sonin.mn
 
 
Монголын Цагдаагийн байгууллага түүхт 95 жилийн ойгоо угтаад ЦЕГ-аас олон төрлийн бүтээлч ажил, спортын арга хэмжээнүүд зохиосоор байна. 
 
 
Улсын баяр наадмын дараахан болох 95 жилийн ойн баяр болоход сар илүүхэн хугацаа үлдээд байгаа юм. Энэхүү ойнхоо босгон дээр төв, орон нутгийн цагдаагийн албан хаагчдын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоож, шилдэг тэргүүний албан хаагчдыг шалгаруулах "Цагдаа-95" тэмцээн өнөөдөр эхэллээ гэж ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.
 
Энэ тэмцээнд төв, орон нутгийн газар, хэлтсийн шилдэг албан хаагчид оролцож байна. Тэмцээн төрөл бүрээр гурван өдөр үргэлжилж, ирэх даваа гарагт дүнгээ гаргаж шилдгийн шилдгээ шалгаруулах юм. Өнөөдөр үдээс хойш ЦЕГ-ын Авто баазын сургалтын талбайд авто машин, ур чадварын тэмцээн болох бол маргааш  Нарстайн ам дахь хээрийн сургалтын талбай дээр "Цагдаа -95" тэмцээний буухиа уралдаан болох юм байна. 
 
Ж.Батсайхан

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг