөн хүний байр суурь биш гэсэн үг.
 
Гэ­тэл улс­­төрийн хүрээнд, бу­сад намуудын зүгээс МАХН-ын гүйцэтгэж байгаа үүрэг ха­риуцлагатайгаа хол­­­боо­тойгоор зарим нөх­цөл бай­дал үүсч эхэл­сэн. Ту­хайл­бал хэвлэл мэдээл­лийн зарим хэ­рэгсэлээр олон ний­тэд эргэл­зээтэй ойл­голт тө­рүүлэх зо­рилгоор янз бү­рийн асуу­дал хөндсөн мэдээлэл тарааж байна. 
 
Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байгаа нь тодорхой бол­сон учраас улстөрийн нөх­цөл байдал ч тогтворгүй, намуудын дотор ч зөрчил­дөөн үүсгэж болохуйц асуудал гарч байна. 
 
МАХН-ын хувьд 2012 оны сонгуулийн үр дүн­гээр бусад намуудтай хамтарч Засгийн газрыг бай­­гуулан ажиллаж буй улс­­төрийн хүчин. Тиймээс төр, зас­гийн өнөөгийн үйл ажил­лагаа, тогтворжуулах үйл явцад нөлөө үзүүлэх хүчний хувьд МАХН-тай холбоотой янз бүрийн асуудал үүсгэх эрмэлз­лэл, хү­сэл сонирхол, санаар­хал улстөрийн хүчин, бүлэг­лэлүүдэд байна гэж бидний зүгээс үзэж байгаа. 
 
Тэр ч утгаараа МАХН-ын дарга болон бусад удирд­лага, цаашлаад үйл ажил­лагаагаа явуулж буй цагаан бай­шинтай холбоотой янз бү­рийн асуудал гаргаж байна.Энэ нь ч эрчимжлээ. Үүндээ МАХН-ын зарим хүнийг татан оролцуулах асуудлыг ч хөндөж эхэлсэн. 
 
Тиймдээ ч дээр гаргасан мэдэгдлийн ач холбогдлыг гуй­вуулах, харах өнцөгт байгаа асуудлыг өөр тийш нь хандуулах гэсэн санаархлууд бодитойгоор үүссэн.
 
Өөрөөр хэлбэл төр засгийн үйл ажиллагаа, ултөрийн хүрээн дэх нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд МАХН-аас үүдэлтэй мэт харагдуулах зорилго гэж ойлгох хэрэгтэй. 
 
-Эдийн засгийн нөхцөл байд­лыг тодорхойллоо гэж та хэллээ. Түүнчлэн өнөө­дөр валю­тын ханшийн өсөлтийг ч тогтоон барьж дийлэхгүй байна. Үндсэндээ Засгийн газар эсвэл Монгол­банкны ерөн­хийлөгчтэй хариуцлага тооцох, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хурал­дуулах тухай яригдах боллоо. МАХН-ын хувьд эдгээр асуу­далд ямар байр суурьтай байгаа вэ. Хамтарсан гэдэг шалтгаанаар нүдэн балай, чихэн дүлий суугаад байх уу?
-Бид үүссэн аливаа нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас ханддаггүй. МАХН цаг үеийн байдлаас хамаарч асуудалд тодорхой үнэлэлт дүг­нэлт өгч, авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлохын тө­лөө ажиллаж ирсэн. 
 
Бид эдийн засгийн хүндэр­сэн нөхцөл байдалтайгаар хол­боотой үнэ­лэлт дүгнэлт өгч, Засгийн газрын үйл ажил­лагаатай хол­боотой шүүмжлэл, та­ны хэл­сэнчлэн валютын ханшийн өсөлт зэрэгт бүхий л анхаарлаа хандуулж ажил­­лаж байгаа. Тиймээс ч УИХ-ын хаврын чуулганы үйл ажил­лагаанд ч дүгнэлт өгсөн. 
 
Баяр наадмын өмнө МАХН-ын удирдах зөв­лөлийн хур­лаар дээрх асууд­луудыг авч хэлэлцсэн. Түүнч­лэн 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн тавьсан Шударга ёс бүлгийн мөрийн хөтөлбөрийн тухай болон үр дүн­гийн талаар хэ­лэлцэн, хан­галт­гүй гэдэг дүг­нэлт өгсөн. 
 
Мөн Засгийн газарт ажиллаж буй өөрийн на­мын төлөөлөлтэй хол­боо­той ха­­туухан санал шүүмж­­лэл өр­­нүүлж, тэдний үйл ажил­лагааг цаашид эрчимжүүлж, сайжруулахтай холбоотой шийд­­вэрүүдийг гаргасан. 
 
Өөрөөр хэлбэл улстөрийн нам дотооддоо аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч, үүрэг чиг­лэл өгсөн. Бид энэ чиглэлээ барьсаар ирсэн. Улстөрийн намын хувьд асуудлыг шийдэх ганц арга нь хариуцлага тооцох нэрийдлээр бүх зүйлийг тогтворгүйжүүлэх нь буруу гэж үзэж байгаа. 
 
Мэдээж Засгийн газартай ха­риуцлага тооцох, сайд нарын үйл ажиллагаатай холбоотой шүүмж­лэлтэй хандах зүйл бий. Үндсэндээ хүнтэй хариуцлага тооцох нь зарчмын асуудал учраас байнга нээлттэй. Гэхдээ хариуцлага тооцох нэрээр бүх асуудлыг дордуулж болохгүй.
 
Ингэж дордуулахгүйн тулд улстөрийн намууд, УИХ-ын бүт­цийн бүлгүүд хамтарч үүс­сэн нөхцөл байдлыг да­ван туулах хэрэгтэй гэдэгт ан­хаарлаа хан­дуулан ажиллах ёс­той гэдэг байр суурьтай бай­­гаа.
 
Тиймээс Засгийн газ­­­рын тухай ярихын тулд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тайланг авч хэ­­­лэлцэх шаардлагатай. Сө­рөг хүчний зүгээс ч гэсэн энэ ажилд үнэлэлт дүгнэлт өгөх байх. Үүний дараа улс­төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа. 
 
Ер нь энэхүү асуудлаас гарах арга замаа зөв тодор­хойлж, нөх­цөл байдлаа өөрч­лөх хэрэгтэй. Бүх зүйлд улс­төржсөн байр суурьтай, албан тушаал, эрх мэдэл, на­мын доторх хийгээд бү­лэглэл хоо­рондын ашиг со­­нир­холд чиг­лэгдсэн байд­лаар асуудалд ханд­­вал энэ бүхний хүндрэл бэрх­­шээлийг улстөрчид бус ард иргэд үүрэх учраас тэд­­ний өмнөөс гаргах шийд­вэрээ маш нухацтай, хариуц­лага­тайгаар гаргах ёстой. 
 
-Намуудын дотоод зөр­чил хурцадлаа гэдэг нь нэ­гэнт то­дор­­хой болчихлоо. Олон ний­­тийн дунд АН-ын­хан анхны то­хи­рол­цоондоо хүрээ­гүйн ул­маас өнөөдөр Засгийн газрын ги­шүүд хий­гээд тэдний ойр тойр­­­ных­ныг хууль хүчний бай­­гуул­лагынхан орол­дож эхэл­сэн гэдэг яриа ч бий болсон. Тө­­рийг тохиролцоогоор төвх­нүү­лэх гэж зүтгэх нь хэр зо­хистой алхам бэ?
-Мэдээж аливаа асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийд­­­вэрлэх нь чухал. УИХ-ын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай, мөн Засгийн газ­рын бүтэц, үйл ажиллагаа аль нэг намын до­тоодын тохи­рол­цооны дагуу зо­хион бай­гуулагдах ёсгүй. 
 
Улстөрийн намууд до­тоод­доо ямар тохироо, най­маа хийснийг би хувьдаа мэдэхгүй. Хэрвээ ийм то­хироо байгаад төрийн эрх мэд­лийг энэ зарч­маар хуваа­рилах асуудал яриг­даж байгаа бол зарчмын хувьд энэ нь тогтолцооны маш том гажуудал. 
 
Засгийн газрын үйл ажил­­лагаа хангалттай эсэх, төрийн тусгай албадын хя­налт, шалгалт зэргийг тусад нь авч үзэх ёстой. Эсвэл нөгөө ут­гаа­раа хууль хяналтын бай­гуул­лагын хэсэг бүлэг хүн улс­­төрчдийн ашиг сонирхлыг хэрэгжүү­лэх зэвсэг болчихсон юм биш байгаа гэдэг эргэлзээ тээнэгэлзээ ч байна. 
 
Тэгэхээр аль алиных нь гогцоог тайлж, тийм асуудал байгаа бол түү­нийг даруй таслан зогсоох шаардлагатай. Уг нь улстөр нь улс­төрөө­рөө, Засгийн газ­рын болон орон нут­гийн өөрөө удирдах ёс­ны бай­гуул­лагуу­дын үйл ажил­­лагаа хууль тог­тоом­жийн­хоо дагуу явагдах ёстой. 
 
Гэтэл эдгээрийг бүгдийг ний­лүүлээд улстөр гэдэг асуу­далд хольж, ний­лүү­лээд утга зам­барааг нь алдаг­дуулж, улс орны ний­гэм эдийн зас­гийн байдал өнөөгийн түв­шинд хүрсэн нь улстөрийн хү­рээ­нийхний л буруу болж таарч байгаа юм. 
 
Аль нэг нам нь сайн, нөгөө нь муу гэсэн ойлголт байхгүй. Хор хөнөөл байгаа бол түүнийг бүгд хамтдаа үүрч туулах ёстой. 
 
-Хэрвээ цаашид Засгийн газ­рыг өөрчлөх хэмжээнд хүр­вэл МАХН-аас сонгогдон то­ми­логдсон сайд нарын асууд­лыг хэр­хэх вэ?
-Засгийн газар болон түү­ний гишүүдтэй хариуцлага тоо­цох асуудлыг зарчмынх нь дагуу ярих хэрэгтэй. Улстөрийн зарим нам Засгийн газартай хариуцлага тооцъё гэж байгаа ч үндэслэл нь тодорхой ха­рагдахгүй байна.
 
Зөвхөн хэн нэгнийг өөрчилвөл нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг байр сууринаас хандаж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт. Тийм гэнэн улстөр байж болохгүй. 
 
Сайд нарын асуудлыг Зас­гийн газар дотроо кабинетдаа эсвэл УИХ дээр ярих ёстой. Хуулийн дагуу. Түүнээс биш аль нэг улстөрийн нам хэн нэгэн сайдын ажилд үнэлэлт дүг­нэлт өгөх боломжгүй. Ма­най намын тухайд УИХ бо­лон Засгийн газарт ажиллаж буй гишүүдийнхэээ үйл ажил­лагааны талаар нээлттэй ярилцдаг. 
 
Нам дотор олон янзын үзэл бодол бий. Зарим нь Зас­гийн газ­раас гарах ёстой гэж үзэж байхад, нөгөө хэ­сэг нь улс­төр, биз­несийн МАНАН гэж бүлэг­лэлийн үйл ажил­лагаа эр­чим­жиж байгаа уч­раас тэдний ашиг сонирхолд то­хирсон үйл ажиллагаандаа ма­най на­мынх­ныг ашиглах гээд бай­на гэх санааг хэлж байна. 
 
Миний тухайд энэ намын ерөнхий нарийн бичгийн дар­гын хувьд МАХН-ын удир­­дах зөв­лөлийнхөн хэн нь хэн бэ гэдгийг сайн мэд­нэ. Дээрх эрсдэл рүү хэн орох магадлалтай вэ гэдгийг ч мэ­дэж байна. Гэхдээ би одоо­хон­доо тэдэндээ итгэдэг. Ингэс­нээр тэд өөрсдийн болон нам, эх орныхоо өмнө ямар их хариуцлага хүлээх вэ гэдгээ ухамсарлах хэмжээнд хүрнэ гэж боддог. 
 
-УИХ-д төлөөлөл болж буй гишүүд тань намын үйл ажил­лагаанд оролцох эсэх тухайгаа яриад байгаа шүү дээ?
-Тиймээ, бид тэдэнтэй хатуу хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ нь намын дотор хагарал үүссэн гэсэн үг биш. 
 
-Эрсдэлд орох вий гэсэн гэсэн гишүүн нь хэн гэж?
-Намын гишүүдийн нэр хүндийн асуудал учраас энэ удаа хэлэхгүй. Гэхдээ хал үзэж, ха­луун чулуу долоосон гэж хэлж болохуйц гишүүд маань янз бүрийн ашиг сонирхол, бүлэг­лэлийн асуудлаар эрсдэлд орчих гээд байгаа мэдээлэл бидэнд бий. 
 
Ж.Нарангэрэл
 
Эх сурвалж: