sonin.mn
Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр /2016-05-20/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
 
 Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх, түүний оронд С. Ламбааг томилох саналыг тус тус дэмжсэн байна. Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байгаа бөгөөд томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа  илэрхийлэхдээ, нэг сарын хугацаанд юу хийх, энэ салбарын өнөөгийн байдалд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаа талаар асуухын сацуу гол нь салбарын ажлыг тогтвортой байлгах, салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд түүний дотор эхийн эндэгдлийн асуудал, улаан бурхан өвчний тархалтыг бууруулах, сэргийлэх, салбарын ажилчдын нийгмийн асуудал, удирдлага, менежментэд анхаарах зэргийг чухалчиллаа.
Өмнө нь  эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх тухайлбал, оношилгоо, эмчилгээ, эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шийдвэрлэх, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шаардлагатай журмыг боловсруулж гаргах, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах зэрэг асуудалд анхаарах талаар С.Ламбаа ярив.
Энэ салбарыг эзэнгүй орхигдуулаагүй, ажил нь зогсоогүй, томилгоотой холбоотой асуудалд хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд  Ч.Сайханбилэг цохон хэллээ.
Ийнхүү хэлэлцэж буй асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлагаа авсан тул чуулганы нэгдсэн хуралдаан  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “ Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Төслийн гол зорилго нь Монгол улсын хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, худалдаа хийх ажиллагааг хялбаршуулах цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангахад оршиж байгаа ажээ.
Төсөл нь  хилийн боомтын дэд бүтцийг сайжруулахгаалийн үйлчилгээний автоматжуулсан мэдээллийн системийг шинэчлэхЗасгийн газраас хэрэгжүүлж буй мэдээллийн технологийн төсөл,  хөтөлбөрүүд болон гадаад худалдааны цахим нэг цонхны системийн хоорондын уялдааг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг бүрэлдэхүүн хэсгээс бүрдэж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Замын-Үүд, Алтанбулаг, Бичигтийн боомтын дэд бүтэц, үйл ажиллагаа сайжирч, найдвартай, тогтвортой ажиллах орчин, боломж бүрдэх ба нөгөө талаас гадаад худалдааны цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх суурь системийг хөгжүүлж, бэлтгэл ажил хийгдсэн байхаар тооцоолжээ.
Төслийн талаар гишүүд асуулт тавихдаа, зээлийн эргэн төлөлт ямар байгаа, зээлийн ашиглалтын байдалд тооцоо байгаа эсэх, зээлийн нөхцөл  ямар байгаа зэрэг талаар тодруулж асуув.
Байнгын хорооны саналыг дэмжиж чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи буюу 75.9 хувийн саналаар “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлав.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тус төслийн хоёр дахь шат нь Даланзадгад, Сайншанд, Арвайхээр, Цэцэрлэг хотуудад бохир усны бүрэн биологи цэвэрлэгээний байгууламж барих, ариутгах татуургын шугам сүлжээ өртөгтөх, менежментийг сайжруулах зорилттой юм байна. Цаашид 8 аймгийн цэвэр байгууламжийг шинэчлэх шаардлагатай байгаа ажээ.
Гишүүд энэ төслийг анхны зорилт, зориулалтаар нь яагаад хэрэгжүүлэхгүй байгааг шүүмжилж, хэлэлцээрийн нэр нь агуулгатайгаа зөрчилдөж байгаад хууль санаачлагчийн анхаарлыг хандуулж байв.
Тус хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхи дэмжлээ.
Мөн өдөр “Ялтан шилжүүлэх тухай”  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс  8 улстай ялтан шилжүүлэх асуудлыг зохицуулсан гэрээ байгуулсан бөгөөд гадаад улсад 300-аад  монгол иргэн цагдан хоригдож, 130-аад иргэн ял эдэлж байна.
Уг хэлэлцээрээр харилцах байгууллага, ялтан шилжүүлэх нөхцөл, шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг, ялтны зөвшөөрөл, ялтныг шилжүүлэх болон шийтгэх тогтоолыг гүйцэтгэх, ялтанд уучлал, өршөөл үзүүлэх зэрэг асуудлыг зохицуулжээ.
Гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдээ шилжүүлэн авах, тэдний эрхийг нь хамгаалахад анхаарахын сацуу монгол иргэдээ гэмт хэргээс ялангуяа хар тамхины хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх, сэрэмжлүүлэхэд анхаарах талаар гишүүд саналаа илэрхийллээ.
Түүний дараа  гишүүд  “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг  баталлаа.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын гишүүн Л.Болд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулахдаа, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийх үеэр гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан тухай дурьдлаа.
Дараа нь гишүүд төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёллоор санал хураалаа. Тухайлбал, “Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусахад хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол ахлах шийдвэр гүйцэтгэгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулна” гэж өөрчлөн найруулах, “Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчид төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулал олгоно” гэсэн зүйлийг нэмэх зэрэг саналын томьёлол гишүүдийн олонхийн дэмжлэг авав.
Гишүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.
 Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад,тухайлбал, Улсын ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд ямар байдлаар хяналт тавих, Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна ямар бүрэн эрхтэй байх зэрэг асуудлыг зохицуулсан “Эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын бүрэн эрх” гэсэн зүйлийг, мөн хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох зэрэг саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авав.
Түүнчлэн “Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн төслийг хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ”Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Улсын ерөнхий прокурор /М.Энх-Амгалан/-т даалгах” гэсэн саналын томьёолол  дэмжигдлээ.
 Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Дээрх хуулийн төслүүд батлагдсанаар 4 жилийн өмнө эхэлсэн хуулийн системийн өөрчлөлт шинэчлэл үндсэндээ дуусаж байгааг Улсын Их Хурлын дарга З.Энхболд онцлон тэмдэглэв  гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.