sonin.mn

БЭЭЖИН. /TASS/. Хятадын нийслэлд эхэлж буй Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх Зөвлөгөөний /АХАИБЗ/ гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 5 дугаар уулзалтад оролцогсод аюулгүй байдлыг хангах, терроризмтой тэмцэх болон олон улсад  тулгамдсан бусад асуудлыг хэлэлцэнэ.

Уулзалтыг нээж, БНХАУ-ын дарга бөгөөд тус улсын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Си Зинпин үг хэлэх юм. Үүний дараа уулзалтад оролцогсод хэлэлцэх асуудалдаа орно.

Чуулга уулзалтад оролцогч орнуудын Гадаад хэргийн сайд нар олон улсын асуудлуудыг өргөн цар хүрээнд хэлэлцэх юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас өмнө нь мэдээлснээр, уулзалтад оролцогсод бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, өсөн нэмэгдэж буй олон улсын терроризмын аюул занал болон Азийн энх тайван, тогтвортой байдалд учирч буй бусад сорилт бэрхшээлийг сөрөн зогсох зэрэг тулгамдсан асуудлуудыг хөндөх юм. Үүнээс гадна тэд бүс нутгийг тогтвортой хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлэх зорилгоор оролцогч улсуудын хооронд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бий болгох арга замуудыг хэлэлцэх ажээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд хамтарсан тунхаг бичиг батална. Уулзалтыг зохион байгуулагчдын мэдээлснээр, зөвлөгөөний дараа Хятадын Гадаад хэргийн сайд Ван И тусгайлан хэвлэлийн хурал хийж, уулзалтын гол үр дүнгүүдийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

АХАИБЗ бол бүс нутгийн гол асуудлуудыг шийдэх болон түүнд оролцогч орнууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулдаг олон үндэстний чуулга уулзалт юм. Ийм зөвлөгөөн хийх, түүнийг байнгын үйл ажиллагаатай байгууллага болгох санаачилгыг Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр гаргажээ.

Дээд байгууллага нь зөвлөлдөх, ахиц дэвшлийг тоймлон дүгнэх, үйл ажиллагааны эн тэргүүний зорилтуудыг тодорхойлох зорилгоор  дөрвөн жилд нэг удаа болдог төр, засгийн тэргүүн нарын уулзалт юм. Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг мөн дөрвөн жилд нэг удаа хийж, ААХАИБЗ-ий үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцдэг.

Зөвлөгөөний бүтэц бүрэлдэхүүнд Азербайжан, Афганистан, Бангладеш, Бахрейн, Вьетнам, Египет, Энэтхэг,  Ирак, Иран, Израиль, Иордан, Казахстан, Камбож, Катар, Хятад, Киргиз, БНСУ, Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Палестин, ОХУ, Пакистан, Тажикистан, Таиланд, Турк болон Узбекистан улс багтдаг. Беларусь, Индонез, Малайз, Украин, АНУ, Филиппин, Шри-Ланк болон Япон, мөн НҮБ, Арабын улсуудын холбоо, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Турк хэлтэй орнуудын парламентын ассамблей ажиглагчийн статустайгаар Зөвлөгөөнд оролцдог байна.

Д.Жаргал

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг