sonin.mn

Тогтвортой хөгжлийн эх үндэс нь улс орны усны шинжлэх ухааны хөгжил болон ирээдүйн чиг хандлагаа хэрхэн тодорхойлсноос шууд хамааралтай байдгийг анхааралдаа авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлого Монгол Улсын төр засагт үйгүйлэгдэж байгааг манай усны эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд онцолж байна.

Дэлхийн усны өдрийг угтаж өнөөдөр ШУТИС-ийн хурлын танхимд “Усны шинжлэх ухааны хөгжил, ирээдүйн чиг хандлага” сэдэвт усны эрдэмтдийн чуулга уулзалт болов. Энэхүү чуулга уулзалтыг Монголын усны түншлэл ТББ, 2030 Water resources group-ээс зохион байгуулсан бөгөөд энэ жил Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж байна.

Тус чуулганаар “Усны нөөц ба хэрэглээний өсөлтийн чиг хандлага” /доктор Д.Доржсүрэн/, “Усны салбарт хийж байгаа эрдэм, шинжилгээ, судалгааны ажлын үр дүн” /доктор Л.Жанчивдорж/, “Ус хангамж, ус цэвэрлэгээний судалгааны ажлын үр дүн” /доктор Д.Басандорж/, “Усжуулалт, усны барилга байгууламжийн судалгааны ажлын явц, үр дүн” /доктор Ш.Баранчулуун/ зэрэг 10-аад сэдвээр илтгэл тавьж, илтгэлтэй холбоотой асуулт, хариултын дагуу хэлэлцүүлэг өрнүүлэв.

Өнөөдөр Монгол Улсын Усны салбарын бүтэц, зохион байгуулалтын асуудал нь өөрөө хамгийн тулгамдсан асуудал болсныг эрдэмтэн, судлаачид санал нэгтэй онцолж байлаа. Сүүлийн 20 гаруй жил улс орны усны асуудалд нэгдсэн бодлогогүй явж ирсэний уршгаар өнөөдөр үер эсвэл ган нүүрлэхэд болзошгүй хохирол амсах боломж бүрдсэн гэдгийг эрдэмтэд хэлж байв.

Дэлхийн улс орнууд усны асуудлыг үндэсний аюулгүй байдлын нэг чухал хэсэг гэж үзэн онцгой анхаарал хандуулдаг. Усжуулалт, усны барилга байгууламжийн судалгааны ажил нь өнөөдөр төрийн хяналтаас гарч хувийн хэвшлийнхэний асуудал болж улсын төсвөөс багахан хувь хүртэж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн төслүүд л хэрэгжиж байгаа нь нууц биш. Манай улсад 10 гаруй УЦС байгаа нь нэгдсэн бодлогогүйгээс үйл ажиллагаа нь алдагдах, эдийн засгийн үр ашиг нь багасах асуудал гарч байна. Хот суурингийн үерийн хамгаалалт болон усны барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний ажил ч орхигдсоор байгаа. Үүнд арга зүйн нэгдсэн удирдлага байхгүй, хариуцдаг эрдэм шинжилгээний байгууллагагүй, судлаачдын төвлөрсөн хүчгүй, хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй байгаатай шууд хамааралтай. Уг асуудлыг 26 байгууллагад хамааруулсан байна. Мөн захиалагч нь тодорхойгүй. Хариуцлагыг хэн хүлээх нь тодорхойгүй байгааг эрдэмтэн, судлаачид онцлон хэлж байсан юм. Иймд өнөөдөр Монгол Улсад Усны судалгаа, удирдлагын хүрээлэн үгүйлэгдэж байна.

Манай улсад 1965-1971 онд үндэсний усны хүрээлэн бий болж нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн усалгаа, Монгол орны ургамалжилтын карт зэрэг чухал бүтээл гарсан байдаг. 1971-1991 он бол усны салбарын хамгийн оргил үе гэж болно. Энэ үед Усны аж ахуйн яам байгуулж, усны бодлогын хүрээлэн, лаборатори ажиллаж, зургаан ай савыг тодорхойлсон нь /Унгар улстай хамтран/ 20 дугаар зууны шилдэг бүтээл болж байсан юм. Харин 1997 онд М.Энхсайханы Засгийн газрын үед Геоэкологийн хүрээлэн байгуулж, энд усны том сектор 2015 он хүртэл ажиллаж байлаа.

Усны асуудлыг хэрхэн шийдвэрлэж чадсанаар тухайн улс орны тогтвортой хөгжил, хүн амын эрүүл амьдрах орчин нөхцлийн чадамж, хүртээмжийг тодорхойлдог. Аливаа улс орны Засгийн газар хүн амыг цэвэр усаар хангах үүрэгтэй байдаг. Өнөөдөр дэлхийн 187 орноос Монгол улс эрүүл цэвэр усаар хангах нөхцлөөр 138-д, зохистой амьдрах орчны нөхцлөөр 142 дугаарт жагсаж байна. Манай улсад орон нутагт нэг хүнд 7-9 литр ус оногддог бол Франц улсад 400 литр ус оногдож байгаа юм. Монгол Улсад 1 сая хүн усаар дутагддаг, хоёр хүний нэг усаар хангалттай хангагдахгүй байгаа нь нууц биш.

Нийслэлийн хүн амыг усаар хангадаг Туул голын орчимд олон бэрхшээл тулгарсаар ирсэн. Туул голын эхээс Харзтай хүртэл урсах голоос нааших голын усны хөрсний доороос нь бид усыг нь сорж хэрэглэдэг. Нөхөн сэргээгдэж байдаг энэ усны нөөцөө хэдийд нь ямар хэмжээтэй хэрэглэж, хэзээ сэргээж байх талаар нарийн судалгаа үйгүйлэгдсээр байна. Хур бороотой үед нь усыг нөөцөлж, гантай үед нь нөөцөө ашигладаг улс орны туршлагыг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Монголын говийн ус нь дэлхийн өөр хаана ч байдаггүй өвөрмөц онцлогтой тэжээгддэггүй, дарагдмал ус юм. Иймд тодорхой судалгаа, шинжилгээг үндэслэж энэ усыг ашиглах ёстой. Энэ мэт усны салбарт тулгамдаж байгаа олон асуудлыг шинжлэх ухаанчаар, судалгаа шинжилгээг үндэслэн эрдэмтэн, судлаачдын оролцоотой хийж, хэрэгжүүлэх олон ажил байгааг энэхүү чуулганаар хөндсөн юм.

Д.Өлзий

Эх сурвалж : "Монцамэ"