sonin.mn

 

МАДРИД. /BBC/. Испанийн зүүн хойд хэсгийн нутагт норовирусээр бохирдсон савласан ус уусны улмаас 4000 гаруй хүн өвчилсөн хэмээн тус улсын Эрүүл мэндийн албанаас мэдээлжээ. 

Каталониа мужийн эрүүл мэндийн албаныхны мэдээлснээр, Барселона болон Таррагона хотод 4146 хүн цэвэр уснаас ууснаас болж гүйлгэх, бөөлжих, халуурах зэрэг шинж тэмдэгтэйгээр өвчилжээ. Тэднээс зургаан хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  

“Энэ нь савласан уснаас норовирус илэрсэн анхны тохиолдол боллоо” хэмээн Барселона хотын их сургуулийн микробиологийн профессор Альберт Бош ярьжээ.

Энэ хэрэг гарсны дараа “Eden Springs” компани 6150 ширхэг савласан усыг эргүүлэн татаж, савласан цэвэр ус худалдаалдаг 925 компанид албаныхан шалгалт хийхээр болжээ. Тус компани усаа Испани, Францын дунд орших Андорра гэх уулархаг бүс нутагт савладаг юм байна.

Норовирус нь амь насанд аюулгүй боловч ходоод гэдэсний өвчин үүсгэдэг аж. 

Уг вирус нь халдвар авсан хүн, бохирдсон хоол хүнс болон бохир гадаргуугаар дамжин халдварладаг байна.  Ихэнх хүмүүс халдвар авснаас хойш 2-3 хоногийн дотор эдгэрдэг ажээ.

Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг