sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэлцэх асуудалд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг оруулж өгөхийг хүслээ. Тэрбээр, “Миний гар дээр уг гэрээний бичиг баримт байна. 15 банкны барьцаанд бидний газар нутгийг тавих гэж байна. Энэ асуудлыг оруулмаар байна” гэсэн саналтай байгаагаа хэлсэн. Үүний хариуд УИХ-ын дарга З.Энхболд “С.Ганбаатар гишүүн дэгээ мэдэж байгаа байх. Дэгийн хуулиар болон энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд гэнэт үүнийг оруулж хэлэлцэх боломжгүй. Ирэх долоо хоногт бүлэг болон байнгын хороон дээрээ энэ асуудлаа оруулаад ярилцах боломж бий. Ирэх долоо хоногоос Ерөнхий сайдаас асуулгын хариултаа аваад явах боломжтой” гэлээ. 
 
Мөн УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс авсан завсарлага дууссан эсэхийг тодруулсан. Өнгөрсөн пүрэв гарагийн хуралдаанаар тус бүлэг улс орны ойрын ирээдүйн хөгжлийн чиг хандлагатай холбоотой энэхүү асуудлаар сайдын тайлбар авах, сайн нягталж ярилцах шаардлагатай хэмээн үзэж, 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргаад байсан юм. Бүлгийн дарга Н.Батцэрэг завсарлага дууссан гэдгээ мэдэгдсэн тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхээр шууд санал хураалт явуулав. Учир нь өнгөрсөн баасан гарагт эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийсэн тул ийн санал хураалт явуулсан юм. Гишүүдийн дийлэнх нь хэлэлцэхийг дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг