sonin.mn
БЭЭЖИН. /RIA Novosti/. Боловсрол, сансар судлал, аялал жуулчлал, ашигт малтмал зэрэг салбарт хамтран ажиллах тухай засгийн газрын хоорондын 24 гэрээнд Энэтхэг, Хятадын эрх баригчид гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслол Хятадын нийслэл Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд болсон байна. Ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян болон тус улсад айлчилж байгаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцжээ.
 
Тухайлбал, талууд төмөр замын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх болон боловсролын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, харилцан ойлголцох санамж бичиг, сансар судлалын салбарт хамтран ажиллах тухай гэрээ, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах санамж бичиг, мөн Энэтхэг, Хятадын муж, хотуудын хооронд ах дүүгийн харилцаа тогтоох тухай хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан байна.
 
Нарендра Моди Хятадад гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Бямба гарагт Модигийн айлчлал Шанхай хотод үргэлжилж, тэрбээр бизнесийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг