sonin.mn
 
 
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Дэд бүтэц тохижилтын хэлтэс хамтран дүүргийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Уулзалтанд Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа, Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Н.Цогзолмаа, Дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Б.Баттөмөр, холбогдох мэргэжилтнүүд, дүүргийн аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөл 525 иргэд оролцов.
Энэ үеэр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад жил бүр явуулдаг аттестатчилалыг энэ жил хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл болон нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны талаар танилцууллаа.
Уралдааныг 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгууллага аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангиллаар 22 төрлийн номинаци, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн номинацид шилдгийг шалгаруулах юм.
Харин хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрөлд, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн номинаци буюу нийт 41 ангилалд 87 номинацид шилдгийг шалгаруулж тус бүр таван сая төгрөгөөр шагнахаар болжээ.
Уулзалтын төгсгөлд Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа “Дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалж, та бүхний санал санаачилгыг бид ч дэмжиж, та ч хариуцлагатай байж, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэн, ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлөө сайжруулъя”гэлээ.