Явган хүний зам хаасан, зөвшөөрөлгүйгээр барилга, хаалт, хашлага барьсан байгууллагуудтай тулж ажиллахаар хотын дарга захирамж гаргасан. Тодруулбал, өнгөрөгч тавдугаар сардаа багтаан нийтийн эдэлбэр газруудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн ч захирамжийн хэрэгжилт өнөөдрийг хүртэл бодит биелэлээ олсонгүй.
 
Уг нь бол тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж буй нийтийн эдэлбэрийн газрыг энэ оны тавдугаар сард багтаан чөлөөлөх ажлыг зохион байгуулах, чөлөөлөгдсөн газрыг тохижуулах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Өмчийн харилцааны газар, Ерөнхий төлөвлөгөөний газарт үүрэг болгосон байв.
 
Гэтэл энэ асуудалд анхаарал хандуулж, Засаг даргын захирамжийн дагуу аж ахуй нэгжүүдийг хянаж байгаа хүн алга. Тиймээс өнөөх том толгойтой аж ахуй нэгжүүд хуулийг гууль болгон явган зорчигчдын эрхийг зөрчсөөр байна. Тухайлбал, “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн төв байрны замын эсрэг талын “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броудвэй” сүлжээ ресторан зэрэг томоохон үйлчилгээний газрууд явган хүний замыг хааж барилга барих, хашаа босгохоос гадна шатаа сунгасан байгаа.
 
Эдгээр газруудад хугацаат үүрэг болгож, замаа чөлөөлөхийг шаардсан албан шаардлага хүргүүлсэн ч нэг нь ч барилга байгууламжаа нурааж, явган хүний замыг чөлөөлөх нь байтугай барилгынхаа ширхэг тоосгыг ч хөдөлгөөгүй хэвээр л байна.
 
Уг нь захирамжид дурьдсанаар Нийтийн эдэлбэрийн газрын ашиглалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүр нь арилгаж, зохих зөвшөөрөлгүй газар дээр барилга байгууламж барьсан эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн этгээдийн газрыг чөлөөлж, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангахыг зогсоох, зөвшөөрөлгүй барилга байгууламжийг инженерийн дэд бүтцээр хангасан албан тушаалтанд хариуцлага тооцохыг нийслэлийн Засаг дарга үүрэгдсэн.
 
Тэгээд энэ ажлын үр дүнг ирэх зургадугаар сард багтаан танилцуулах ёстой. Мэдээж энэ ажлыг хийх үүрэгтэй холбогдох газрууд хотын заргын захирамжийг зөрчсөн газруудад албан шаардлагаа хүргүүлсэн боловч тусыг эс олж байгаагаа хэлж байна.
 
Тухайлбал, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар анхнаасаа барилгын зураг төслөө зөрчиж явган хүний зам талбай руу өргөтөгөл барьсан газруудад албан шаардлага хүргүүлдэг ч үйл ажиллагааг нь зогсоох эрх байдаггүй нь бас захирамжийн хэрэгжилт биелэхэд тээг болж байгааг хэллээ. Тэгэхээр одоо эрх бүхий газар нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар аж. Тэд улсын байцаагчийнхаа актыг үйлдээд лацдах боломж бий юм байна.
 
Сүүлийн жилүүдэд явган хүний зам дээр рекламны самбараа байрлуулж, барилга байшин барьдаг энэ үзэгдлүүд маш ихээр гарах болсон ч нийслэлээс дээрх шиг зүйлийг ярьж чөлөөлүүлнэ гэдэг ч өнөөдрийг хүртэл биелэлээ олоогүй өдийг хүрсэн.
 
Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн явдаг зам дээр барилга барьсан тухай шуугиан дэгдэж байсан. Ер нь явган хүний замтай холбоотой асуудлууд үүгээр дуусахгүй. Хотын төвөөр бол явган хүний зам огт байхгүй гэхэд хэтрүүлсэн болохгүй. Албан байгууллагууд, үйлчилгээний газрууд автомашины зогсоолоо шийдээгүйгээс түүгээр үйлчлүүлж байгаа иргэд, ажилчид нь явган хүний зам дээр машинаа байрлуулдаг.
 
Харин энэ үйлдлийг албаныхан байдаг л энгийн үзэгдэл шиг тоож авч хэлэлцэхээ больсон. Харин өнөөх албан байгууллагууд иргэд машинуудын голоор сүлжиж яваад сурчихсан хэмээн хээв нэг хэлээд суудаг болсон. Нэгэнт нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль дүрмэнд захирагдаж хотын даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
 
“Хууль зөрчсөн нь үнэн. Гэхдээ нэгэнт мөнгөө зарцуулаад барьчихсан юм чинь нураахгүй. Хаашдаа өнгөрсөн” гэж хэлээд гэдийгээд байж болохгүй л баймаар. Ямартай ч явган зорчигчдод тээг болж байгаа барилга, байгууламж, зогсоолоо нурааж тушаал шийдвэрийг биелүүлэх хугацаа дууссан тул төр хуулийнхаа дагуу хатуу арга хэмжээгээ авна биз ээ.
 
Нөгөө талаар хэрэв эдгээр газрууд нураахгүй бол албадан буулгаж, нураасан төлбөрийг нь гаргуулах хэрэгтэй. Жирийн иргэндээ хааяа хатуухан ханддаг шигээ мөнгөтэй эрхмүүдэд энэ анзааны “сүр”-ийг үзүүлэхэд гэмгүй.
 
О.Жаргал
Эх сурвалж: