sonin.mn

“Дипломат паспортын хэрэг”-т холбогдсон Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж шударга хүн мөн үү. Энэ асуултыг “Бүү март, мартвал сөнөнө” гэж хэлсэн нийтлэлч Баабарын үгтэй хамт өөрт нь дайя.

АН-ынхан засаглалын эрх барьсан он жилүүдийн төрийн хямрал, засаглалын хомс­д­олыг яс махандаа мэдэр­сэн. 1996-2000 оны Ард­чилсан холбоо эвсэл олонх байсан он жилүүдэд казиногийн хэрэг гэгдэх авлигатай дүйцэх хэм­жээний хэрэг босч ирсэн нь “Дипломат паспортын хэрэг”. Үүнд НАН-ын дарга Ш.Түвдэндорж манлайлан оролцож явснаа өдгөө ор тас мартсан бололтой.  Тийм л учраас түүнийг шударга нэгэн байсан гэхэд эргэлзэхэд хүрч байна.

Олон түмний дунд “Дип­ломат паспортын хэрэг” гэж нэрлэгдсэн уг хэрэгт хамгийн их нэр хол­богдсон хүн нь НАН-ын дарга, Монгол Улсад шударга ёсыг уриалаад бай­гаа Ш.Түвдэндорж.  Тэрбээр энэ хэрэгт тэргүүлэн оролцож байсан нь олон түмэнд гэмгүй шударга нэгэн мэтээр харагдах гэсэн хиймэл дүр төрхтэй нь даанч зохицомгүй санагдчихлаа.

Тэр тусмаа Батлан хамгаалахын сайдын сэнтийд заларчихаад эхнэр Баасансүрэнгээ Солонгос руу явуулах нэрийдлээр дипломат паспорт олгуулсныг өнөөдөр сонсвол хөх инээд хүрмээр асуудал л даа. Гэхдээ тухайн үед Солонгос явна гэдэг монголчуудын хувьд ёстой л бүтэшгүй зүйл мэт санагдаж байсан гэж бодохоор аргагүй л ядуу сэтгэлгээтэй төрийн сайдууд ажиллаж байж дээ хэмээн өрөвдмөөр.

Үнэхээр ч төрийн сайд хүний нэр хүндийг уландаа гишгэж, арав таван төгрөгийн төлөө шударга бус ажилласан төрийн сайдын нэр хүндийг унагасан явдалд тэрбээр манлайлан оролцож билээ. Тэрбээр ар гэрийнхэн болон танил талдаа хууль бусаар дипломат паспортыг гарган өгч, дипломат эрх эдлүүлснээ төрийн ажил хийж байна гэж ойлгоогүй л байлтай. Дээрх хэрэгт Ерөнхий сайдаасаа эхлээд яам, Тамгын газрын дарга нар, УИХ-ын гишүүд ч холбогдож, нэг хэсэгтээ л нийгмийг цочроогоод авсан.

Уг нь дипломат паспорт гаргах тухай Засгийн газрын тогтоолд  “УИХ-ын гишүүд,  яам, тусгай газрын дарга нар, ЦЕГ, УДШ-ийн гишүүд, Улсын Ерөнхий прокурор болон орлогчид нь тус тус гаргана” гэсэн заалттай байдаг. Гэтэл энэ тогтоолыг зөрчиж, Р.Амаржаргалын тэргүүлдэг Засгийн газрын гишүүд нь дураараа дургиж, дунд чөм­гөөрөө жиргэнэ гэгчээр ах дүү төрөл төрөгсдөдөө дипломат эрхийг олгож, багагүй бизнес эрхэлсэн.

Дипломат паспортыг бөөнөөр нь гаргах үед Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, тус яамны газрын дарга нь Н.Туяа нар байжээ. Ийнхүү АН-ын гадаад паспортоор хийсэн бизнес хүрээгээ тэлж,  хууль хяналтынхны хараанд өртөж эхэлсэн. Тэр үеийн ханшаар албаны паспорт 500 ам.доллар байсан юм чинь дипломат паспорт түүнээс өндөр ханштай байх нь гарцаагүй.  Түүнчлэн дип­ломат паспорт гар­гуулах үйл ажиллагааны цаана их хэмжээний авлига байсан нь хэн хүнд ойлгомжтой.

Энэ асуудлаас үүдэн  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Очиржавыг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа дуудсан боловч ирээгүй аж. Тиймээс Очиржавыг баривчлахад хүрсэн. Хачирхалтай нь “Дипломат паспорт”-ын хэрэг дээр ажлын хэсэг байгуулах, шалгах үүрэг өгсний маргааш нь ЦЕГ-ын дарга хурандаа Д.Мөрөн огцорсон. Ерөнхийдөө АН-ынхан Засгийн эрхэнд байсан үед энэ мэт увайгүй үйлдэл газар авсаар байсныг монголчууд мартаагүй.   

Өнөөдөр шударга ёсыг тогтооно гэж баруун солгойгүй өөрсдийгөө сурталчлаад, ард түмнийг мартамхай гэж өнгөцхөн бодож явахдаа ичдэггүй л юм байх даа, зарим нэгэн хүн. Үндсэндээ 1990 оноос хойш Монголын төрийн хямрал засаглалын балаг ард түмний амьдрал хэрхэн доройтож, ардчилал нэрийг хувьчилсан цөөхөн хэдхэн хүн л сонгууль бүрээр  Монголын  ард түмнээр тоглож дууслаа.

Тэд засгийн эрхэнд байхдаа банк дампууруулж, Монголын эдийн засгийг элгээр нь мөлхүүлэх ажлуудыг хийж ирлээ шүү дээ. Хүний биологийн насаар бол идэр залуухан гэж өөрсдийгөө нэрлэдэг АН-ынханд дайх ганцхан үг байна. 1990 оны хувьсгалыг эхлүүлсэн АН байснаар Монгол Улсад шударга ёс бүрэлдэн тогтож чадсангүй. Магадгүй тэр үед төрж байсан хүүхэд ухаан бодлоо цэгцэлж, сонгуулийн настайгаа золгосон учраас өөрсдийгөө цав цагаахан цаас мэтээр дөвийлгөн хүргэж байгаа нь тун эмгэнэлтэй.  Та нарыг хувьсгал хийх үед төрж байсан хүүхэд насанд хүрсэн хэдий ч өмнөх явдлыг чинь мэдэхгүй гэвэл хол зөрнө биз.

Эх сурвалж: "Өглөөний сонин"