sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/. Сирид цаазуулсан америк сэтгүүлч Жеймс Фоулигийн олзонд байхдаа илгээж байсан захидлыг гэр бүлийнхэн нь нийтэлсэн тухай телевизийн “ABC” суваг мэдээлжээ.

Фоулигийн захидлыг “Facebook” нийгмийн сүлжээн дэх түүний гэр бүлийн хуудсанд нийтэлсэн байна. Тэрбээр захидалдаа, хоригдож байгаагаа бодохгүйн тулд “гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлж байсан мөчүүдийг дурсдаг” гэж бичжээ. Мөн “гэр бүл, найз нөхдийнхөө тухай зүүдлэхээр олзонд байгаа гэдэг бодлыг зайлуулж, зүрх сэтгэлийг нь баяртай болгодог” гэж бичсэн байна.

Сэтгүүлч захидалдаа, хүүхэд байхдаа ах, эгч нартайгаа тоглодог байсан, аавтайгаа дэлгүүр явдаг байснаа эсвэл ээжтэйгээ хамт дугуй унадаг байсан зэрэг амьдралынхаа янз бүрийн мөчүүдийг дурсчээ. Түүнээс гадна, хэн нэгэн нь босогчдын барьцаанаас суллагдаж, эрх чөлөөтэй болоход олзонд байгаа хүмүүс бүгд баярладаг, гэхдээ “өөрийгөө хэзээ эрх чөлөөтэй болох бол гэсэн гуниг төрдөг” гэж Фоули тэмдэглэсэн байна.

Фоулигийн бичсэнээр, түүнтэй хамт 17 хүн хоригдож байжээ. Олзны хүмүүс спорт, киноны тухай болон өдөр тутмын амьдралын талаар ярилцаж, шатрын тэмцээн зохиодог гэж тэрбээр бичсэн байна.

Жилийн өмнө Их Британийн Лондон хотын дүүрэгт нэг сая фунт стерлингийн үнэтэй харшид амьдарч байсан Абдель-Маджид Абделийг АНУ-ын сэтгүүлчийн амь насыг хөнөөсөн хэргийн “гол сэжигтэн” болохыг Британийн тагнуулын албаныхан ням гарагт мэдэгдсэн байна. Тэрбээр “Лалын улс” бүлэглэлийн босогчдын дунд “Жихади Жон” гэдэг нэрээр алдартай ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг