Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер 2026 оны зургаадугаар сарын 22-нд албан тушаалаасаа огцрох шийдвэрээ зарлаж, эрх баригч Хөдөлмөрийн нам шинэ удирдагчаа сонгож дуустал үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаа мэдэгдсэн нь Британийн улс төрийн хүрээнд томоохон үйл явдал болж байна.
Кир Стармерын огцролт нь ганцхан шалтгаанаас үүдсэн шийдвэр биш бөгөөд сүүлийн саруудад хуримтлагдсан улс төрийн дарамт, сонгуулийн таагүй үр дүн, нам доторх үл итгэлцэл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа.
Юуны өмнө, энэ оны орон нутгийн сонгуулиудад Хөдөлмөрийн нам хүлээлтээс доогуур амжилт үзүүлсэн нь Стармерын байр суурийг ихээхэн сулруулжээ. Тус нам Английн хэд хэдэн чухал зөвлөл дэх нөлөөгөө алдаж, Уэльс болон Шотланд дахь дэмжлэг нь мэдэгдэхүйц буурсан байна. Эдгээр үр дүн нь ирэх бүх нийтийн сонгуулийн өмнө намын удирдлагын асуудлыг хурцаар тавихад хүргэсэн аж.
Үүний зэрэгцээ тус намын парламентын бүлэг дотор Кир Стармерын манлайллын талаар эргэлзэх хандлага нэмэгдэж байв.
Зарим гишүүд түүнийг намыг дараагийн сонгуульд амжилттай удирдаж чадахгүй гэж үзэж, удирдлагын өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн байр сууриа ил тод илэрхийлж эхэлсэн байна. Намын дотоод шахалт эрчимжихийн хэрээр Стармерын улс төрийн орон зай улам хумигджээ.
Мөн түүний Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулах, эрүүл мэндийн салбарын хүндрэлүүдийг шийдвэрлэх зэрэг амлалтуудаа хангалттай хэрэгжүүлж чадаагүй гэсэн шүүмжлэлтэй тулгарч байсан.
Иргэдийн дунд Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ буурч, бодлогын тодорхой байдал, шийдвэр гаргах чадварын талаар эргэлзээ нэмэгдсэн нь Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ.
Түүнчлэн Засгийн газрын зарим томилгоо, улс төрийн шийдвэрүүд нам дотор маргаан дагуулж байсан бөгөөд энэ нь удирдлагын эсрэг шүүмжлэлийг улам нэмэгдүүлсэн байна. Улс төрийн ажиглагчдын үзэж буйгаар эдгээр маргаан нь өөрөө огцрох хэмжээний шалтгаан болоогүй ч Стармерын байр суурийг сулруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.
Нөгөө талаас Найжел Фаражийн удирдаж буй Реформ Ю-Кэй намын рейтинг өсөж, уламжлалт хоёр том намын улс төрийн ноёрхолд сорилт учруулж эхэлсэн нь Хөдөлмөрийн намын удирдлагад нэмэлт дарамт болсон байна.
Сонгогчдын тодорхой хэсэг шинэ улс төрийн хүчнийг дэмжих болсон нь эрх баригч намын дотор ирээдүйн стратегийн талаар маргаан өрнөхөд хүргэжээ.
Ийнхүү Кир Стармерын огцролт нь хувь хүний нэг удаагийн алдаа бус, харин сонгуулийн амжилтгүй үр дүн, олон нийтийн дэмжлэг бууралт, нам доторх үл итгэлцэл, улс төрийн өрсөлдөөний шинэ нөхцөл зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр үр дагавар болж байна. Тэрээр 2024 онд Хөдөлмөрийн намыг түүхэн ялалтад хүргэж байсан ч хоёр жилийн дараа албан тушаалаа орхих болсон нь Их Британийн улс төрийн орчин хэр хурдан өөрчлөгдөж, эрх мэдлийн тэнцвэр ямар эмзэг байгааг дахин харуулсан үйл явдал боллоо.
Н.Отгончимэг
Лхагва - 06 сарын 24,
2026

Сэтгэгдэл0