sonin.mn
Төрийн байгууллагууд иргэн бүрт хүрч ажиллах, үйлчилгээний газрууд нь хэрэглэгчдийн эрх ашгийг хэлбэр төдий бус жинхэнэ утгаар нь хамгаалах зорилтыг энэ жил Шийдлийн Засгийн газар тавиад буй.
 
Нэг иргэнээсээ эхлээд гурван сая монголчууддаа хүрэх “Хэрэглэгчийн жил”-ийн хүрээнд Шадар сайдын ажлын алба, Эрүүл мэнд, спортын яам, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний зургаан агентлаг, Монголын хэ­рэг­лэгчдийн эрх ашгийг хамгаалах ний­гэмлэгүүдийн үндэсний холбоо “Нэгэн дээвэр дор” арга хэмжээг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. Хэрэглэгчийг зүгээр нэг хаанд өргөмжлөхдөө гол нь биш.  Харин тэдэнд хүрч байгаа бүх шатны үйлчилгээг чанаржуулах шаардлага тавьж ажиллахаа Шадар сайдын харьяаны зургаан агентлагийнхан энэ үеэр танилцуулсан юм.
 
Шадар сайд Ц.Оюун­баатар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ч зарим зүйлийг онцолсон. Тэрээр “Эдийн засгийн өсөлт саарч, хөрөнгө оруулалт ихээхэн хэмжээгээр буурсанаас үүдэлтэйгээр иргэд хэрэглэгчдийн худалдан  авах чадвар багасч, ажилгүйдэл, ядуурлын төвшинд нөлөөлсөн. Энэ нөхцөл байдлыг мэдэрсэн Засгийн газар ард иргэдийнхээ Эрүүл аюулгүй орчинд  амьдрах, эрсдэлгүй хэрэглээ, тайван амьдралын баталгааг хангах НҮБ-ийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан “Хэрэглэгчийн жил-2016” томоохон зорилтыг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.
 
Энэ нь  ардчилал зах зээлийн харилцаанд шилжин орсон 25 жилийн түүхэнд  оновчтой зөв шийдвэр боллоо гэж Хэрэглэгчийн асуудал хариуцсан сайдын хувьд үзэж байна. Мөн “Нэгэн дээвэр дор”  гэсэн уриан доор нэгдэн, нягт хамтран бүтээлчээр ажиллахаар манай яамд, зургаан агентлаг, төрийн бус байгууллагынхан бодол санаагаа нэгтгэж  зорилтоо тодорхойлон хэлэлцэхээр хуран цуглаад байна.
 
Бидний дэвшүүлсэн зорилт, хийж бүтээхээр зорьж тэмүүлж байгаа бүх  үйл хэрэг 2016 онд гагцхүү хэрэглэгч олон түмэн рүү, жирийн монгол хүн рүү чиглэх болно” гэв. Түүнчлэн Шадар сайд хэрэглэгчийн эрхийг хамгаалах, үйлчилгээний байгууллагаас эхлээд төрийн үйлчилгээг итгэл­тэй, ил тод, шуурхай болгох гурван шинэчлэлийг хийхээ ч дурдсан юм.
 
“Нэгэн дээвэр дор” уриан дор цугласан яам, агентлагийнхан энэ жил салбартаа ямар ажил хэрхэн амжуулахаа танилцуулав. Эрүүл мэнд, спортын яам хэрэглэгчийн төлөө, хүн амын эрүүл амьдрах тэмцэлд шийдвэрлэх үүрэгтэй оролцохоо дуулгалаа.
 
Манай иргэд бай­га­лийн болоод бусад төрлийн учирч болзошгүй гамшгаас сэргийлэх тал дээр тэр бүр хангалттай мэдлэг, туршлагатай байдаггүй. Тэгвэл энэ жил Онцгой байдлын ерөнхий газар иргэдэд гамшгаас сэргий­лэх мэдлэг олгоход түлхүү анхаарч ажиллахаар зорьж байгаа аж.
 
Тодруулбал, тус агентлаг нь гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулахыг тэргүүн зорилго болгосон байна. Энэ хүрээнд орон нутгийн иргэдэд гамшгаас сэргийлэх, хамгаа­лах иж бүрэн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Нөгөө талаар хэрэглэгчийн эрх ашгийн эн тэргүүнд явдаг эрүүл мэнд, хоол хүнсний асуудалд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ч онцгой анхаарахаа танилцуулсан.
 
Мэдээж өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болох хэрэглэгчийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад анхаарал хандуулна. Үүнээс гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газар энэ жил шилдэг хяналтын системийг бий болгохоор ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн орон сууцны цахилгаан шатны аюулгүй байдлаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хангах, эрсдэл ихтэй бүтээгдэхүүнээр тандалт судалгаа хийх зэрэг төлөвлөсөн олон ажил энэ байгууллагын өмнө хүлээж байгааг хэлсэн.
 
Энэ мэт Шадар сайдын харьяаны зургаан агентлаг болох Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар хэрэглэгч төвтэй ажиллах өөр өөрсдийн төлөвлөгөөгөө боловс­руулжээ.
 
Төлөвлөсөн ажил нь хэр үр дүнтэй байсныг бүтэн жилийн дараа хэрэглэгч бүр үнэлж, дүнгээ тавих үлдэж байна. Сайн ажиллаж чадвал гурван сая хэрэглэгчийг араасаа дагуулах бүрэн боломжтойг ч энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар онцолсон юм.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин