Улс эх орон, үндэстэн нь хэцүүдэх үед Оросын их зохиолч, яруу найрагч, нийгмийн нэрт зүтгэлтэн Некрасов “Орос оронд хэн аз жаргалтай вэ?” гэсэн асуулт тавьсан найраглал бичиж үнэхээр ноёд баяд аз жаргалтай байна гэдгийг нотлон хэлсэн шиг өнөөдөр Монгол оронд хэн аз жаргалтай байна вэ?

Н.Алтанхуягийн Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн амаар мэдээлснээр Монголд мөнгөний ханш унаж, төгрөг үнэгүйдэж, 54 мянган аж ахуйн нэгж үүд хаалгаа барьж улс орон гүн хямарч байгааг нотолсон билээ.

Амьдрал энэ бүхнийг баталж байгаа үед төрийн соёрхолт нийтлэлч Баабар “Төрөө нураахын жаргал” гэсэн өгүүлэл бичиж нийтлүүлэв. Уг өгүүллийн санаа нь урьдын сайхан МАН+АН=МАНАН-гаа байгуулж аз жаргалдаа мансуурах тухай юм. МАН, АН хоёр одоо л нэгдэж, хамтын аюул, хамтын үхэл, хамтын сүйрлээс хамтдаа гарах тухай мэдэгдээд эс хамтарваас Н.Энхбаяраас авхуулаад биднийг тамд унагах мангасууд төрсөн байна гэдгийг зарлав.

Н.Баабарын нийтлэл гардаг тэр өдөр МАН-ын дарга М.Энхболдын үндсэн хуулиа өөрчлөх тухай өгүүлэл ярилцлага өдөр тутмын бүх сонинд нийтлэгдлээ. Н.Алтанхуяг л мэдээгүй байснаас болж гэнэт цочин бухимдаж, малнаас дор малнуудын дунд байжээ би гэж хашгирсан билээ. Аль эртнээс үндсэн хууль өөрчлөх 43 хүнтэй нэг комисс, 13 гишүүнтэй нэг комиссыг тус тус байгуулжээ. Хоёр шатлалт парламентын систем тогтоно.

2017 онд Ерөнхийлөгчийг УИХ-ын хуралдаанаар сонгоно. Дахиж Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болно, үүнээс нааш хоёр нам нэгдэж, Засгийн газрыг байгуулна гэж тохирчээ.

Эх сурвалж: "Хөх толбо" сонин