sonin.mn
УИХ-ын ээлжит Сонгууль хаалга тогшиж улстөрийн нам, эвслүүд хэн гэгч шилдгээ хаана сойх билээ хэмээн бу­жигнаж эхэлжээ. Сонгуулийн тойргийн зохион байгуулалтыг хэрхэн хийсэн тухай бичлэг мэдээллийн хэрэгслээр цацаг­дан, хэн юу хэлсэн нь ил боллоо.
 
Эрээ цээр, ичих юм гэж ч алга. Төрийн сүлдэндээ бүхнээ даатган залбирдаг эцэг өвгөдийн маань уламжлал ул боллоо гэж үү? УИХ, Ерөн­хийлөгчийн зүгээс хүч түрэн шийдсэн Монгол Улс гадаад харилцаандаа байнга төвийг сахих төрийн бодлогын талаар тэрслүү зарим санааг гаргахаар шийдэв.
 
Их ойлгомжтой зүй­лийг ойлгомжгүй байдлаар би­чихийг ШУ гэдэг юм гэж нам дамжин эрдэмтэн болсон зарим нэгнийг шоолдог байсан санаанд буув. Олон улсын харилцаа улс төр, эдийн засаг, цэрэг дайны гэсэн хүрээгээр тодорхойлогддог гэд­гийг хэн хүнгүй мэднэ. Ёстой л залуусын хэлэх дуртай  “мэдээж” зүйл. Улс төр гэхээр улс орны нөлөөллийн цар хэмжээ, эрх мэдэл, эдийн засаг гэхээр шинэ тоног төхөөрөмж, түүхий эд, зах зээлийн тө­лөөх өрсөлдөөн, цэрэг дайн гэхээр өөрийн эрх ашгийг бусдад тулган хүлээлгэх зэр зэвсэг, хүн хүч, хүчтэй нь зөвийг нотлохын төлөөх хичээл зүтгэл гэж хамгийн амарханаар тодорхойлж болох байх.
 
Чухам эндээс л байнга төвийг сахих төрийн гадаад бодлого гэдэг зүйл манайх шиг жижиг буурай орны хувьд ямар байна гэсэн үг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Манайд гадаад ертөнцөд тог­тоосон нөлөөллийн хүрээ, эрх мэдэл бий билүү? Дэлхийн зах зээл дээр өрсөлдөх хэм­жээ­ний тоног төхөөрөмж үйлд­вэрлэж байгаа билүү? Их л сайндаа түүхий эд нийлүүлэгч орон.
 
Энэ бүхэн бол сул доройгоо хүлээн зөвшөөрч гар, хөлөө өргөхөөс өөр аргагүй байдалд орж гэсэн үг үү? Цэрэг, дайны хувьд байнга төвийг сахина гэж тэгвэл юуг хэлэх вэ? Зодолдож байгаа талуудын алинд ч орохгүй, үг хэлэхгүй, үйл хөдлөл хийхгүй хажуунаас нь хараад зогсоно гэсэн үг үү? Хүнээр бол баахан жудаггүй явдал л юм. НҮБ-ын энхийг сахиулах үйлсэд монголын цэрэг, дайчид цэнхэр дуулга өмсөн оролцох болоод хэдэн жил болж байгаа. Үүнийгээ болино гэсэн үг үү? За яахав болдог юм гэж бодъё.  
 
Сүүлийн хориод жилд олон туйлт дэг журам олон улсын хэмжээнд тогтож байгаа. Энэ үзэл санааг санаачлан хүч хавсран зүтгэж байгаа хоёр орон бол манай хоёр хөрш.Энэ шинэ бодлогын үзэл санаа “Олон туйлт ертөнц-олон улсын шинэ дэг журам цогцлоон байгуулах тухай” ОХУ, БНХАУ хамтарсан Тунхаглал (1997.4.23) хийснээр Олон улсын харилцааны нэг тулгуур ухагдахуун болон гарч ирсэн.
 
Өнгөрсөн хугацаанд хоёр их гүрэн дээрх санаагаа лавшруулан үзэл бодол нэгтэй олон улс оронтой хамтран Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ),Евро Азийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ),БРИКС буюу Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ зэрэг санаачлан байгуулсан 5 орны англи нэрийн эхний үсгийн нийлбэр-олон тоосго гэсэн үгээр нэрлэгддэг байгууллагуудын дүрэм журам, үйл ажиллагаагаар дамжин тууштай хэрэгжиж байна.
 
Өөрөөр хэлбэл дэлхийн тавцан дээр гол санаачлан тоглогчдын хамтын хичээл зүтгэлд суурилсан, үндэсний эрх ашиг хийгээд дипломат үйл ажиллагааны ухаалаг тэнцвэрийг олох шаардлага ч, үүнийг ухаарсан улс орнуудын ухаарал сэхээрэл ч хэдийнэ бий болжээ. Монгол Улс ч олон улсын харилцааны шинэ нөхцөл байдалд дасан зохицож, байр сууриа эрэх хэрэгтэй болоод байгаа нь дамжиггүй. Харин ямар байдлаар байр сууриа эрж хайх вэ? Төвийг сахих нэрийн дор бүхнээс зугтан нуугдах боломж бий юу? Манайх шиг орны хувьд гадаад бодлогоо хуулиар зохицуулах боломж бий юу? Олон улсын харилцааны нөхцөл байдал, их гүрнүүдийн байр суурь, геополитикийн өөрчлөлт гээд ёстой л өнөө байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг шиг зүйл олон бий. Илүү тодорхой болгохын тулд баримт хэлье.
 
БРИКС
 
Ази, Африк, Америк, Европ тивийн орнуудыг нэгтгэсэн энэ байгууллага анх 2008 оны зургадугаар сард Бразил,ОХУ, Энэтхэг, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзан тохирч, улмаар 2011 онд ӨАБНУ нэгдсэнээр BRICS буюу олон тоосго хэмээх давхар, давхар санаа төрөн гарсан. Үүнээс хойш гишүүн орнуудад ээлжлэн хуралдаж, 2010-2012 онд эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааны талаар голлон хэлэлцэж Банк хоорондын хамтын ажиллагааны талаар гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан.
 
Энэ хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан зээл олгох (2012),“Ногоон эдийн засаг”, Африкийн дэд бүтцийг сайжруулах төсөл хамтран (2013) хэрэгжүүлэхээр тогтсон. Мөн түүнчлэн Москва, Бразил, Хонконгийн бирж,клирингийн байгууллага, Йоханнесбургийн нөөцийн бирж, Энэтхэгийн үндэсний болон Бомбейн нөөцийн биржийг нэгтгэсэн Алъянс бирж (2011) зохион байгуулсан байдаг. БРИКС-ийн гишүүн орнууд дэлхийн болон бүс нутгийн эдийн засагт олон талаар нөлөөтэй улс болох нь тодорхой. БНХАУ, Энэтхэг хоёр тус бүрдээ нэг тэрбум илүү хүн амтай, сүүлийн үед эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлж байгаа. Хятадын тухай жич өгүүлэх учраас Энэтхэгийн талаар зарим тодруулга хийе.
 
Энэтхэг бол цайны үйлдвэрлэлээр жилд 470 сая тн, хоолны амтлагч үйлдвэрлэлээрээ дэлхийн 30 орчим хувийгүйлдвэрлэдэг.Мөн компьютер, программ хангамжийн талаар дэлхийд толгой цохидог орны нэг. ӨАБНУ дэлхийн марганцийн 91 хувь,  хромын 58, алтны 53, очир алмаазны 20 хувь гээд ашигт малтмалын баялаг их нөөцтэй орон.Эдгээр орны ДНБ 2013 онд 16,039 трлн.ам дол буюу дэлхийн нийт ДНБ-ий 21,5 хувийг гаргасан. Түүнчлэн эдгээр орнуудын дэлхийн газар нутгийн 26 хувь,хүн ам нь дэлхийн хүн амын 42 хувь гээд тоочоод байвал олныг хэлж болно. Энэ байгууллагад элсэх хүсэлтээ Аргентин, Иран, Казахстан, Индонези, Мексик зэрэг орон 2013 онд гаргасан байдаг.
 
Улмаар 2014 онд гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн Бразилд болсон уулзалтаар БРИКС-ийн Хөгжлийн банк, хамтарсан санхүү үйл ажиллагааны явцад гарч болох эрсдэлийг даатгах даатгалын сан байгуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн энэ үедээ ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин “Нийт дүнгээрээ 200 тэрбум ам.долларын нөөцтэй банк болон сан нь эдийн засгийн бодлогыг зохицуулах боломж олгох төдийгүй гишүүн орнуудыг их гүрнүүдийн эдийн засаг санхүүгийн бага хамааралтай болгох бололцоог бүрдүүлнэ” гэж мэдэгдэж байсан. Шуудхэлэхэд ОУВС, Дэлхийн банк хоёртой өрсөлдөх хэмжээний байгууллага буй болсон гэсэн үг. Энэ хоёр байгууллага өнгөрсөн онд Шанхайд төвлөрөх болж, банкны гүйцэтгэх захирлаар Энэтхэг хүн ажиллах болсон тухай мэдээлж байлаа. Хуримтлах хөрөнгийг гишүүн орнууд тусгай хуваарийн дагуубанк хийгээд санд төвлөрүүлэх бөгөөд 2016 оноос зээл олгож эхлэхээр мэдэгдэж байсан.
 
 
ШХАБ
 
Шанхайн хамтын ажиллагааны бүс нутгийн гэх тодотголтой энэ байгууллагыг анх БНХАУ, ОХУ, Казахстан, Тажик, Киргиз, Узбек зэрэг орон хамтран ханыг нь дугуйлж, өрхийг нь татсан. Түүнчлэн энэ байгууллагын ажиглагч гишүүн орноор Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан, яриа хэлэлцээрт оролцогч орноор Шри-Ланка, Беларус, Турк зэрэг орон ажилдаг. Манай улс 2004 оноос ажиглагч гишүүн орон болсон. Энэ тухай саяхан УИХ дээр нэгэн гишүүн хэлж байгаа харагдана билээ.
 
Судлаачид энэ байгууллагын талаар янз бүрийн байр суурь илэрхийлдэг хэдий ч цэрэг-дайны атгаг сонирхол багатай, хамгийн гол нь АНУ-ын зүгээс дэлхийн бүс нутаг, улс оронд тулган хүлээлгэхийг оролдож байгаа эдийн засаг, улс төрийн бодлогыг дор дорын эрх ашгийн үүднээс сөрөн зогсох хүсэл сонирхлоор эвлэлдэн нэгдсэн байгууллага гэж үнэлдэг. Чухам энэ ч үүднээс олон оронд байгаа АНУ-ын цэргийн хүчийг эсэргүүцэх, газар нутгаасаа гаргах үйл ажиллагаа 2005 оноос идэвхжсэн байдаг.
 
Харин АНУ-ын эрх баригчид энэ үйл явдалд БНХАУ, ОХУ-ын эрх баригчдыг буруутгах болсноор энэ хоёр орон урд байгаагүй хэмжээнд ойртон нягтарлаа гэж судлаачид үнэлж байгаа. Түүнээс гадна энэ байгууллагын гишүүн орнуудын газар нутгийн хэмжээ Европ хийгээд Ази тивийн 60 хувь, дэлхийн хүн амын 30гаруй хувийг (2007) эзлэдэг ажээ. ШХАБ-ын гишүүн орнуудын ажиллагаа эрчим хүч, тээвэр, ХАА, телевиз-холбоо болон эдийн засгийн олон хүрээг хамран тэлэх болжээ. Түүнээс гадна Бээжинд байрладаг нарийн бичгийн дарга нарын газартай, жил бүр гишүүн орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалт хийдэг тогтмол ажиллагаатай байгууллага.
 
ЕАЭЗНБ
 
Евро-Азийн эдийн зас­гийн хамтын нөхөрлөлийн байгууллага Армени, Беларус, Казах, Киргиз, ОХУ зэрэг орон нэгдсэн олон улсын байгууллага.  Анх 2014 оны тавдугаар сарын 29-нд тө­рийн тэргүүнүүд хамтын гэрээнд гарын үсэг зурж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон. Шинээр Вьетнам, Египет, Сири зэрэгорон гишүүнээр элсэх тухай өргөдөл өгөөд байгаа гэж мэдээлж байна.
 
Гишүүн орнуудын хүн ам 182,8 сая,  газар нутгийн хэмжээ 20,23 км2, ДНБ-ний хэмжээ нь ОУВС-ийн тооцсон 2015 оны дүнгээр 4360,4 тэрбум ам.доллар. Эдгээр байгууллагын талаар янз бүрийн мэдээлэл ухаад хэлээд байж болно. Бас АНУ улс тэргүүтэй өрнөдийн орнуудын эсрэг байр суурь илэрхийлж байгаа нь тодорхой байна. Ийм нөхцөлд дээрх гурван байгууллага гишүүн орнуудын нягт хүрээлэлд орших Монгол Улс гадаад харилцаандаа байнга төвийг сахих бодлого баримтлах боломж бий юу?
 
Байдаг юм гэхэд тийм боломж бидэнд манай ойрын хүрээлэл маань өгөх үү гэсэн асуулт гарч ирж байгаа биз? Түмний дундаас шалгарч, төрийн бодлого боловсруулж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүдийн мэлмийд хэрхэн буусныг таашгүй... Дор бүрдээ, дотор сэтгэлдээ ямар шатар нүүснийг бурхан биш юм гэхэд буг чөтгөр нь гаргаад ирэх байх. Нуусныг илчилж, илийг далдалдаг цаг хугацаа хэмээх шидтэний хийж чаддаг ажил тэр.
 
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Улаан­баатарт ёстой л бууж мор­доод явсан. Манайд ирэ­хээсээ өмнө тэрээр хэвлэл мэдээллийнхний асуултад ха­риулахдаа “...аливаа улс орны тогтвортой хөгжлийг хангахад дотоод асуудлаа зөвхөн өөрийн дүрэм, журам, үндсэн хуулийн хүрээнд, улс төрийн бүх талын орол­цоотой шийдвэрлэдэг байх, хэн ч гаднаас дотоод хэрэгт нь оролцдоггүй байх ёстой. Харамсалтай нь олон улсын практикт бусдын дотоод хэ­рэгт нөлөөлөх гэсэн оролд­лого арилахгүй байна.
 
Найр­саг харилцаатай Монгол Ул­сын дотоод хэрэгт гадны сөрөг нөлөө тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ (Хятад нөхдийн өмнөөс хэлэхэд болох байх)бүгдийг хийх болно” гэж хариулсныг хүмүүс мартаагүй байх. Энэ нээрээ юу гэсэн үг вэ? Хэнд зориулж хэлэв? Тогтон анхаарч, тойруулан бо­дох нь Монгол Улсын, монгол үндэстний язгуур эрх яав ч мөн.
 
С.В.Лавров айлчлалын­хаа үеэр манай улсын ГХЯ-нд “Зүүн хойд Ази дахь ОХУ-ын гадаад бодлого” сэдвээр уншсан лекцэндээ: “...ОХУ бол Ази-номхон далайн бүс нутгийн салшгүй хэсэг байсан, байсаар ч байгаа, хойшид ч байх болно...” хэмээн хэлсэн. “...Дэлхий дахины хийгээд бүс нутгийн байдал ороо бусгаа байгаа нөхцөлд НҮБ-ын гол үүрэг, олон улсын эрх зүйд тулгуурлан нэгтгэх зорилгыг хэрэгжүүлэхэд тус дэм болох, олон улсын харилцаанд тогт­воржуулагч нөлөө үзүүлж ча­дахуйц механизм чухал шаардлагатай болжээ.
 
Ийм үүр­гийг ШХАБ гүйцэтгэж бай­на. Дэлхийн янз бүрийн бүс нутгийн улс орнууд ШХАБ-тай холбоо тогтоох, гишүүн болох, ажиглагч бо­лон яриа хэлэлцээний түн­шийн статустай нэгдэх санал хүслээ илэрхийлэх болсон нь үүний нотолгоо. ...(2015онд) ... Пакистан улсыг гишүүнээр элсүүлсэн. Одоо Ираны хүсэл­тийг хэлэлцэх гэж байна. ...Цаашид хамтран хийх ажлын талаар судалгаа хийж байна. Тухайлбал, ЕАЭЗХ-ны бүтээн байгуулалт ба Хятадын торгоны замын эдийн засгийн бүс төслийг уял­дуулах замаар дэд бүтцээ хөгжүүлэх зорилт тавьж байна.
 
Өнгөрсөн оны зургадугаар сард гарын үсэг зурсан санамж бичигт үндэслэн ЕАЭЗХ-Монгол гэсэн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэхийг чухал ач холбогдолтой гэж үздэг” хэмээн онцолсныг эрэгцүүлээд нэг үзээрэй. Надад л лав хамгийн түрүүнд ШХАБ, ОХУ хоёр нэг юмны хоёр тал гэсэн сэтгэгдэл төрж байна... Тэрээр цааш нь  “...ОХУ болон БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн ха­рилцаа дэлхий дахин болон бүс нутагт өрнөж байгаа үйл хэрэгт тогтворжуулагч үүрэг гүйцэтгэдэг. Орос-Хятадын ха­рил­цаа түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрч хөгжиж... байна. ...Хятадын талтай үр дүнтэй, маш нягт хамтран ажилладаг” гэж итгэл төгс мэ­дэгдсэн.
 
