Хууль хүчний байгууллага улстөржилтөөс, улс төрөөс ангид хараат бус байх тухай улстөрчид наанаа ярьдаг ч цаанаа бол огт өөр бодолтойгоор өөр зүйл хийдэг гэдгийг дөрөвдүгээр сарын 11-нд болсон Х.Баттулга хийгээд "Баянгол” зочид буудал тойрсон үйл явдал харууллаа.
 
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эрхэм фракцын толгойлогч Х.Баттулга гишүүнээ өмгөөлөн "ЦЕГ-ын даргыг солихгүй бол Засгийн газрыг унагах алхам хийнэ” хэмээн мэдэгдлээ. Товчхондоо бол, түүний харьяалагддаг бүлгийн толгойлогч тойрсон асуудлыг цагдаагийнхан шалгаад байгааучраас ЦЕГ-ын даргыг солихыг эрхэм гишүүн шаардаж, тэгээд ч зогсохгүй Засаг унагана хэмээн шантааж хийж байгаа нь энэ.
 
Л.Эрдэнэчимэг "ЦЕГ-ын даргын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг ч одоо захирч чадахаа больчихлоо. Ерөнхий сайд "Би энэ асуудлыг ЦЕГ-ын даргад тавина” гэсэн боловч юу ч өөрчлөгдсөнгүй...” хэмээн мэдэгджээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн даргаа өөрчлөхгүй, бас "Женко” Х.Баттулгыг тойрсон баривчилгаа, шалгах ажиллагаа тасрахгүй байгаа учраас одоо МоАХ фракц Засгийн газраас дөрвөн сайдаа татаж, Засгийн газрыг унагана гэсэн увайгүй шантааж хийж байна.
 
 
ЦОНХ: Дарга, сайд, гишүүн гээд хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой хэрэг зарга гарах тоолонгоор цагдаа, хуулийн байгууллагыг хөл толгойгүй болгож бужигнуулдаг маш аюултай, хортой жишиг тогтох нь эцэстээ хэнд ашигтай юм бэ. Дараагийн бас нэг эрх мэдэлтний төлөө үйлчилдэг хүүхэлдэй-цагдааг л бий болгоно. Энэ нь эрх мэдэлтэнд хэрэгтэй болохоос энгийн ардад лав хэрэггүй.
 
Их тэнгэрт хуралдаад асуудлаа шийдээд эвтэй сайхан сонгуульд орохоор боллоо гээд бичээд байсан С.Одонтуяагийн, яриад байсан Д.Гарамгайбаатарын үг худлаа гэдгийг Л.Эрдэнэчимэгийн мэдэгдэл нотлоод өглөө. Л.Эрдэнэчимэг их том "гавьяа” байгуулсан хүн. Тавантолгойн гэрээг зогсоосон. Энэ гэрээ зогссон нь Тавантолгойг яаж хувааж идэх вэ гэдэг дээрээ тохиролцож чадахгүй байгаа эрх мэдэл бүхий бүлэглэлүүдийн ил далд тэмцэл өрнөж, эцэстээ төсөл нь гацаанд орчихоод байгааг ард түмэн мэднэ. Том төслөө хөдөлгөхгүй зогсоосон энэ үйлдлийг З.Энхболд гавьяа, Ц.Элбэгдорж гай гэж нэрлэж байгаа. Харин цалингаа цагтаа авч чадахгүй, өрнөөс өр, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа иргэдийн хувьд энэ хоёр дүгнэлтийн алиныг нь дэмжиж байгаа бол?
 
Дарга, сайд, гишүүн гээд хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой хэрэг зарга гарах тоолонгоор цагдаа, хуулийн байгууллагыг хөл толгойгүй болгож бужигнуулдаг маш аюултай, хортой жишиг тогтох нь эцэстээ хэнд ашигтай юм бэ. Дараагийн бас нэг эрх мэдэлтний төлөө үйлчилдэг хүүхэлдэй-цагдааг л бий болгоно. Энэ нь эрх мэдэлтэнд хэрэгтэй болохоос энгийн ардад лав хэрэггүй. Нөгөө талаасаа сайдуудаа татаж унагах гээд байгаа Засгийн газрыг АН байгуулсан гэдгийг мартаж болохгүй. АН-ын засаг сонгуулийн өмнө унаж, дараагийнхыгаа томилж чадахгүй үүрэг гүйцэтгэгчтэй сонгуульд орох нь энэ намын эрх ашиг мөн үү. Л.Эрдэнэчимэгийг Тавантолгойн гэрээг гацаасан юм, Х.Баттулгыг намынхандаа буландуулаад ядарч байгаа юм гээд сонгож болох юм.
 
Гэхдээ яаж ч ганцаараа тодорлоо ч, тоглолоо ч АН-ын гишүүн гэдэг хорин жил зүүсэн тодотгол нь нэг өдөр балраад алга болчихгүй ээ. Бас томоохон төслүүд гацсанаар улс орны эдийн засагт нүүрлээд байгаа ажилгүйдэл хямралыг яах болж байна. Хэсэг хүний эх оронч болж харагдах гэсэн ганцаарчилсан тоглолт, популист амлалтын нь золиос нь эцэстээ эгэл жирийн иргэдийн хэтэвчин дээр л очиж хүндээр тусч байгаа. Түүнээс Л.Эрдэнэчимэг гишүүн хямарлаа хямарлаа гэхэд хоногийн талхаа хувааж авч, эсвэл иргэний үнэмлэхээ дэлгүүрийн барьцаанд тавьтлаа хямрахгүй нь мэдээж. Засгаа бужигнуулж, уул уурхайн томоохон төслүүд гацаагаад байгаагийн цаана нөгөө жоомоо алах гээд байшингаа шатаахын үлгэрийг АН дөрвөн жилийн турш бодит амьдрал дээр хэрэгжүүлж, ард түмнээрээ тоглов.
 
Одоо сонгуулийн өмнө эрх мэдэл, эд баялгийн төлөөх тэмцлээ зогсоож чадахгүй дахин Засгаа бужигнуулах тухай Их Хурлын гишүүн нь ил тод мэдэгдээд сууж байна. Сонгууль гэдэг намуудад, улстөрчдөд дүн тавьдаг өдөр айсуй, эрхэм гишүүн ээ. АН-ын байшиндаа байгаа жоомыг алах гээд тал талаас нь баахан байлдсан байдалтайгаар эрх баригчид сонгууль угтаж байна. Ард түмэнд байшин шатаагчдыг баатар гэж үнэлэх үү болов уу, эсвэл ирсэн газар руу нь буцаах болов уу?
 
 
Эх сурвалж:"Улаанбаатар" сонин