Хүүхдийн боловсрол, хүүхдийн эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай болоод байгааг шат шатандаа л ярих болсон. Ярихаасаа илүү хийхийг зорьж хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж буй төрийн болон ТББ-ууд ч цөөнгүй бий. Тэдгээрийн нэг бол “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төв юм.
 
Тус төв Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэн нийгэм эдийн засгийн тогтворгүй цаг үетэй зэрэгцэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл хүүхдийн хөгжлийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, “Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төвийн захирал С.Чулуунбаатартай ярилцлаа.
 
-Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийг байгуулах шалтгаан юу байв? Байгууллагаа танилцуулаач. 
 
-Хүүхдийн төлөө амьдрах ухаан төв байгуулагдаад 23 жил болж байна. 1992 оны үед дэлгүүрийн бараа картанд орсон, сургуулиуд задарчихсан, хүүхдүүд гэрээсээ дайжиж байсан хүнд цаг үе байсан.  Тэр үед бид гудамжинд гарсан хүүхдүүдэд нэг удаагийн хоол, өмсөх хувцас зэргийг өгч тусалдаг байсан юм. Гэвч энэ нь нийгмийн асуудлыг шийдэхэд ямар ч үр нөлөөгүй. Өдөр хоол идсэн хүүхэд орой дахиад л өлсөнө, нөгөө талаас хүүхдийг маш их бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байсан.
 
Тиймээс 8, 10 дугаар анги төгссөн өнчин, хагас өнчин хүүхдүүд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүй мэргэжил олгож, ажилд зуучлах ажлыг бид санаачлан зохион байгуулсан. Тухайн үед одоогийнх шиг МСҮТ зэрэг мэргэжил олгодог сургалтын төвүүд байгаагүй. Харин бид тогооч, гар хивсчин, гуталчин, үсчин гэх мэт 10 чиглэлээр мэргэжлийн сургалт явуулж эхэлсэн.
 
Ингэхдээ хүүхдүүдийн суралцах хугацаандаа хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж түүнийг нь тухайн үеийн хувиараа аж ахуй эрхлэгч эздэд сонирхуулах замаар тэднийг ажилд зуучилдаг байсан юм. Ингэж бид өнгөрсөн хугацаанд 13500 гаруй хүүхдэд мэргэжлийн боловсрол олгосон байна. Үүнээс 5400 гаруй хүүхдийг ажил олгогчдод зуучилж ажлын байртай болгосон.
 
Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж МСҮТ-үүд ч нэмэгдэхийн хэрээр энэ чиглэлийн асуудал нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудлуудын нэг байхаа больсон. Тэгэхээр бид дахин судалгаа хийж үзээд хүүхдэд нэн тэргүүнд хүргэх шаардлагатай байгаа ажил бол тэдний эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулах юм байна гэдгийг олж мэдсэн. 
 
-Судалгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Хичнээн хүүхэд хамрагдсан бэ? 
 
-Судалгаанд 100 хүүхэд хамрагдсан. Тэдгээрийн 35 нь хоол тэжээлийн дутагдалтай, 40 нь суурь өвчтэй, мөн 80 хувь нь мэдрэлийн ядаргаатай байгаа нь тогтоогдсон. Энэ нь хотжилт, дуу шуугиан, агаар хөрсний бохирдлоос шууд хамааралтай. Нөгөө талаас ар гэрийн тогтворгүй байдал, мөн таван настай хүүхдийг сургуульд оруулдаг, дайран дээр нь давс гэгчээр эцэг эхчүүд нь тэр нялх амьтдыг хөгжүүлж мундаг хүн болгох гээд төрөл бүрийн сонгон дугуйланд давхар хамруулдаг болсон.
 
Ингээд хэт ачаалал нэмэгдээд ирэхээр хүүхэд өөрөө өөрийгөө дарамталж эхэлдэг. Яагаад гэхээр багш даалгавраа хий гэсэн яаж хийнэ ээ, ээж дүүгээ цэцэрлэгээс аваарай гэсэн яаж амжуулна аа гэхчилэнгээр өөртөө бодлоороо дарамт учруулдаг. Эдгээрээс шалтгаалж хүүхэд ачааллаа даахгүй мэдрэлийн ядаргаанд ордог байна.
 
Их муухайгаар хэлэхэд орон сууцанд амьдарч байгаа хүүхдүүд маань чулуун ханаар хүрээлүүлсэн шоронд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр бид хүүхдийн эрүүл мэндийн тал дээр түлхүү анхаарал хандуулж 2005 онд “Жаргалан” хүүхдийн зусланг байгуулсан. Жилдээ 300-гаас доошгүй тооны зорилтот бүлгийн 6-13 насны хүүхдийг үнэ төлбөргүй амрааж, сувилдаг.
 
-“Жаргалан” зуслангийн бусад зуслангаас ялгарах онцлог юу вэ? Онцгой хөтөлбөрүүд байдаг уу?
 
-Зарим зуслангууд хөтөлбөртөө долоо хоногийн вакумжуулсан сургалт, 14 хоногийн эрчимжүүлсэн англи хэлний сургалт гэхчилэнгээр тусгасан байдаг. Харин бидний хувьд хүүхдийн байгууллагын баримталдаг зүйлээс бага зэрэг хазайсан гэж хэлж болно. Учир нь бүтэн гурван улирлын туршид хотын дуу шуугиан, хичээл ном, сургалт зэргээр тархи руугаа бөмбөгдүүлсэн хүүхдүүдийг зөвхөн амрааж, аав ээж, ар гэрийн амьдрал, хичээл номыг нь түр мартуулж тэднийг нар, ус агаарт байлгаж хүүхэд гэдгийг нь сануулах л зорилготой. Энэ нь хүүхдийг эрүүлжүүлэх ажил болж байгаа юм. 
 
Мөн тэднийг нийгэмшүүлэх ажил давхар хийгдэж байна. Бид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч жирийн хүүхдүүдийн хамт амраадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусдаас дөлсөн, өөрийгөө тусгаарласан маягтай, ер нь их битүү байдаг. Харин тэднийг жирийн хүүхдүүдтэй хамт байлгаад ирэхээр хоёр хоноод л бусдын адил тоглож наадаад, жирийн хүүхдүүдтэй ижилсээд явчихдаг. Үүнээс хүүхэд л бол хүүхэд, тэд гэнэн цайлган хэнийг ч алагчилдаггүй гэдэг нь харагдаж байгаа юм.
 
Миний хамгийн дургүй зүйлүүдийн нэг бол хүүхдийг эмзэг давхаргын хүүхэд, нэн ядуу өрхийн хүүхэд гэдэг нэр томьёогоор тусгаарлах. Энэ нь явсаар эцэстээ дарга нарын сурталчилгааны хэрэгсэл болчихсон. Тэр дарга эмзэг бүлгийн хүүхдэд бэлэг өглөө гэх мэтээр хүүхдийн дунд давхарга үүсгэж, түүн дээр сурталчилгаа хийж тоглож байна.
 
Тэгэхээр бид ийм зүйлээс зайлсхийж тэднийг ялгалгүй тэмцээн уралдаанд ямар ч хүүхэд оролцох боломжтой байдлаар зохион байгуулж байна. Тэмцээнд оролцоод шагнал авч байгаа хүүхдүүдийг ажиглахад жирийн хүүхэд тухайн өдөртөө л баяр хөөртэй харагддаг, харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд шагнал авбал тэр зуслангаас гэр лүүгээ буцах хүртэл аз жаргалтай байгаа нь анзаарагддаг. Нийгэмшүүлэх ажил гэж бидний хэлээд байгаа нь энэ юм. 
 
-Хэдийгээр хүүхдийг зөвхөн амраана гэж байгаа ч тодорхой хэмжээний сургалт зохион байгуулагддаг биз дээ?
 
-Тэгэлгүй яахав. Бид амьдрах арга ухааныг монгол ахуйтайгаа уялдуулсан хичээлийг байнга зааж сургадаг. Хамгийн наад зах нь хонь, ямаа хоёрыг ялгалгүй асуудаг хүүхдүүд олон байдаг. Тэгвэл хүүхдүүдийг адуу, мал уул, усны дэргэд амрааж яг тухайн орчинд нь малын зүс, эмээл хазаар элдэв эдлэлийн ялгааг зааж таниулсанаар тэдэнд мартагдахааргүй том хичээл болж байгаа юм. Мөн амьдрах арга ухааны хичээлийг орохдоо хүүхдэд хэрэгцээтэй хоолны материал, гал асаах чүдэнз зэргийг өгөөд долоо хоногийн нэг өдөр ойрхон газар хээрийн аялал зохион байгуулдаг.
 
Энэ аяллаар хүүхэд өөрөө галаа асааж сурна, өөртөө тохирох хэмжээний хоолоо хийгээд идчихдэг нь маш чухал төдийгүй тэдэнд хамгийн сонирхолтой хичээл болж чаддаг. Ингэж заасныхаа дараа бид шалгалт авах журмаар АХА тэмцээн зохион байгуулж мөн л түрүүлсэн хүүхдийг шагнаж урамшуулдаг. Тохирсон шагналыг хүүхдэд олгох нь тэднийг цаашид улам илүү сургах үр дүнтэй арга.
 
Зуслан дээрээ бид ногоо тарьж түүнийгээ хүүхдүүдээр услуулж, арчлуулж байгаа нь мөн л тэдэнд амьдрах арга ухааны хичээл болдог талтай. Түүгээр ч үл барам өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй масло, сахараас бусад сүү, тараг, айраг, гурил, ногоо зэрэг хүнсээ бид зуслангаасаа бүрэн хангадаг. 
 
-Хүүхдийн төлөө амьдрах ухаан төвийн анх зохион байгуулж байсан мэргэжил олгох сургалт одоо үргэлжилж байгаа юу?
 
-Хүүхдийн эрүүл мэндэд түлхүү анхаарал хандуулахаас гадна манай мэргэжил олгох сургалт хэвээр үргэлжилж байгаа. Манай сургалтын төв гар урлал, оёдолчин, засалчин, даргын туслахын чиглэлээр мэргэжлийн боловсрол олгож байна. Мэдээж хүн болсон хойно аливаа зүйлийг заагаад байвал ингэж хийх ёстой юм байна гээд сурчихаж байгаа юм.
 
Гэхдээ зөвхөн мэргэжлийн сургалт гэхээс гадна хамгийн чухал анхаарах зүйл бол хүний төлөвшил юм. Хүн амьдралд боловролоороо биш төлөвшлөөрөө ялгардаг. Одоо цагт манай залуусын нийтлэг нэг дутагдал бол төлөвшлийн доголдол юм. Маргааш ир гээд цаг заагаад явуулахаар хоцроод ирдэг, шинэ зүйл хийхээр сүйтгээд баллаад хаячихдаг, цалин тавихаар олон хоног таслаад алга болчихдог өөрийнх нь биш л бол яасан ч яахав гэсэн бодол тархинд нь ягштал суучихсан байна шүү дээ.
 
Манай улс чадваргүй биш, төлөвшилгүй ажилчдаасаа болж ажлын байрныхаа багагүй хувийг хятадууд, солонгосчуудад алдаж дууслаа. Тиймээс бид “Хүн төлөвшлийн хичээл”-ийг тусгайлан онцолж сургалтын хөтөлбөртөө оруулсан. Энэ зүйл дээр улс даяараа анхаарах хэрэгтэй. 
 
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин