sonin.mn
МАХН-ын нарийн бичгийн дарга П.Ангараг, Г.Бямбасүэн нар  өнөөдөр Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын томилсон төрийн албан хаагчдыг хоморголон халж буй асуудлаар хэвлэлийн бага хурал хийж,  УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандах болсноо мэдэгдлээ.  
 
Тэд Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын томилсон харьяа яамд агентлагууд болох Гаалийн Ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Татварын Ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Онцгой байдлын ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Худалдан авах ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар түүний харъяа байгууллагууд, Алтанбулаг худалдааны чөлөөт бүс зэрэг байгууллагуудад ажиллаж байсан өмнө тус намын харьяалалтай 50 орчим удирдах албан тушаалтныг ажлаас үндэслэлгүй халсан.
 
Дээрх албан тушаалтнууд нь төрийн албаны өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, хариуцлагатай, үр дүнтэй ажиллаж байсан . Иймд МАН-аас томилогдон ажиллаж байгаа эрх бүхий албан тушаалтан болох Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт хариуцлага тооцож, төрийн албан хаагчийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, Төрийн албаны тухай хуулийн дагуу шалгуур хангаж манай намаас томилогдон ажиллаж байсан хүмүүсийг буцаан ажилд нь эгүүлэн авах, хэрэв монгол төрийн хуулийг үл тоон хариуцлагаа ухамсарлахгүй бол томилогдсон албан тушаалаас нь өөрсдийг нь огцруулах хүртэлх арга хэмжээг авч өгөхийг хүсэлт гаргаж байна гэв.
 
М.Оюун