sonin.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Зүүний хүчний холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар

Манай эдийн засаг удааширхын хэрээр 65 мянган аж нэгжээс 25 мянга гаруй нь үүд хаалгаа барьжээ. Удаашрал хямрал руу л тэмүүлж буй нь энэ. Харин уг мэдээг дурдсан нийтлэлд манай ДНБ-ний 80 хувийг хувийн салбар бүрдүүлж буй тухай бичжээ. Энэ бол өнөөдрийн өнцгөөс харахад ташаа мэдээлэл. Гэхдээ энэ тоог анх гарахдаа ч бодит байдалд нийцэж байсанд эргэлздэг.

Энэ тоо 90-эд оны сүүлээс л явж буй тоо. “Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт буцалтгүй шилжиж, хувийн хэвшлийнхэн манай ДНБ-ий 80 хувийг бүрдүүлдэг болоод байна” гэж ирээд л гадныханд гайхуулан ярьж, тэдгээр нь манайхыг амжилттай шинэчлэл, шилжилтийг хийж буйг магтан “шагширдаг” үе саяхан билээ.

Гэтэл тэр үед л Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр, Монросцветмет, Хадгаламж банк, Говь комбинат, МИАТ, УБТЗ гэх зэрэг аварга компаниуд хувьчлагдаагүй л байсан шүү дээ.

Эдгээр улсын үйлдвэрийн газрууд бүгдээрээ нийлээд ДНБ-ийн 20 давахгүй хувийг гаргадаг байсан гэхэд итгэхэд бэрх. Гэхдээ “80” гэдэг оргүй тоо биш л дээ. Төр хувьчлалын хөтөлбөр эхлэхэд тоолсон нийт аж ахуйн нэгжүүдийнхээ 80 хувийг үнэхээр хувьчилсан байх.

Тэгээд нийт компаниудын 80 хувь ДНБ-ний 80 хувийг үйлдвэрлэж тараа хэмээн шууд механик “шилжүүлэлт” хийгээд байх шиг санагддаг байв. Гэхдээ арай ч ийм гэнэн зүйл хийхгүй биз хэмээн зөвтгөж бодохдоо гадаадын зээл тусламж (тухайн үеийн хамгийн чухал асуудал байсан), хөрөнгө оруулалтыг татах зорилгоор албаар (бодлоготойгоор) ийнхүү мэдэн будилдаг юм болов уу гэж бас таамагладаг байв. Цаг өнгөрөх тусам энэ бол санаандгүй мэт “бодлоготойгоор” хийгдсэн зүйл биш, зүгээр л механик шилжүүлэлт байсаар ирсэн нь харагдаад байх шиг.

Ямар сайндаа л дээр дурдсан аж ахуйн томоохон нэгжүүдийн (Говь комбинатаас бусад) зэрэгцээгээр төрийн мэдэлд нэмээд Төрийн банк, Эрдэнэс Таван Толгой, Оюу Толгойн 34 хувь гэх зэрэг асар том эд хөрөнгө шилжээд байхад 40 орчим хувь нь үүд хаалгаа барьчихаад байгаа хувийн салбарыгаа бид ДНБ-ий 80 хувийг үйлдвэрлэж байгаа хэмээн механикаар бодсоор л байгаа.

Тэгтэл хувийн салбар төрийн эдийн засгийн дэргэд аль хэдийнээ агшин жижгирчихсэн л байгаа. Тийм ч учраас бүх том бизнесүүд улс төр рүү бүр зогсолтгүй зүтгэдэг болсон байх. Мөнгө л хаана байна, тэнд бизнесийнхэн байх учиртай бус уу.

Энэ тоог статистикийн газар эргэн шалгах ёстой. Эс тэгвээс төр эдийн засгийн хориодхон хувийг нийлүүлж байгаа юм чинь түүний эзлэх хувийн жинг цааш жаахан өсгөхөд сүртэй ч юм байхгүй мэт ташаа төсөөлөл үргэлжлэнэ.

Өөрөөр хэлвэл ташаа тоо ташаа бодлогыг дагуулна.Гэтэл ийм хандлага одоо зогсох ёстой. Тэгэхгүй бол манайх нэг л их ардчилал ярьсан нидэр дээрээ бараг л “социалист” эдийн засагтай улс болчихоод байна. Хамгийн хорлонтой нь төрийн эдийн засаг том байхад олигархууд төрөөс салахгүй, авилга нимгэрч буурахгүй.