sonin.mn
БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны зуны универсиад 28 дугаар наадамд оролцсон Монголын баг тамирчид хэрхэн оролцсон талаар БТСХТ-ийн хурлын танхимд сэтгүүлчдэд албан ёсны мэдээлэл өгөв.
 
Энэ сарын 3-14-нд амжилттай болж өндөрлөсөн тус наадамд Монголын баг тамирчид спортын 12 төрөлд 160 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай багийн дүнгээрээ 24 дүгээр байрт шалгарсан байна.
 
Тус наадмаас медаль хүртсэн болон шагналт байрт шалгарсан баг тамирчдад Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Анх удаагаа хөнгөн атлетикийн холын зайн гүйгчид шагналт байрт шалгарсан юм.
 
2017 онд БНХАУ-ын Тайванийн Тайпей хотноо зуны универсиад 29 дүгээр наадмыг зохион байгуулах эрхийг гардан авсан. Энэ удаагийн наадамд 137 орны 11 мянга шахам тамирчин спортын 18 төрөлд 272 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Универсиад наадмыг багийн дүнгээр зохион байгуулагч орон БНСУ-ын баг тамирчид тэргүүлжээ.
 
Манай улсын баг тамирчид 1965 оноос эхлэн дэлхийн оюутны зуны универсиад наадамд оролцжээ. Мөн 2013 онд ОХУ-ын Казаньд болсон универсиад наадмаас гурван, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медаль хүртэж дэлхийд 20 дугаар байрт орсон түүхтэй.
 
Энэ амжилт нь манай оюутан тамирчид универсиад наадмаас хамгийн дээд амжилт болсон юм. Энэ амжилтын дараа орох амжилтыг “Универсиад 2015”-д үзүүллээ. Монголын тамирчид 1977 онд Болгарын Софи хотноо болсон Универсиад наадмаас  хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилт гуравт бичигдэж байна.
 
Дэлхийн оюутны зуны “Универсиад 2015” наадамд амжилт гаргасан тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх пүрэв гарагт хүлээн авч хүндэтгэл үзүүлж шагнал гардуулна.
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг