sonin.mn

2013 оны 12 сард Баруун Африкийн Гвиней улсад анх эхэлсэн Эбола вирусын халдварын дэгдэлт бүс нутгийн хүрээнээс хальж, 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 8399 хүн өвчилж 4033 нь нас бараад байна.

Бүгд Найрамдах Конго Улсад Баруун Африкийн Эбола вируст халдварын дэгдэлттэй тархвар зүйн холбогдолгүй бие даасан дэгдэлт гарч, 71 тохиолдол бүртгэгдсэнээс 43 нь нас баржээ.

Халдварт өртөгсдийн 416 буюу 4,9% нь эрүүл мэндийн ажилтнууд байгаа бөгөөд 233 нь нас барсан байна. Халдварлагдсан хүмүүсээс 90 хүртэлх хувь нь нас барах магадлалтай гэж үздэг. Энэ удаагийн дэгдэлтийн хувьд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт өвчлөгчдийн 48% нь нас баржээ.

Уг өвчнөөр өвчлөөд эдгэсэн хүний үрийн шингэнд вирус 49 хоног хадгалагддаг гэж үзэж байсан бол одоо 70 хүртэлх хоногоор хадгалагдаж, халдварлуулах боломжтойг тогтоогоод байна.

Халдвар авсан цагаас өвчний шинж тэмдэг илрэх хүртэлх нууц үе нь 2-21 хоног үргэлжилдэг. Энэ удаагийн дэгдэлтийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд ихэнх тохиолдолд 8-10 хоногийн дотор шинж тэмдэг илэрч байна.

Бусад нэмэлт мэдээлэл

Халдварт өвчтэй хүний биеийн шингэн болон цус, нус, хөлс, нулимс, бөөлжис, өтгөн, шингэн, үрийн шингэн зэргээс гадна эдгээрээр бохирлогдсон гадаргуу, эд юмс дээр хадгалагдан дам хэлбэрээр дамжиж болно.

Гэвч ийнхүү эд юмсаар дамжих эрсдэл харьцангуй бага бөгөөд ариун цэврийг сахиж, ариутгалын бодисоор халдваргүйжүүлснээр энэ эрсдлийг бууруулах боломжтой.

Өнөөгийн байдлаар энэ өвчнийг үүсгэгч вирус өөрийн шинж төрх, халдварлах замаа өөрчилсөн ямар нэг хувиралд орсныг нотлох баримт хараахан байхгүй байна.

ДЭМБ-аас уг вирусын халдвараар өвчилсөн хүмүүсийн гэр бүлийн гишүүд, өвчтөнтэй ойрын хавьталд орсон бусад хүмүүс болон энэ өвчнөөр өвчлөөд нас барсан хүний оршуулгын ёслолд оролцож, бие махбодид хүрэлцсэн хүмүүс болон өвчлөгсдөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн ажилтнууд энэхүү халдварт өртөх эрсдэлтэй гэдгийг мэдэгдээд байна.