sonin.mn

АНКАРА. /Reuters/. Засгийн газраа шүүмжилсэн сонин, телевизийн сувгийн байр руу Туркийн цагдаа нар дайран орж, 25 сэтгүүлчийг баривчилжээ.

Цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр улсынхаа хамгийн том сонингуудын нэг “Заман”-ы байруудыг нэгжжээ. Террорист ажиллагаа явуулахад оролцож байж болзошгүй гэж үзэн тэд энэ сонины харьяа телевизийн сувгийн байрыг мөн нэгжсэн байна.

Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы өрсөлдөгч, лалын санваартан Фетулла Гуленыг тус сонин дэмждэг юм. Тус сонин нь Туркт хамгийн их нөлөөтэй аж. Нэг дугаар нь нэг сая ширхэг хэвлэгддэгээс гадна англи хэлээр бас гардаг байна.

“Заман” нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхийлөгч Эрдоганы авлигатай холбоотой мэдээллийг гаргаснаасаа хойш түүнийг удаа дараа шүүмжилж байжээ.

Тус сонины хэдэн мянган ажилтан, дэмжигчид Истанбул хот дахь сонины төв байрны гадаа цугларан, сэтгүүлчдийг баривчилсныг эсэргүүцжээ. Тэдний үзэж буйгаар, энэ үйлдэл нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байна.

Засгийн газрыг нь шүүмжилсэн сэтгэгдлүүд интернэтээр тархах болсонтой холбоотойгоор энэ оны гуравдугаар сард Эрдоганы Засгийн газар “Твиттер” болон “You Tube”-ийг хааж байсан  юм.

Г.Доржханд

Эх сурвалж: