sonin.mn
Төв Азийн бүс нутгийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөтөлбөр (KAPEK) -ийн Гаалийн хамтын ажиллагааны хорооны хурал өнөөдөр “Шангри-Ла” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.
Хуралдаан нь бүс нутгийн дамжин өнгөрөх,тээврийн коридор, бүс нутагт тээвэр зуучлагч нарт тулгамдаж буй хүндрэл, гарах арга зам төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тогтворжуулах зорилготой аж. Хурлын үеэр “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн талаар гишүүн орны төлөөлөгчид санал бодлоо солилцож, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар албан ёсны хурлын тэмдэглэл  гаргаж, бүс нутгийн удирдах ажилтны хуралдаанд танилцуулах аж.
 
Азийн Хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 1996 оноос эхлэн төв Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжиж, худалдааг өргөжүүлэх замаар ядуурлыг бууруулах зорилгоор КАРЕК хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Одоогоор энэхүү хөтөлбөрт 10 гаруй гишүүн орон багтаж, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Европын сэргэн босголт, хөгжлийн банк, Дэлхийн банк, Валютын сан, Исламын хөгжлийн банкны тусламжтай хэрэгжүүлж байна.
 
Тус хөтөлбөрийн Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрт хамрах аливаа арга хэмжээ, үйл ажиллагаатай холбоотой стратегийн түвшний шийдвэр болон үйл ажиллагааны төлөвлөлт гаргахад заавар, зөвлөмж, өгөх чиглэлээр Гаалийн Хамтын Ажиллагааны Хороо (ГХАХ) голлон ажилладаг аж.
 
Энэхүү хуралдаанд АХБ-ны  10 гишүүн орны 40 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Хуралдааны талаар Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлээс тодруулав.
 
-KAPEK-ийн гаалийн хамтын ажиллагааны хорооны хуралдааны талаар товчхон мэдээлэл өгнө үү?
 
-KAPEK-ийн хөтөлбөрт Төв Азийн бүс нутгийн 10 орон гишүүнээр элсэж орсон. Энэ удаагийн хуралдаан эдийн засгийн коридорыг хэрхэн нэмэгдүүлж, худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг хялбаршуулах, гаалийн тавьж буй шалгуурыг багасгах зорилготой.
 
Манай оронд гаалийн хэрэг зөрчлийн арга өөрчлөгдөж байна. Тухайлбал галт зэвсэг, химийн хортой бодис, мансууруулах бодис хил дамнасан байдлаар орж ирдэг болсон. Мөн техник технолгийн дэвшилтэй холбоотой цахим худалдаа ихсэж байна. Ийм нөхцөл байдалд гаалийн байгууллага зөв зүйтэй хяналт шалгалт зохион байгуулах, эрсдлийг хэрхэн тооцох талаар хэлэлцэж байгаа. Мөн бүс нутгийн гаалийн байгуулллагын чадавхийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.
 
-Энэхүү хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Монгол улсад тээврийн транзит хэлбэрийг ихээхэн ашигладаг. Төмөр замын нийт ачаа эргэлтийн 45 хувийг транзит хэлбэрээр явуулдаг. Улсын хэмжээнд өнгөрсөн жил 200 гаруй тээврийн хэрэгсэл транзит тээвэр хийсэн. Жил ирэх тусам авто тээвэр тун эрчтэй хөгжиж байна.
 
ээврийн салбарт хувийн хэвшлийг хэрхэн дэмжиж ажиллах вэ?
 
-Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх, эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Өөрөөр хэлбэл, Евроазийн хөгжлийг түргэсэх, бүс нутгийн хоорондох гадаад худалдааг өргөтгөх чиглэлд гол анхаарлаа хандуулна. Иймээс гаалийн итгэмжлэгдсэн оператор бий болгож, хувийн хэвшлийг татан оролцуулна. Өөрөөр хэлбэл татвараа төлдөг, мэдүүлгээ үнэн зөв өгдөг, олон жил хамтарч ажиллаж байгаа байгууллагыг дэмжиж ямар нэгэн саадгүйгээр гаалиар нэвтрүүлэх юм.
 
Т.Ариун
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг