sonin.mn

Кино бодит амьдралыг бусад урлагаас илүү үнэмшилтэй, уран сайхны давуу боломжоор илэрхийлж хүний харах, сонсох мэдрэхүйгээр сэтгэлд хүчтэй нөлөөлөх хамгийн чухал урлаг юм. Кино хэмээх агуу урлагийг дэлхийн улс болгон чухалчлан үзэж, хүн төрөлхтөний олон талт амьдралын мөн чанарыг таниулж, хүний сэтгэлийг шинэчлэх, гэгээрлийг тусгах давуу хүч боломжийг ойлгож ирсэн.

Монголын кино урлаг үүсэж хөгжсөний 80 жилийн ой 2015 онд болох гэж байгаа нь дэлхийн кино урлагаас40 жилийн дараа үүссэн учир олон улсын хэмжээнд алхаа нийлүүлэх хэмжээний туршлагатай чадварлаг хэмжээнд хүрсэн гэж дүгнэхээс өөр аргагүй. Монгол Улс тусгаар тогтносон тэр үеэс л сүүдэр шийн гайхамшгийг Монголд нэвтрүүлэхийг чухалчилж ойлгосон.

Түүнээс хойш монгол кино төрийн бодлогоор хөгжиж 1950 оны сүүлчээс мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, техник технологийг шинэчлэх, кино бүтээх зориулалтын барилга байгууламж шинээр байгуулах зэрэг дорвитой, үсрэнгүй хөгжлийн жилүүд эхэлсэн. Киноны хөгжилд тухайн ССАЖЯ хяналт тавьж, аливаа асуудлыг шийдэж, киног хөгжүүлэх алсын бодлого, төлөвлөгөөтэйгээр ажилласан нь амжилтад хүрэх нөхцөл болсон.

Тэр үед төр засгаас киног онцгойлон үзэж, улс оронд болж буй үйл явдлыг мэдээлэх, нам засгаас явуулах бодлогыг таниулах, ард түмний амьдрал, идэвх санаачилга нийгмийн болохгүй зүйлийг хамгийн дайчин, сурталчлан таниулах үр нөлөөтэй хэрэгсэл байсан. Гэвч намын үзэл сурталд хэт автагдаж, зарим албан тушаалтан өөрийн үзэл бодлыг тулган шаардах зөрүүд зангаас болж уран бүтээлч хэлмэгдэх, уран бүтээлийг олон дахин засуулах зэрэг зүй ёсгүй дарамт гарч байсан ч киног хөгжүүлэх төрийн бодлого хүчтэй явагдаж, кино бүтээх нөхцөлийг хангах талаар олон арга хэмжээ авч Төв хорооны тогтоол шийдвэр удаа дараа гарч байсан нь чухал ач холбогдол өгсөн.

Кино үйлдвэрийн материаллаг баазыг нэмэгдүүлэхийн тул ард олны гар дээр байгаа хуучны хувцас, эд хэрэгслийг зохих үнээр худалдан авах, Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны хуучирсан машин төхник, трактор, буу зэвсэг эд зүйлсийг кино үйлдвэрт үнэгүй шилжүүлэх, Кино үйлдвэрийн газрыг өргөтгөж кино зураг авах талбай бий болгох, хөдөө орон нутагт зураг авахад аймаг, сумын захиргаанаас туслах, дэмжлэг үзүүлэх тогтоол шийдвэр гаргасан нь киног хөгжүүлэх төр засгийн бодит чухал арга хэмжээ болж байв.

Ийм арга хэмжээ авч явуулсны хүчинд аль ч үөийн кино бүтээхэд шаардагдах эд хөрөнгөтэй болж жилээс жилд баяжуулж, түүхэн үеэс эхлээд 1990 он хүртэлх хүмүүсийн хувцас хунар, айл гэрийн бүрэн тавилга гээд түүх, соёлын үнэт зүйлс хуримтлагдсан байв. Одоо нүдэнд өртөх зарим эд харагдахаа больж, зарим нь хүйтэн агуулахад хариуцах эзэнгүй хөглөрөөд новш болсон гэж дам сонсоод сэтгэлд харуусал төрдөг юм.

Монголын кино 1955-1985 он хүртэл цэцэглэн хөгжиж байсан сайхан үе бий. Тэр үөд Москва, Канн, Карловар, Дөли, Софи, Берлин зэрэг хотод болдог олон улсын кино наадамд Монголын кино оролцож, шагнал хүртэж өндрөөр үнэлэгдэж байсан нь гэрчилнэ. Карловард 1956 онд болсон олон улсын кино наадмаас "Манай аялгуу" кино диплом хүртэж, 1959 онд Москвагийн кино наадмаас "Ардын элч" киноны Ариунаагийн дүрд тоглосон жүжигчин Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль авсан гээд ярих түүх их бий.

ЗХУ-д өөрчлөн байгуулалтын уур амьсгал 1980 оны сүүлчээс хүчтэй сэнгэнэж, түүний давалгаа, нөлөө Монголд түрж, үйлдвэр аж ахуйн газар бүр бие даасан санхүүжилтээр ажиллах шинэчлэл өрнөх үөд хэсэг хүмүүс урьдчилсан төлөвлөгөө бодлогогүйгээр Кино үйлдвэрийг тасаг, цөхээр нь салгаж аж ахуйн тооцоонд орсноор хүнд цохилт авч буруу замаар будаа тээснээ ойлгож, дахин нэгдэж хөл дээрээ зогсох үөд ардчилсан хөдөлгөөн ялж дахиад л замбараагаа алдаж, Кино үйлдвэр доройтож эхэлсэн.

Ардчиллын ухагдахууныг гүйцэд ойлгоогүй залуусын толгойг харийн сургагч нар эргүүлж капитализмд орохыг шууд зааварлаж, улсын үйлдвэр, аж ахуйн байгууллагыг яаравчлан хувьчлах нэрийдлээр эзэнгүйдүүлж, ажилчдыг тараан бутрааж, ажилгүйчүүдийн эгнээг өсгөж ард түмэнд хөрөнгө өгөх хувьцааны цэнхэр, ягаан цаас тарааж, эмх замбараагүй хувьчлал эхэлсэн.

Энэ үед улсын үйлдвэр, хүүхдийн нэртэй бүх байгууллага, соёл урлаг илүү ихээр нэрвэгдсэнийг бид мэднэ. Хувьчлалын шуурганаар Кино үйлдвэрийн өмч газар, барилга байгууламж, соёлын эд зүйлс олз хайгчдын хорхойг ихэд хүргэж хувьчилж авахыг санаархсаныг кинонд зүрх сэтгэлтэй уран бүтээлчид эсэргүүцэж түр зогсоосон боловч алсдаа хувьчлах зорилгоор төрийн өмчийн хороонд шилжүүлж, соёл урлагаас хөндийрүүлж “Монгол кино" нэртэй аж ахуйн газар болгож даргаар нь Ж.Солонгыг томилсон тэр цагаас одоо хүртэл кино бүтээх нь гол зорилго биш, харин эд хөрөнгө, өмч, газрыг худалдах, барилга байгууламжийг түрээслэх, "Түүхийн хүрд" кино мэдээг оромцоглон хийх төдий амиа зогоосон байгууллага болсон.

“Монгол кино" нэгтгэлийг ССАЖЯ-ны харьяаллаас гаргаж, ТӨХ-нд шилжүүлснээс болж кино бүтээж, ард түмний ухамсар, гэгээрлийг дээшлүүлэх, нийгмийг хөгжүүлэх киноны олон талт үйл ажиллагаа алдагдаж, төрийн хөрөнгө сахиж хамгаалах үүрэг хүлээсэн дарга Ж.Солонго муур багшийн үлгэрээр эд хөрөнгийг нь хумсалж суусаар 18 жил болж байна. Соёл, урлагийн бүх байгууллага, ССАЖЯ-нд харьяалагдаж байхад яагаад “Монгол кино" ТӨХ-ны өмч болдог байна вэ.

Монгол кино урлагийн голомт болсон Монгол кино нэгтгэл эд зүйлс бүтээдэг үйлдвэрийн газар юм уу. Цаана нь нуугдмал учир бий! Юуны учир ТӨХ-нд шилжүүлснийг дээр цухас дурдсаныг санах хэрэгтэй.

"Монгол кино" нэгтгэл ТӨХ-нд шилжээд киноны төхник төхнологи нь сайжирч, кино бүтээх төлөвлөгөөтэй ажиллаж, залуу уран бүтээлчдийг дэмжиж, хамтран шинэчлэл хийж, гадаад харьцааг өргөтгөж, өнөөгийн онцлогийг мэдэрч, кино урлагийг хөгжүүлэх олон янзын арга хэмжээ авч байгаа бол яана гэх вэ. Тэгвэл бүх юм эсрэгээр байгаа учир Монголын кино урлаг сөнөх замдаа орж байна гэж хэлэхээр үгүйсгэх хүн олон бий.

Тэдэнд өмнөө барьдаг бамбай бий. Жишээлэхэд, “Монгол кино" нэгтгэл төрөөс улаан мөнгө авахгүйгээр биө даасан санхүүжилтийг явуулж, төрийн үүрэх ачааллыг хөнгөлж байхад, яах гэж ССАЖЯ-д харьяалуулж, төрд ачаалал нэмэх гээд байгаа юм гэж чанга дуугарахад ихэнх хүмүүс дуугаа хурааж амаа үдүүлдэг. Энэ нь олон жил үргэлжилж, өнөөг хүрч байна.

Кино нэгтгэлийн хэдэн ажилчдыг цалинжуулж, ус, цахилгааны мөнгө төлөх гээд хөрөнгө гаргахаас илүү одоо ирээдүйн агуулга, соёл урлагийн бүтээлийн түүхэн ач холбогдлыг нэн түрүүнд бодох учиртай. Засгийн газар, Монголын кино урлагт хэдэн зуун сая төгрөг зарцуулснаар алдагдалд орж сүйд болохгүй нь мэдээж.

Харин сүүлийн үед хэдэн тэрбумаар нь өгөөж, бүтээмжгүй ялих шалихгүй элдэв хөтөлбөрт үрэлгэн зарцуулж байгаа нь бидний нүдэнд ил байгаа, Яагаад кино урлагийг хөгжүүлэх бодлогод гар татаж, хөрөнгө мөнгөний боломжгүй гэж ам таглаад 20-оод жил болж байна вэ.

Үнэхээр манай улс, эдийн засаг нь сүйрч туйлдаа хүрээд кино урлагт анхаарал тавьж, ивээлдээ авах боломжгүй байна гэж үү. Тэр худлаа бололтой.

Жил бүр үндэсний үйлдвэрийг дэмжих нэрийдлээр арьс шир, ноос ноолуур гээд олон янзын урамшил, Улаанбаатарыг утаа, хоггүй болгох гэж “Утаагүй зуух", “Азийн цагаан дагина”-ногоон уут, хотын гудамжийг цэцэгжүүлэх, хөшөө дурсгалыг нураах, засварлах, босгох гээд хэдэн мянган тэрбум төгрөгийг салхинд хийсгэдэг мөртлөө 700-800 сая төгрөгийг Монголын кино урлагийг хөгжүүлэхээс харамлаж байгааг юу гэж бодох вэ.

Соёл урлаг аливаа үндэстний баталгаа, улсын өвөрмөц төрх шинжийг таниулах тусгаар тогтнолын бахархал шүү дээ, Тиймээс улс орон соёл урлагийг дээдлэн халамжлах ёстой байтал УИХ-ын зарим гишүүн Засгийн Газрын бүтэц, зохион байгуулалтыг хэлэлцэх үөд ССАЖЯ-ыг байх хэрэггүй гэж ад үзэж байгааг сонсоод өмнөөс нь ичиж, сэтгэлдээ харамсаж байсан.

Кино урлагийг ТӨХ-оос салгахгүйгээр оршин тогтнох, хөгжин урагшлах зам байхгүй гэдгийг 20 жил баталгаатай харуулсан учир "Дассан газрын даавуу зөөлөн" гэгчээр ССАЖЯ-нд шилжүүлэх саналыг УИХ-ын нийгэм бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Батцогтод тавихад асуудлыг шуурхай хүлээн авч, байнгын хорооны гишүүдээр хэлэлцүүлж, зүй ёсны санал оруулахыг ССАЖЯ-нд үүрэг өгсөн, Энэхүү шийдвэр уран бүтээлчдийн сэтгэлд гэрэл асааж найдвар төрүүлж байгаа.

Аль ч улс оронд соёл урлагийг чухалчлан үзэж, тусгай яам, хороо агөнтлагтай үйл ажиллагаа явуулж байхад манайх гүзээнд наалдсан дэлүү гэдэг шиг боловсролын салбартай нийлүүлж, олж харагдахааргүй бүдгэрч байсныг бас санах хэрэгтэй. Туулсан муу замаараа буцаж явах ашиггүй. Харин бие даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий “Монгол кино" нэгтгэл байвал оносон шинэчлэл болно.

Засгийн газрын зарим яам “Монгол кино” нэгтгэлийг төрийн байгууллага болгохыг дургүйцэж эсрэг саналтай байгаа гэнэ лээ. Тэд дахин сайтар тунгааж зөвхөн өнөөдрийг биш алсын язгуурыг бодож, дахин саналаа илэрхийлэх байх гэж итгэж байна.

Монголын кино урлагийг өргөн цар хүрээгээр дүгнэж, одооны нөхцөл байдлыг шүүн хэлэлцэж, зөв замд нь оруулж өгнө гэдэгт Засгийн газар, УИХ-ын гишүүдэд найдаж байна. Киног хайрлах сайхан санаат ээж шиг сэтгэл үгүйлэгдэж байна даа.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Х.Дамдин