sonin.mn
"Иргэдийн Алъяанс" төвөөс байгаль орчноо хамгаалан тэмцэж байгаа иргэдийн хүний эрхийг хамгаалах асуудалд анхаарахыг шаардаж Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад, "Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглан зарлаад даруй 23 жил болжээ. Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байдаг, тэр ч учраас Та бүхнийг улс орноо ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдэлж, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцүүлэн, Үндсэн хуулиа чандлан сахиж ажиллуулахаар сонгож, томилсон. 
 
Гэтэл өнгөрсөн хугацаанд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан “эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхаарах” ёстой төр, засаг Үндсэн хуульд заасан үүрэг, хариуцлагаа умартаж, “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ” шаардан тэмцсэн нэр бүхий иргэдээ хилсээр яллаж, гэмт хэрэгтэн болгож, шоронд хорьж байгааг дэлхийн дахинаа андахгүй мэддэг болсон.
 
Энэ удаа ч гэсэн Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, 17 дугаар зүйлийн 2-т “байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг” гэж тус тус заасныг тэсгэм өвлийн хүйтэнд өөрийн амь насаар дэнчин тавин хамгаалж байгаа иргэдийн хүний эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгааг Монгол улсын Ерөнхийлөгчийн хувьд ТА онцгойлон анхаарах шаардлагатай байна!!! Нөхцөл байдал ийм эгзэгтэй болж байхад ТА “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж Үндсэн хуульд заасан дагуу өөрийн эрх мэдлийн хүрээнд чадах бүхнээ хийж, шуурхай ажиллахыг ШААРДАЖ БАЙНА. Захирал Жүрмэдийн Занаа" гэжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: