sonin.mn

Өнөөдөр Дэлхийн гар угаах өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2008 онд жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан бөгөөд энэ жил “Цэвэр гар амьдралыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ өдрийн хүрээнд зохион байгуулагдах ажлын талаар танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа боллоо. Тус хуралд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, мэргэжилтэн Ш.Уранцэцэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Батнасан, ДЭМБ-ын мэргэжилтэн П.Энхтуяа, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа болон албаны бусад хүмүүс оролцов.  

Энэ өдрийн гол зорилго нь гараа савандаж угаах нь өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэгддэг.

Жил бүр уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон кампанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам ялангуяа бага насны хүүхдүүдийг амь насанд аюултай өвчин буюу суулгалт, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн боловч чухал арга хэмжээ юм.  

Уушигны хатгаа, суулгалт халдвар нь 5 хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтад голлох шалтгаан болдог. Дэлхий дээр жил бүр таваас доош насны 3,5 сая гаруй хүүхэд суулгалт халдвар болон уушигны хатгаатай хамааралтай өвчнөөр нас бардаг бөгөөд 2 хүртлэх насны хүүхдүүдийн дунд нас баралтын эзлэх хувь өндөр (суулгалт 72%, уушигны хатгаа 81%) байна гэсэн тооцоолол гаргасан байна.

НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоолсноор 30 секунд тутамд нэг хүүхэд суулгалт халдвараар нас бардаг байна.

Гараа зөв угаах нь суулгалт халдвар, амьсгалын замын цочмог халдвар, арьс үрэвсэлт өвчин болон нүдний зарим халдварууд зэрэг олон төрлийн эмгэг төрөгчдийн халдвар дамжихаас урьдчилан сэргийлдэг. Энэхүү энгийн, хялбар арга нь таваас доош насны хүүхдүүдийн дундах суулгалт халдварын түвшинг 30-50 хувиар, амьсгалын замын халдварыг ойролцоогоор 21-45 хувиар тус тус бууруулдаг гэсэн судалгааны үр дүн ч байдаг.

Гараа сайтар савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх 3 хүүхэд тутмын 1 хүүхдийг, амьсгалын замын халдвар буюу хатгаа өвчнөөр өвдөх 6 хүүхэд тутмын нэг хүүхдийг тус тус урьдчилан сэргийлж чаддаг байна.  

Сүүлийн саруудад дэлхий дахины анхаарлын төвд байж, олон мянган хүний аминд хүрч байгаа Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусад хүмүүсийг урьдчилан сэргийлэх гол аргуудын нэг нь гараа савандаж угаах юм.

Эбола вирутс халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалж байна.

Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал юм.

Гараа цэвэр байлгах 4 зарчим:

 1. Гараа бохирдох бүрт болон хоол идэхийн өмнө угаах
 2. Гар луугаа бүү ханиа
 3. Гар луугаа бүү найтаа
 4. Гараа нүд, хамар, амандаа бүү хүргэ