sonin.mn

Монголд анх удаа Шри Шригийн бясалгагчид сэтгэлзүйн бодит туслалцаа үзүүлж, түймрийн гамшигт өртсөн зүүн аймгуудын малчдад туслахаар болжээ.  

Гамшиг ослын дараа эдийн засгийн хүндрэлээс гарч болдог. Харин сэтгэл санааны хямралаас хүмүүс төдийлөн хурдан гарч чаддаггүй байна. Сэтгэлийн амар амгаланд хүрэх бясалгалыг Монголдоо анхлан эхлүүлсэн “Амьдрах ухаан” төвийн багш нар түймэрт өртсөн малчдад туслахаар шийджээ. Бясалгагчид гэдэг баялаг бүтээгчдийн нэгэн адил эдийн засгийн үйлдвэрлэл эрхэлдэггүй ч, сэтгэлзүйн туслалцаа үзүүлэх чадвартай байдаг. Тэд тун удахгүй хүний сэтгэлийг зөв чиглүүлэх, малчдын сэтгэл санааны хямралыг засах бясалгалын хичээлээ зүүн аймгуудад үнэ төлбөргүй хийх юм. Мөн тэдэнд сэтгэлийн дэм хайрлахаар Шри Шри “Амьдрах ухаан” төвийн багш нар “Хайрын ерөөл” бясалгалын цуглааныг Монгол бөхийн өргөөнд ирэх сарын 6-нд зохион байгуулахаар болжээ. Бясалгалын  цуглаанаас олсон бүх орлогоо түймэрт өртсөн малчдад хандивлах юм.

Малчдад зориулсан сэтгэлийн өргөл аяныг санаачлагч “Шри Шри”  бясалгалын төвийн багш  Д.Гантөгс хэлэхдээ, “Хүмүүн бидний болгоомжгүй үйлдлээс болж байгаль эх маань түймэрт өртөн сүйрч байна. Зөвхөн энэ он гарсаар улсын хэмжээнд 15 аймгийн 58 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүний нэг тод жишээ нь зүүн аймгуудад гарсан түймрийн  гамшиг. Эдийн засгийн туслалцаа энэ цагт хэрэгтэй ч, сэтгэлийн тусламж түүнээс ч илүү хэрэгтэй. Газар нутгаа, гэр орноо, амьжиргааны гол эх үүсвэр болсон мал ахуйгаа түймэрт алдсан нутгийн иргэдийн сэтгэл санааны хохирлыг юугаар ч нөхөж боломгүй. Тиймээс бид малчид, иргэдийнхээ сэтгэл санааг өргөх, хүн байгальдаа уусан шингэж, хайрлан амьдрах ухааныг хүргэхээр шийдсэн юм” гэв.

 Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ"