sonin.mn

Хэрэглэгчийн эдийн засагт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулбал буурчээ. Энэ тухай МУИС-ийн судлаачдын нэгтгэдэг Хэрэглэгчийн хүлээлтийн индексийн III улирлын тайланд дурдсан байна.

Тайлант хугацаанд хэрэглэгчийн хүлээлтийн индекс улсын хэмжээнд 83.5 хувьтай, өнөөгийн байдлын индекс 67.8 хувьтай гарсан бол ирээдүйн индекс 93.9 хувьтай гарсан байна.Тус тайланг гаргахдаа бүсчилдэг бөгөөд хангайн бүсийн хэрэглэгчийн итгэлийн индекс хамгийн өндөр байгаа бол  баруун бүсэд хамгийн тааруу үзүүлэлттэй гарчээ.

Харин нийслэлд дээрх гурван индекс бусад бүсээс өндөр  хувьтай байна. Түүнчлэн нийт иргэдийн 70 орчим хувь нь ирэх зургаан сарын хугацаанд үнийн ерөнхий түвшин өснө гэсэн хүлээлттэй байгаа нь өмнөх улирлаас өсчээ.

Тэгвэл үнийн түвшин буурна гэж үзэж байгаа иргэд маш цөөн байсан бол өөрчлөгдөхгүй гэсэн хариултыг 13.1-14.5 хувь нь өгсөн байна. Өмнөх судалгааны дүнгүүдээс үзвэл иргэд I улиралд инфляцийн түвшин 5.3 хувь, II улиралд 4.2 хувь болно гэсэн хүлээлттэй байсан бол III улиралд 6.5 хувь болж өсчээ.

Дээрх хүлээлтийг статистик үзүүлэлттэй харьцуулбал I улирлын эцэст инфляци 3.5 хувиар өссөн бол II улиралд 6.7 хувь болж хүлээлтээс давсан байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг