sonin.mn
УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын 33 мянган аж ахуйн нэгжийг шалгаж 11 мянган аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэж мөн гадаадын 300 захирлыг тусгай шалгалтанд оруулж, Монголоос явах хилээр гарах эрхийг нь түдгэлзүүлэн зарим нэгийг нь барьснаас Монгол шорон боллоо, Монгол аймшигт хорих лагерь боллоо, Монголын бизнесийн эрх зүйн орчин хүндэрлээ гэсэн мессэж цацагдаж байсныг дурьдсан. 
 
Энэ нь Х.Тэмүүжингийн Хууль зүйн сайд байх үед болсон явдал гэж хуулийн ажилтнууд ярьж байна. Учир нь Ч.Сайханбилэгийн мэдэгдлийн дараа ЦЕГ-ын албан ёсны мэдэгдэл гарч, бид баялаг бүтээгчдийг дарамтлаагүй, цөөхөн хэдэн аж ахуйн нэгжид татварын зөрчлийн улмаас шалгалт хийсэн хэмээн мэдэгдлээ.
 
Мөн Х.Тэмүүжин АНУ-ын зарим нөлөө бүхий стратегийн байгууллагатай нууц гэрээ хэлцэл хийж, УИХ-аар оруулах хуулийн төсөл болон хэлэх үгийг зургаан сарын өмнө хүргүүлж байна гэсэн тохиролцоо хийсэн гэсэн яриа байна. Энэ нь үнэн үү?
 
Х.Тэмүүжингийн нууц гэрээнээс гадна нууц тушаал байгаа сураг байна. Шинэчлэлийн Засгийн газар огцрох, Шийдлийн Засгийн газар байгуулагдах сиймхийгээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нэгэн тушаал үзэглэж, яамны удирдлагууд нь хав даржээ. Тэгтлээ нууцалсан тушаал нь харин ч хамгийн ил тод, нээлттэй шийдвэрлэгдэх ёстой ажилтнуудын нийгмийн, тэр тусмаа орон сууц олгох асуудал байж.
 
Орон сууц авах азтануудын тоонд хууль зүйн Сайд Х.Тэмүүжин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, яамны Ёс зүйн хорооны дарга Д.Сүнжид, Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга Б.Баасандорж, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга С.Мөнхбат, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн туслах А.Энхмаа гээд нижгээд хүмүүс орсон гэлцэнэ.
 
Нууцалсан тушаал хуурай өвсөнд авалцсан түймэр адил тарж, ам дамжсан яриа нэгэнт яамны халуун тогооноос гарчээ. Тушаалаар орон сууцыг ээлж дугаараа шударгаар хүлээсэн ажилтнуудад биш харин энэ яаманд 2 жил гаруйхан хугацаанд ажилласан сайд, дарга, тэдэнд шадарласан голдуу хүмүүст олгохоор шийдвэрлэсэн нь ажилтнуудынх нь урамыг хугалж, дургүйцлийг төрүүлжээ. Зүйн хэрэг. Орон сууцтай болох дарааллаа хүлээсэн ажилтнуудад гомдолтой байлгүй яахав.
 
Сураг ажиг сонссон ажилтнууд Сайдын тушаалд өөрийнх нь нэр орж чадсан эсэхийг мэдэх гээд мэдэж чадаагүй гэдэг. Тэсвэр нь барагдсан ажилтнууд яамны ажилтнуудын хурлын үеэр уг тушаалын талаар удирдлагуудаасаа тодруулах гэж оролдсон боловч “судалж үзье” гэх бүрхэг хариу тэднээс сонссон гэдэг.
 
Нөгөө ардчиллын алтан өлгий гэгдэж жишээ баримтад орж, жишгийг нь дагаад байдаг Америкт энэ бол Шударга ёсны яам. Төрийн хуулийн бодлого боловсруулдаг, хууль бичдэг энэ яаманд уг нь хүмүүстээ орон сууц олгодог журам байдаг гэнэ. Дотроо мөрддөг дүрэм журам падлийгүй юмаа гэхэд төрийн хуулиар энэ нууцлах мэдээлэл мөн үү?
 
Гаргасан тушаал шийдвэрээ ажилтнуудаасаа нууцлах ёсгүйг энэ яамны гал тогоог хариуцдаг Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг мэддэггүй хэрэг үү?
Нөгөө хууль шүүхийн шинэчлэл, шударга ёс гэж ам хамхилгүй ярьцгааж явсан энэ эрхэмүүд нидэр дээрээ хэн болж таарч байна. Шинэчлэгчид мөн үү?
 
Оочер дугааргүй орон сууц авахаар баталгаажсан эдгээр хүмүүсийн дийлэнх нь Хууль зүйн яамнаас явцгаасан гэнэ. Гэхдээ тэдэнд алдах юм юү байхав. Орон сууц авах юм чинь. Нууцалсан тушаалтай. Тушаалд нэр орсон сайд, дарга нарын дийлэнх нь авсан орон сууцаа зарцгаасан сурагтай.
 
Бодоход хэтэрхий шударга биш байгаа биз. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэ гэж хууль зүйн сайдын багцад хуваарилсан төсвийн хөрөнгө мөнгө ийм замаар үрэгддэг болж таарч байна. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө.
 
Цаана чинь хүйтэнд нь хөрч, халуунд нь халж, тушаалаар нэг хязгаараас нөгөө хязгаарт хэдэн халтар хүүхэд, гэр бүлээ чирээд нүд цавчилгүй хил манадаг хилийнхэн, хэрэг хөөцөлдөж, хэрэгтнүүдтэй улаан нүүрээрээ тулдаг цагдаагийнхан, шоронгийн хүнд нөхцөлд алба залгуулдаг хорихынхон өөрийн гэх орон байртай болох гэж өч төчнөөн жилээр чилийтэл хүлээдэг, тэсч чадсан нэг нь авдаг, авч чаддаггүй ядарсан алба хаагчид хэдэн зуугаараа байхад зарим хүмүүс нүд ирмэх зуур орон сууцтай болж чадаж байгааг юугаар зөвтгөх вэ? Ийм ид шид байж таарах уу?
 
Энэ тушаал одоо ч нууц хэвээр үлдсэн гэдэг. Ажилтнууддаа орон сууц олгох дараалалаа маш ил тод бүр вэб дээ тавьчихсан олон байгууллагууд байна цаана чинь. Дууриалал ав Хууль зүйн яам байна даа ядаж.
 
Эцэст нь Төрийн сан хоосорсон гэдгийг Их хурлын гишүүд ч нуулгүй ярьцгааж байна. Тэгвэл төрийн сан яагаад хоосордог ийм ганц жишээ энэ бус уу.
 
Б.Оргил
Эх сурвалж: "Хөх толбо" сонин