Монголчууд бид бас бодох л учиртай. Тэр тусмаа төрийн хар хүн бол нэг байтугай нэг хэсгийг бодох сэжүүр энд байна С.В.Лавров,  “...Орос, Мон­гол, БНХАУ хоорондын хамтын ажиллагаанд шинэ үе шат болох “Замын зураглал” төлөвлөгөө хэрэгжүүлэх, Орос, Монгол, Хятадын хооронд “эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг ойрын үед боловсруулж дуусгах, ирэх зургадугаар сард Ташкентад болох ШХАБ-ын Дээд хэм­жээний уулзалтын үеэр бат­луулахаар танилцуулах бо­­­­ломж бий...” гэж цохон тэм­­дэг­лэ­сэн. Мөн тэрээр хэл­сэн үг, зарим уулзалт дээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлага” гэж хэдэнтээ тодотгож харагд­сан.
 
Лав тохиолдол биш байх. “Эдийн засгийн коридор” гэд­гийг түүний үгнээс харж байхад зүгээр нэг төмөр эсвэл авто зам төдий зүйл биш гэж ойлгогдохоор байна. Юутай ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын газар нутаг дээгүүр дамжин өнгөрүүлэх хийн хоо­лойн тухай дуугараад авсан байна билээ. Их гүрний эр­хэм түшмэлийн жишгээр тэр талаар ярих асуудал нээлт­тэй шүү дээ гэсэн шүү маягаар хариулсан бололтой.  Хамгийн сүүлд гэхэд их нөөцтэй хийн уурхай Эрхүү-Байгал нуур хоёрын дундаас олсон. Олборлож эхэллээ. Эндээс Монголын нутгаар дамжуулан Хятад руу хоолой татвал хамгийн дөт, хамгийн хямд байх тухай мэдээллийн хэрэгслээр хэсэг шуугиад өн­гөрсөн.
 
Босч, суухын зуур тооцдог ашгийг үүргийн наймаа гэдэг бололтой. Боссон ч, суусан ч тогтмол байх ашгийг улс төр гэх үү. Тийм учраас гэрээ хэлэлцээр, олон улсын харилцаа хэмээх хүчин зүйл гарч ирдэг. Ганцхан ашиг хараад зүтгэж болдоггүй бизнес бол байгалийн хий, хий дамжуулах хоолой байж таарлаа. Ийн хөөж бодох аваас манай төр засгаас барьж байгаа гадаад бодлоготой хол­боотой биш байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд эргэлдэж байгаа биз? Эрхэм сайдын “...Монгол Улсын до­тоод хэрэгт гадны сөрөг нөлөө тусгахгүйн тулд ... бүгдийг хийх болно...” гэсэн үгийн учрыг тайлж болмоор санагдана...
 
Олон улсын талбарт их гүрний байр сууринд нэг нь чимээтэй, нөгөө нь зугуухан төрөн гарч ирж байгаа БНХАУ, ОХУ хоёрын талаар зарим баримт өгүүлье. Үүнийг хараад “мэдээж” гэж бүү гэдийгээрэй. Бас ч гэж тэр бүр элбэг ха­рагддаггүй баримт цуглуулах гэж хичээснээ учирлая.
 
БНХАУ
 
БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, 2003 оноос сансар судлалын гурав дахь орон болсон. Атом, цөмийн бүх төрлийн зэвсэгтэй, хамгийн олон хүн бүхий армитай улс. 9.6 сая км2 орчим газар нутагтай, 2013 оны байдлаар 1.4 тэрбум орчим хүн амтай.
Банкинд буй алтны нөө­цөөрөө дэлхийд нэгдүгээрт ордог. Дэлхийн валютийн нөө­цийн талаас илүүг дангаа­раа эзэмшдэг орон.
 
БНХАУ-ын эдийн засаг 1980-аад оноос эрчимтэй хөгжих болж жилд дунджаар 15 хувийн өсөлттэй байснаа 2003 оноос бууран 10 хувь улмаар 7.5 хувь, 2016 онд ОУВС-аас гаргасан тооцоогоор 6.5 хувийн өсөлттэй байх тооцоо гаргасан байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувь гэсэнтэй харьцуулахад энэ бол бага өсөлт биш.
 
БНХАУ-ын эдийн засгийн цар хүрээг тодорхойлсон бас нэг баримт хэлье. ОУВС-аас гаргасан тооцоогоор дэл­хийн эдийн засаг 78 их наяд ам.долларт эргэлддэг ажээ. Үүнээс АНУ 22 хувь, Европын холбооны улс20 хувийг эзлэдэг байхад БНХАУ 13 хувийг эзлэх аж. Эндээс шууд харагдаж байгаа үр дүн бол БНХАУ дэлхийд хоёрдугаарт тооцогдох эдийн засагтай болжээ. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар АНУ-ыг 2021 он гэхэд гүйцэж түрүүлнэ, 2040 он гэхэд гурав дахин их хүчин чадалтай улс болно гэж дүгнэдэг. Түүнээс гадна эдийн засгийн олон үзүүлэлтээр АНУ-ын өмнө гишгэсэн тухай ч мэдээлэх болжээ. Тухайлбал, ОУВС-аас 2014 оны эхний хагасын байдлаар гаргасан дүгнэлтээр БНХАУ ДНБ-ийг худалдан авах чадварт буулгасан үзүү­лэлтээр АНУ-ын өмнө буюу дэлхийд тэргүүлэх болжээ.
 
БНХАУ-ын эдийн засгийн үзүүлэлтийн нэг гол хэмжүүр бол яах аргагүй эрчим хүчний хэрэглээ. Түүний дотор нефть, нүүрс, шатдаг хий. Нефтийн хэрэглээ нь 1960 оноос хойших 40 жилд 25 дахин өсөж 2005 онд 300 сая тоннд хүрсэн байдаг.
 
Олон улсын мэргэшсэн байгууллага-ОПЕК-аас гаргаж байгаа мэдээллээр БНХАУ 2005 онд 6.5 сая баррель (торх) нефть хоногт хэрэглэдэг. Дотооддоо олборлодог неф­тийн хэмжээ нь 170 сая тонн. Гэсэн ч гаднаас авах хэ­рэгцээ нь 2008-2012 онд 180.4-273.8 сая тонн,чулуун нүүрс нь 41.0-289 сая тонн,  байгалийн шатдаг хий 3.3-30.3 сая тонн 2020 онд 450 сая тонн, төмрийн хүдэр 444-720 сая тонн хүрчээ. Нефтийн хэрэглээ нь 2025 онд 710 сая тонн болно гэсэн тооцоог эдийн засагчид хийдэг.  
 
БНХАУ XXI зуунд дэл­хийн гол үйлдвэрлэгч орон болж хувирсан. АҮ-ийн 100 гаруй бүтээгдэхүүний үйлд­вэр­лэлээр дэлхийд тэр­гүү­лэх болжээ. Тухайлбал, үйлд­вэрлэж байгаа нийт зур­гийн аппаратын 50 хувь, агаар­жуулагчийн 30, угаалгын ма­шины 25, хөргөгчийн 20, оё­мол, нэхмэл бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, цаг, унадаг дугуй, оёдлын машины 80 шахам хувийг үйлдвэрлэдэг орон.
 
АНУ-ын зах зээлд 2012 онд БНХАУ-ын нийлүүлсэн бүтээгдэхүүн гэхэд л:
-иргэний тээврийн онгоц, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл-8,4 млрд ам.дол;
-суудлын авто машин-5,7 млрд.ам дол;
-хагас дамжуулагч-3,9 млрд.ам.доллараар хэмжигддэг ажээ.
 
Сонирхолтой гэмээр нэг зүйл бол 2012 онд АНУ-ын зах зээлд нийлүүлэгдсэн ком­пьютер хийгээд туслах тө­хөөрөмжийн 62.2 хувь БНХАУ-аас импортлогдсон байна. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байна, ийм тийм шалтгаантай гэж хэвлэлээр бичих болж. Миний санахад хятад орон үйлдвэрлэлээ гадаад зах зээл рүү голлон чиглүүлж байсан бол сүүлийн үед хүн ардынхаа дотоод хэрэглээнд өсөлтийг чухалчилж байгаатай холбон авч үзэх нь зөв байх. Энэ бол бас нөгөө талаас хятадын хүн амын худалдан авах чадвар, амьжиргааны түвшний өсөлттэй холбоотой байж таарна. Энэчлэн баримт тоочоод байвал олон юм байна. Манай улстай холбоотой, хэвлэл мэдээлэлд тэр бүр гараад байдаггүй нэг зүйл бол манай төмрийн хүдрийн экспорт. Миний олж үзсэнээр АНУ, Япон хоёр нийлээд хийдэг байснаас олон машин үйлдвэрлэх түүхий эдийн хамжаа дэмжээ болох түүхий эд-төмрийн хүдрийн БНХАУ-ын зах зээлд гаргаж байгаа, экспорттой холбоотой баримт хэлье. Манай улсаас энэ оны эхний хоёрдугаар сарын 15-ны байдлаар 526.8 мян.тонн төмрийн хүдэр гар­гасан мэдээ байна. Мөн тэрч­­лэн манай улсаас 2010 онд 2.66 сая тн, 2011 онд 5.5 сая тн, 2012 онд 6.33 сая тн, 2013онд 7,39 сая тн, 2014 онд 6.911 сая тн төмрийн хүдэр гаргасан мэдээ ч байдаг. Ца­хилгаан эрчим хүчний хэ­рэглээ нь европ тивийн улс орнуудад сүүлийн 30 жилд нэг хэмжээнд байгаа гэж мэдээлэх болоод удаж байна. Энэ бүх­нийг тоочоод байгаагийн цаад учир ойрын үед хөгжлийн хурдаар саарахгүй гэж эдийн засагчдын үнэлээд байгаа орон бол манай урд хөрш.
 
ОХУ
 
Бид хойд их хөршийнхөө тухай мэднэ гэж боддог улс. ОХУ Ерөнхийлөгч-пар­ламентийн засаглалтай, хол­боо­ны зохион байгуулалт­тай БНУ. ДНБ нь 2014 онд 3,746 тэрбум ам.доллар буюу энэ үзүүлэлтээр дэлхийд V байранд орсон. Ер нь ДНБ-ий 40 хувь нь экспортоос бүрддэг, төлбөрийнхөө  90 хувийг га­даад мөнгөн тэмдэгтээр авдаг учраас ханшны хэлбэлзлийн эрсдэл ихтэй орон гэж олон улсын эдийн засагч,эрдэмтэн судлаачид дүгнэдэг.
 
НҮБ-ын Аюулгүйн зөвлө­лийн байнгын гишүүнээс эх­лээд тоочоод байвал нэртэй хүндтэй олон байгууллагад голлох байр суурь эзлэдэг орон. Гэсэн ч сүүлийн үед олон улсын статустай олон шинэ шинэ байгууллага са­наач­лан байгуулах замаар тодорхой бүлэглэл буй бол­гон олон улсын байр суу­риа бэхжүүлэхэд их анхаарах бо­лоод байна. Заримаас нь дээр дурдсан. Өөрөөр хэлбэл Дэлхийн улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогыг бид то­дорхойлно хэмээн хэдэн орон зарлан тунхаглаад, тус­гаарлан хуралддаг болсоныг сөрөн зогсох гэсэн оролдлого шиг харагддаг. G7, G8, G20-ийн гишүүн орнууд гэгддэг болсон.
 
АНУ тэргүүтэй орнуудын төсөөлж байснаас хөгжил дэв­шил өөрөөр явж энэ орнуудын тоонд богино хугацаанд ийм өөрчлөлт орох шиг болсон. Дээр нь огт хүсээгүй ОХУ, БНХАУ хоёр түрэн орж ирэхээр шахан зайлуулах сонирхол тэр дороо л төрөн гарах нь мэдээж. Лидер нь лидерээрээ, лойдор нь лойдороороо байя гэсэн үг юм уу даа. Эдийн засгийн элдэв хориг сааддаа тулж, ЕХ-ны орнууд хөлдөхгүй яаж өвөлжих билээ гэж сандрахдаа хүрч байсныг бид мэднэ.
 
ОХУ-ыг тойрсон эдийн засгийн элдэв толхилцоонтой холбоотойгоор шинэ сэргэг тоо баримт хэлэхэд хэцүү болоод байна. Тийм болохоор би 2012, 2013 оны зарим нэг албан ёсны баримт дурдъя. Олборлож буй газрын тосныхоо 67.5 хувь,байгалийн хийн 64.7 хувийг европ руу, газрын тосны 16.8 хувийг БНХАУ руу гаргадаг байсан бол сүүлийн үед энэ байдалд ихээхэн өөрчлөлт орж Ази тивийн улс орнууд руу гол урсгал чиглэх төлөвтэй бо­лоод байна.
 
Үүнтэй ч хол­боотойгоор манай орны ба­руун хийгээд зүүн хойгуур хий дамжуулах хоолой барьж байгаа тухай яриа гараад хэдэн жил болж байгааг бид мэднэ. Эндээс л чухам манай нутаг дээгүүр “эдийн засгийн коридор байгуулах” санаа хоёр их хөршид маань таатай санагдаж байгаа байх.  
 
ОХУ-ын төв банкинд хад­галагдаж байгаа алтны нөөц 2011 оны сүүлийн байдлаар 499 тэрбум ам.доллар буюу энэ үзүүлэлтээр дэлхийн IV байранд жагсдаг орон. Түүнээс гадна тухайн орны гадаад өр 2015 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 54 тэрбум ам.доллар байгаа нь ДНБ-ий 3 хувьтай тэнцдэг нь дэлхийн хамгийн бага үзүүлэлтийн нэг.
 
ОХУ одоогоор сансрын хө­лөг тогтмол хөөргөж байгаа ганц орон. Цөмийн зэвсгийн хэмжээгээр дэлхийд II ордог орон. Ер нь цэрэг армийн хүч, шинэ үеийн зэвсэг техни­кээр армиа хангах талаар бусдаас ялгарч байгаа орон. Өөрөөр хэлбэл, зэр зэвсгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэр­гүүлэгч орны нэг. Дэлхийд 2012 онд хийсэн зэвсгийн наймааны 30 хувь нь АНУ, 26 хувь нь ОХУ, 7 хувь нь ХБНГУ, 6 хувь нь Франц, 5 хувьнь БНХАУ хийсэн гэж “Economist” сэтгүүлд мэдээлж байсан.
 
Ер нь ОХУ-ын олон улсын нэр хүнд, цэрэг зэвсэгийн боломжийн талаарх төсөөлөл их өсөж байгааг ялангуяа Сирид болсон хэрэг явдал тодорхой харууллаа.ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин 2016 оны тавдугаар14-нд телевизээр өгсөн нэгэн ярилцлагадаа “...зэвсгийн най­маанаас 50 тэрбум ам.доллар олсон...” гэж мэдэгдэж байс­наас үзэхэд их ашигтай ч бизнес бололтой. БНХАУ ОХУ-аас сүүлийн үеийн цэр­гийн техник хэрэгсэл, ато­мын шумбагч онгоц, нисэх онгоц худалдан авч байгаа. Юутай ч ОХУ, БНХАУ хоёр улс үндэстний хувьд сэргэн мандаж, дэлхийн улс орнуу­дын дунд илүү нөлөөтэй болох үе шатанд гарчээ. Хэл үгээ олж, хэтийн бодлогоо харилцан ашигтай зохицуулж, даган мөрдөж чадвал хоёр талд бүр ч ашигтай болно.
 
Харин дэлхийн олон ул­сын хэмжээнд тэртэй тэргүй байдаг их зөрчил, хоёр хөрш их гүрнийхээ ашиг сонирхлыг бид, Монгол Улс хэрхэн хангаж урагшилж хөгжих билээ гэдэг асуулт л хоцорч байна. Эцэст нь санаа авах нэг жишээ дурдъя.
 
Сингапурын эцэг гэгддэг Ли Гуан Яао-гийн “Буурай орноос бусдын манлайд хүр­сэн замнал номонд “...ЗХУ-ын ерөнхий сайд Н.Рыжков 1990 оны 2 сард ... ирж байсан. ...Өр­гөн хэрэглээний бараа Сингапураас худалдан авахад зориулан 50 сая ам.долларын зээл олгох хүсэлт тавьсан. ... ЗХУ-ын ерөнхий сайд өчүүхэн жижиг Сингапураас 50 сая ам.долларын зээл хүснэ гэдэг бусад их орнуудад нэр нүү­рээ бүрэн барсан гэсэн үг...” гэж бичсэн байдаг.
 
Тийм ч байж магад. Харин надад бол ухаангүй бодлого барин, улсаа хөгжүүлнэ гэж зүтгэсэн урагшгүй албатуудын үйл лай ингэж гарч гэж санагддаг. Өнгөрсөн энэ үеийг эргэн ха­рахад ихэрхэн цээж дэлдэх, хоосон намирч хий дарцаглах хоёрын эцсийн дүн ижил бо­лолтой.
 
Сингапур улсын ДНБ 1965 онд 3 тэрбум сингапур доллар байсан бол 1967 онд 46 тэрбумд хүрч Дэл­хийн банкнаас гаргасан судал­гаагаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд VIII байранд оров. Энэ бол байгалийн баялаг байтугай ундны ус ч үгүй,  640 км2 нутагтай, хоёр их гүрний дунд хавчуулагдсан, тухайн үедээ 1 сая шахам хүн амтай бяцхан орны хүрсэн амжилт.
 
Одоо бол хөлгүй далайн уснаас газар булаан барьсаар нутгаа тэлж, хүн ам нь 5 сая болж, аянчин гийчин сая саяараа буудаг, хөгжил дэвшлээрээ арлын диваажин боллоо хэмээн ам­тай болгон шагширч, мөнгөтэй болгон зүтгэдэг нутаг орон болоод байгаа. Ардчилал гэ­дэг хүн ардын амьдралаас тусдаа, “самбарын гоёо” байх учиргүй.
 
Наваан-Юндэнгийн Оюундарь